Ичихэд яана аа

Монгол Улсын Сангийн сайд тун ширүүн, ихэд том дуугарчээ, өчигдөр. Ч.Улаан сайд зоригтой юм аа, түүнд талархаж байна. Гэхдээ түүний энэ зоригтой, том дуугаралт нэг л биш шүү. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 15 хувьд хүргэхээр тусгасан. Атал нөгөөх нь 12.5-13.5 хувийн хооронд хэлбэлзэж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 13.6 их наяд болохоор байгааг мэргэжлийнхэн ажиглажээ. Төсөв батлагдах үед тооцож байсан хэмжээнээсээ буурч, бүүр таван хувийн алдагдалд орохоор байгаа гэнэ. Гэтэл энэхүү алдагдлынхаа “золиос”-ыг ард түмнээ болгохоор шийдээ юу, аль эсвэл…

Монгол Улсын төсөв гэдэг мөрөөдлийн жагсаалт биш учраас аль нэг намын сонгуулийн амлалт, нөлөөнд автах ёсгүй гэдгийг тэрбээр хатуухан хэлээд, мэдээж хэрэг, амьдралд хүсэл хясал хоёр хосолж байдаг. Боломж, мөрөөдөл хоёр ч зөрдөг. Байгаа боломжиндоо тааруулан тулгарсан асуудлаа яаж шийдэх вэ гэдэг дээр төр барьж буй эрхмүүд ур ухаанаа уралдуулж байгааг дуулгав. Гэхдээ л миний, чиний, хүний, өөрийн аль ч нам байлаа гэсэн төрийн эрхэнд гарч ирэхийн тулд амласан амлалтыг дараагийн гарч ирсэн нөхдүүд нь биелүүлэх учиргүй гэж үү.

Эсвээс өнгөрсний үргэлжлэл нь дараагийн шинээр гарч ирсэн Засгийн газар байж болдоггүй юм уу. Өнгөрснөө үргэлжлүүлэхээр тэднийг дэмжсэн болох гээд байдаг юм уу бүү мэд ээ.

Улсын төсвийн орлогын дөрөвний нэг орж ирэхгүй болсон учраас амьдрал дээр яаж үйл ажиллагаа, хөгжил дэвшлийнхээ зорилтыг багтаах вэ гэдэг үүднээс төсөвт хандаж бэлэн мөнгө тараагаад үр дүнгээ өгөхгүй гэдэг нь батлагдсан учраас та бүхэнд нэг сая төгрөгийг чинь өгч чадахгүй ээ, битгий горьд гэнэ. Залуучууд яах вэ, Тунгалаг Тамир”-ын Хонгорын “Ишиг шиг майлахгүй, хурга шиг чимээгүй босоод л явчихна” гэдэг шиг чимээгүй байж чадна. Харин энэ төрд хийдгээ хийж, үнэлүүлдгээ үнэлүүлчихсэн ахмадууд яах вэ. Тэдний олонх нь нэг сая төгрөгөө авахгүй хувьцаагаа авна гээд баримтаа бүрдүүлээд өгсөн гэдгийг төрийн санг атгаж суугаа сайд эрхбиш бодоосой билээ.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааныхаа оронд нэг сая төгрөгийг бэлнээр нь авъя аа гэсэн саналаа албан ёсоор өгсөн 1.5 сая иргэн бий ч иргэдийн хувьцааг худалдан авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс нийт 20 гаруй тэрбум төгрөг цуглажээ. Тэгэхээр Сангийн сайд яаж ч бодсон 1.5 их наяд төгрөг цуглахгүй гэж үзэж байгаа бололтой юм. Ингэхэд иргэдийнхээ саналаар энэ төр зүгээр л тоглож байна бус уу. Уг нь, төр иргэнээрээ тоглоно гэж хэзээ ч баймгүй юм. Ичихэд яана аа.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих