“Казино” Д.Энхбаатарыг тагнуулын даргад томилох гэнэ

Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын даргаар бригадын генерал Д.Энхбаатарыг томилно хэмээн яригдаж байв. Гэвч генерал Д.Энхбаатарын албан тушаалын томилгоо дахин өөрчлөгдсөн сурагтай.

Эх сурвалжийн мэдээлс­нээр Цэргийн таг­нуулын газрын дарга “казино” хочит Д.Энхбаатарыг ЗХЖШ-ын даргын томилгооноос эргүүлэн татаж, Тагнуулын Ерөнхий газрын даргад зүтгүүлэхээр болжээ.

Түүний хувьд цэргийн тагнуулч мэргэжил эзэм-шиж, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газарт олон жил ажилласан туршлагатай нэгэн. Иймээс генерал Д.Энхбаатарыг Тагнуулын Ерөнхий газрын дарга болгох нь илүү тохиромжтой хэмээн үзсэн бололтой.

Гэхдээ Д.Энхбаатарын эзэмшсэн мэргэжлийн хувьд ЗХЖШ, ТЕГ-ын алинд ч очсон болохгүй гэх газаргүй.

Харин ЗХЖШ-ын даргад ярьж байсан хүнээ чухам яагаад ТЕГ руу зүтгүүлэх болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Тэгвэл тагнуул, жанжин штаб гээд аль дуртай газарт нь даргын суудалд залах гээд байгаа бригадын генерал “казино” Д.Энхбаатар гэж хэн юм бэ.

Дорнод аймгаас гаралтай бригадын генерал Д.Энхбаатарын үндсэн мэргэжил нь сэтгүүлч. Тэрбээр 1980-аад онд Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж ирээд цэргийн албанд татагджээ. Д.Энхбаатар гадаад хэлний мэдлэгтэй байсан тул ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газарт орчуулагчаар ажиллаж байсан гэнэ.

Улмаар сэтгүүлчийн үндсэн мэргэжлээсээ хазайж, Цэргийн тагнуулын газарт ахмад цолонд хүртлээ алба хашиж, мэргэжлийн цэргийн тагнуулч болжээ.

Энэ үед Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэж, 1990 онтой золгов. Сэтгүүлч хэмээх үндсэн мэргэжилдээ хөтлөгдөн, “шинэ салхи”-ийг сониучирхаж явсан Д.Энхбаатар ардчиллын партизануудтай нэгдэж, нэг л мэдэх нь ээ УИХ, Улсын бага хурлын гишүүн болтлоо өндөр авсан байна.

Гэвч цаг цагаараа байдаггүйн жамаар Д.Энхбаатар хэдэн гишүүний хамт Казиногийн тухай хууль санаачилж, эцэстээ түүндээ ороогдон, аавын хаалга татсан. Удалгүй УИХ-ын гишүүн байсан эрхмүүд зангаргаа харуулан суллагдаж, Д.Энхбаатар цэргийн салбартаа эргэж очсон билээ. Суллагдсаныхаа дараа БХЯ-ны “Транс сэргэлт” компанийн захирлаар ажиллаж байгаад ганцхан жилийн дотор хурандаа цолонд хүрсэн гэдэг.

Ингээд ЗХЖШ-ын хяналт шалгалт, Үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Энхбаатар өнгөрсөн оны гуравдугаар сард бригадын генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг андынхаа гараас хүртсэн билээ. Энэ мэтээр ардчиллын хууччуул өөрсдийн хүссэн газрынхаа даргын суудалд тухалж эхэллээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих