Э.Бат-Үүл : Коммунизмийн багш Ленин бол миний багш Битлз юм
Энэ жил Английн Ливерпүүлийн алдарт дөрвөл болох Битлз хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа юм.
50 жилийн ойн хүрээнд “Beatles Fan Club”-ийн гишүүд ярилцан Монголдоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Bootleg Beatles” хамтлагийнханыг урьж, Нийслэл хотынхонд үнэ төлбөргүй жинхэнэ амьд тоглолтыг толилуулахаар шийдээд байгаа билээ. “Bootleg Beatles хамтлагын тоглолт өнөөдөр Сүхбаатарын талбайд болох юм. Тус хамтлагийг гишүүд өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс та бүхэнд би баярлалаа гэж хэлмээр байна. Би бол Битлз хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч. 1960-1980-аад оны үед буюу хаалттай нийгмийн үед би Битлзийн дууг нууцаар сонсдог байлаа. Тухайн үед энэ хамтлагын дууг сонсохыг хориглосон байсан бөгөөд хөрөнгөтний дуу гэж бидэнд ухуулдаг байсан юм. Үнэндээ “Битлз”-ийн дуу бол хөрөнгөтөн нийгмийн суртал ухуулга огтоос байгаагүй харин хайр сэтгэл, хүний амьдралыг л магтан дуулдаг байсныг би хожим нь мэдсэн. Би Битлзийн дуунаас эрх чөлөө гэдгийг ухаарсан. Битлзийн дууг нууцаар сонсдог жаахан хүүхэд байхдаа том болоод комунист нийгмийн эсрэг тэмцэж, эрх чөлөөтэй хүн болно гэдэг зорилгыг өөртөө тавьж байлаа. Тэр үеийн хаагдмал нийгэмд “Битлз” гэдэг бол зүгээр нэг хамтлаг биш бидний хувьд ардчилал, эрх чөлөөний билэг тэмдэг байсан гэдгийг онцлон хэлсэн.
Bootleg Beatles хамтлагийн ахлагч: Битлз хамтлагийг үүнээс илүүгээр хэрхэн магтах билээ. Танд маш их баярлаж байна. Битлз хамтлаг Монголчуудад үнэхээр үзэл санааны том хувьсгалыг авчирч чадсанд гайхаж бас баярлаж байна гэлээ.
Харин хотын дарга: Коммунистийн багш Ленин бол миний багш Битлз юм хэмээн хошигнон хэлээд, Ази тивд Битлзийн хөшөөтэй ганцхан улс байдаг нь манайх юм. Улаанбаатарын унаган иргэдийн нутагт сүндэрлүүлсэн “Битлз”-ийн хөшөөг босгоход би багагүй хувь нэмэр оруулсан. Цаашид энэ хөшөөг улам илүү сайжруулах шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Та бүхний тоглолтонд амжилт хүсье гэв.
URL: