С.Ганбаатар: Надад яамны сайд болохыг санал болгосон. Би ямар ч яаманд очихгүй, ямар ч сайд болохгүй гэдгээ илэрхийлсэн
Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг ерөнхий сайдаас шаардаж УИХ-ын 24 гишүүн гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сангийн сайд асан С.Баярцогтыг мэтгэлцэе гэж “дуэль”-д дуудаад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын сонирхолтой яриаг уншина уу.
- Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй гэж УИХ-ын гишүүд өмнө олон удаа шаардлага хүргүүлж байсан. Энэ удаа ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ?
- Найдаж болно. Хорин дөрвөн гишүүн өргөн барьчихаад байгаа болохоор үр дүн гарна. Оюутолгойн гэрээнд өөрчлөх шаардлагатай маш олон техникийн асуудлууд байгаа. Тэгэхээр гишүүн гэдэг бол хүсвэл Оюутолгойн төлөө ерөнхий сайд олигтой үр дүн гаргахгүй. Гацаах оролдлого хийвэл Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний хүч аль хэдийн хуримтлагдсан. Бид бол улс төрийн хариуцлага тооцох хэмжээний болчихсон. Тооцуулахгүй байя гэвэл энэ гэрээнд дахин дүн шинжилгээ өгч, гэрээний талаар нэгдсэн ойлголттой болж, түүнээс улбаалж гэрээнд өөрчлөлт оруулах ажлыг яаралтай хийх хэрэгтэй.
- Таны харж байгаагаар хамгийн түрүүнд өөрчлөх шаардлагатай ямар заалт энэ гэрээнд байна вэ?
- Би өөрөө 27 заалттай захидлыг явуулж байсан. Тэмцэл маань бүр 2005 оноос эхэлсэн. Эндээс эргээд харахад хамгийн гол заалт гэвэл Монголын тал энэ гэрээний нэг хүчтэй тал ётой юм. Бид өнөөдөр газрын доор байгаа баялагаараа хөрөнгө оруулалт хийж байна. Тэд дээрээс нь ухах машин техник, мэргэжилтнүүдээр хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид бол хамтрагч. Энэ утгаараа Монголын талын статус ижил тэгш байх ёстой. Гэрээнд өөрчлөлт оруулах эсвэл гэрээнд маргаан үүссэн тохиолдолд бид гомдол гаргах эрхээ баталгаажуулж авах ёстой. Өнөөдөр ямар ч асуудал ярьсан ТУЗ-ын есөн гишүүний гурав нь л монгол учраас цаагуураа шийдчихэж байна. Бид 34 хувийг нь эзэмшиж байгаа гэсэн нэртэй боловч Монголын гуравтай, гуравгүйгээр тэр гадны зургаан хүн шийдвэрээ гаргаад явна. Тиймээс гол шийдвэр гаргахад ядаж дөрвөн Монгол хүн байх ёстой гэдгийг тогтоож өгөх ёстой. Эхний алхам энэ. Дараагийн алхам бол татвар, ашгийн гээд олон асуудал байгаа.
-Та С.Баярцогт гишүүнийг дуэльд дуудсан. Хамгийн түрүүнд ямар асуултанд хариулт авахыг хүсч байна вэ?
- Энэ гэрээг байгуулахад хөндлөнгийн бие даасан мэргэжлийн зөвлөгөө өгсөн хүмүүсээ ил болгооч ээ.
- Яагаад?
- Яагаад гэвэл С.Баярцогт энэ гэрээний талаар юу ч мэдэхгүй учраас. Энэ гэрээний талаар мэдэх туршлага түүнд байхгүй. Урд нь уул уурхайн болон гэрээний чиглэлээр мэргэжил эзэмшээгүй. Урд нь ийм гэрээн дээр энэ хүн ажиллаж байгаагүй. Монголын ирээдүйн зуун зуун жилийн хувь заяанд нөлөөлөх гэрээн дээр бид юу ч мэдэхгүй хүнээр гарын үсэг зуруулаад, эрхийг нь өгнө гэдэг буруу байсан. Тэр хүнд эрх өгсөн байж болно. Тэр хүн энэ гэрээний талаар хамгийн туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах ёстой. Тэгэхээр хэнээс зөвлөгөө авсан бэ гэдгийг мэдмээр байна. Яагаад энэ хүнд ийм муу зөвлөгөө өгсөн юм бэ? Тэр хүнээ гаргаж ир. Ямар ч хүн байхгүй тохиолдолд С.Баярцогт маш аюултай, ноцтой зүйл хийсэн байна гэсэн үг.
-Та УИХ-ын гишүүн болоод чуулганд хэд хэд сууж, ажил албыг нь мэддэг боллоо. УИХ-ын гишүүдийн хэн нэгэнд хэлмээр үг байна уу, зөвлөгөө ч гэх юм уу?
- Миний хувьд тодорхой нэг гишүүнд очоод хэлье гэвэл С.Баярцогтод хэлнэ. С.Баярцогт оо, ойрын үед хоёулаа олон түмний өмнө би буруу яриад байна уу, чи буруу бодоод байна уу гэдгээ ил тод болгоё оо. Би хувь хүний чинь талаар юу ч бодоогүй шүү. Чи монгол хүн. Чи бас л бидний нэг. Бид сайхан эх оронтой монгол хүмүүс. Миний дуэльд дуудаж байгаа явдлыг ард түмнийхээ төлөө сайн үйл хийх гэж байгаа гэдэг нүдээр хараарай. Хувь хүний өнцөгөөс битгий хараарай. Энэ талаар нээлттэй ярья. Чамайг санаатайгаар алдаагүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ чи алдсан. Гэхдээ санаатайгаар ийм муу зүйл хийгээгүй гэдэгт итгэлтэй байгаа. Тэрийгээ ил тод болгоод харин гэрээгээ улам сайжруулах тал дээр хэдүүлээ хамтарч ажиллая аа. Би сайхан юм бодож, түүнийхээ төлөө зүтгэж байгаа. Би хэн нэгнийг хувь хүн талаас нь буруутгаагүй гэдгээ хэлье. Хоёрт, Ерөнхий сайд үнэхээр дорвитой ажлууд хиймээр байна. Ерөнхий сайдтай би энэ жил нэлээн томоохон асуудал дээр зөвшилцөж, ойлголцож, ард түмний тэтгэвэр тэтгэмж, цалин, ажлын байр, үйлдвэрлэлийн тал дээр томоохон ажил хиймээр байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ойрын үед хэлэлцээрт орох шаардлага байгаа гэдгийг бас хэлмээр байна. Ийм хоёр хүнтэй ярья. Өөр хүмүүстэй ярих зүйл алга даа.
- Та өмнө УИХ-ын гаднаас л шаардлага хүргүүлж жагсдаг байсан. УИХ-ын гадна байхаас халуун тогоонд нь байх хэр ялгаатай байна вэ?
- Би эрч хүчийг мэдэрч байна. Би арай эрт УИХ-ын гишүүн болохгүй яав даа гэж бодож байна. Энд үнэхээр ард түмний төлөө юм хийе гэж бодож байгаа бол асар их боломж байна гэдгийг мэдэрч байна. Жишээ нь Оюутолгойн асуудал дээр миний санаачлага, миний хэлж байгаа үг ямар хүчтэй байгааг харж байгаа биз дээ. Өнөөдөр хүүхдийн хоолны мөнгийг нэмэх, цэцэрлэгийн асуудлыг би ярьж байгаа. Одоо цаашид тэтгэвэр тэтгэмж, ажлын байрны талаар маш олон зүйл хийнэ. Өнөөдөр би энэ УИХ-ын гишүүн гэдэг өндөр, дээд хэмжээний статус, боломжийг түмний төлөө дээд хэмжээгээр ашиглана. Би гадаа олон хоног жагсаж өөрийгөө зовоож байснаас илүү үр дүнтэй хүмүүсийн төлөө тэмцэх боломж гэдгийг улам их ойлгож байна.
- УИХ дотор намуудын фракц их хүчтэй, нөлөөтэй байдаг. Зарим нэг бие даагч гишүүд хэчнээн зүтгээд ганцаараа санаачилсан зүйл явахгүй юм байна гэх үгийг унагаж байсан. Харин таны хувьд?
- Олон фракц болж задрах тусмаа надад ашигтай. Тэдний дунд Монголын эрх ашгийн төлөө хүчтэй шийдвэр гаргахад надад л хялбар байх болно.
- Засгийн газрыг анх байгуулж байхад бие даагч гишүүдийн аль нэг нь сайд болох байх гэсэн хүлээлт үүссэн байсан шүү дээ. Хэрэв боломж олдон бол аль яамны сайд болох байв?
-Надад яамны сайд болохыг санал болгсон. Би нээлттэйгээр ямар ч яаманд очихгүй, ямар ч сайд болохгүй гэдгээ илэрхийлсэн. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн гэдэг бол Монгол улсын төлөө шийдвэр гаргах дээд байгууллага. Сайд гэдэг бол хэрэгжүүлэгч байгууллагын хүн. Би сургуулийн захирал баймаар байна. Түүнээс биш сайн дураараа хичээлийн эрхлэгч болмооргүй байна. Би УИХ-ын гишүүн гэдэг ажлыг чек, мөнгөнд гарын үсэг зурдаг ажлаар солимооргүй байна. Сайд болж байгаа УИХ-ын гишүүд бол сайн дураараа УИХ-ын гишүүний ажлаасаа татгалзаж байна гэсэн үг. Сайн дураараа хичээлийн эрхлэгч болж байна гэсэн үг. Надад тэдэнтэй хариуцлага тооцох эрх нь байгаа гэсэн үг. Өнөөдрийн Засгийн газрыг УИХ-ын бага хурлын гишүүд гэж би хэлмээр байна. Сайд нар УИХ-ын бага хурал болчихлоо шүү дээ, цаана чинь. Би бол УИХ-ын гишүүн хэвээрээ байна.
- УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын Төрийн ордонд зодолдсныг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Таны хувьд ямар байр суурьтай байна?
- Г.Баярсайхан бултаад яг элгэнд нь хийх ёстой байсан юмыг л хийж чадсангүй. Маш арчаагүй ажиллаа л гэж хэлмээр байна.
- Энэ чинь УИХ-ын гишүүний ёс зүйн талаар ярих асуудал биш үү?
- Хэрвээ зодоон хийсэн бол хийсэн шиг хийх ёстой. Хоёрын хооронд ингэж худлаа жүжиглэж болохгүй. Хийе гэвэл эр хүмүүс шиг л хийх ёстой. Тэр хүмүүс өөрийнхөө сэтгэлийг барьж чадахгүй, уур бухимдал, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй хэмжээнд байна гэдэг бол тэр улс төрд бэлтгэгдээгүй байна гэсэн үг. Гэхдээ хүмүүсийн зодоон цохион, ялангуяа унасан хүмүүсийг би дэвсмээргүй байна. Тэр хоёрын талаар дүгнэлт хиймээргүй байна. Би бол хүмүүсийг орлоготой, ажилтай, эрүүл байлгахын төлөө улс төр хийдэг хүн.
- Шинэ Засгийн газар байгуулагдаад олон төрийн албан хаагчид ажлаасаа халагдаж байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
- Олон олон төрийн албан хаагч нар өнөөдөр хоморголон халагдаж байна гэж ярьж байгаа. Та нарыг хамгаалах газар байна шүү дээ. МҮЭХ-нд ханд. Бид тэдний төлөө ажиллаад эхэлчихсэн. Гэхдээ төрийн зарим албан хаагчид зөвхөн улс төрчдөөр тэтгүүлж, улс төрийн зарим нэг бүлэглэлд найдаж яваа. Хэн нэгэн хүнд найдаж биш, төрд найдаж байна. Тэрнийх нь гор энд гарч байна шүү дээ. Тэд аль эртний үйлдэрчний эвлэлээ байгуулаад МҮЭХ-нд ойрхон ажилласан бол би тэдэнд туслах байсан. Туслах ч ёстой. Цаашид хэн нэгэн лоббичин улс төрчийн хүн байж явахын оронд төрдөө итгэх нь маш чухал шүү гэдгийг хэлмээр байна.
-Заавал Үйлдвэрчний эвлэл байгуулж байж танайд хандана гэсэн үг үү?
- Тийм биш. Үйлдвэрчийн эвлэл байгуулаагүй байсан ч бидэнд ханд. Бид та нарыг өмгөөлнө, бид та нарын төлөө тэмцэнэ. Одоо ч тэмцэж байна.
-Тэгвэл яг ямар арга хэмжээ авч байна?
-Хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх төвүүд байгаа. Мөн ийм асуудлаар хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны шугамаар ажиллаж байна. Ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж яваад дийлэхгүй байгаа бол МҮЭХ шүүхэд тэдний өмнөөс нэхэмжлэл гаргаж, өмгөөлж хамгаалж байгаа. Өөрөөр хэлбэл хуульч, өмгөөлөгчдийн баг ажиллаж байна.
- Шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш ажлаасаа үндэслэлгүй халагдлаа гэж гомдол гаргасан хүн хэр байна вэ?
-Одоогоор нэлээн олон хүн байна. Энэ талаар Ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Алтанцэцэг болон бусад хүмүүс маш идэвхитэй ажиллаж байна.
- Таныг УИХ-ын гишүүн болсон тул МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөх ёстой гэсэн яриа гарч байна? Танд энэ ажлаа өгөх бодол байгаа юу?
- Энэ ажлыг авахыг хүсч байгаа хүн байвал хамгийн түрүүнд надтай ирж уулз гэж хэлмээр байна. МҮЭХ-ны гишүүд ажлаа өгөөч ээ гэсэн тохиолдолд л өгнө. Тэд МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах олигтой хүн С.Ганбаатараас өөр одоохондоо алга байна гэсэн тохиолдолд би ерөнхий сайдын суудлаар ч солихгүй. Өнөөдрийг хүртэл би түмний төлөө зүтгэж байна. Зөв сэтгэлтэй байвал муулуулж, гүтгүүлж ялагдаж байсан ч цаад утгаараа ялдаг юм байна гэдгийг би өнөөдөр ойлгож байна. Олон олон сайхан сэтгэлтэй жирийн хүмүүсийн итгэл, найдвар, олон залуучуудын даган дуурайх хүн нь байхыг хичээдэг. Энэ бүхэнд шударга сэтгүүлчид тусалж, өдий дайтай явж байгаа шүү. Ойрын үед хийх ажлууд маань тодорч байна. Өнөөдөр хүний төлөө юм хийе гэсэн хүн болгон УИХ-ын гишүүн болохын төлөө зүтгэх ёстой юм байна гэдгийг би ойлгож байна.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр /24tsag.mn/
URL: