“Ариун сүм”-д аймаар явдал их болдог

Олноо нэршиж заншсанаар нийслэлийн төв талбайд дүнсийх цагаан байшинг Төрийн ордон хэмээдэг. Өмнө нь саарал ордон ч гэгддэг байлаа. Харин сүүлийн үед “Ариун сүм” гэдэг болох нь илэрсэн. Илрэх ч юу байхав. Эрхэм гишүүд нанчилдаад эцэст нь нэг нь шанаадуулж, шалны алчуур болсондоо гоморхсондоо болоод эл нууцлаг бас нандин нэрийг олон нийтэд ил зарлаж орхисон хэрэг. Чухам тэр үеэс л улстөрчид Төрийн ордонг хэчнээн гоёор нэрлэдэг болох нь илэрсэн юм. Тэр хэрээр тийшээ тэмүүлж байдгаа баран сонгуульд өрсөлдөхөөр үхэн хатан зүтгэдэг эрхмүүдийг ч буруутгах булай үзэл нам дарагдсан. Үнэндээ ариун сүмд ажиллаж, тухлахыг хүсэхгүй хүн гэж хаа байхав. Гэхдээ сүм гэдэг ойлголт уг шаргал байшинд хэр нийцсэн нэршил болохыг бодоод байхаар тийм ч оновчтой биш юм шиг санагдаад байгаа юм.

Өөд уруугүй үгүйсгэдэг тэрс үзэлтэй хүн би биш л дээ. Гэхдээ л… Төрийн ордон ариун сүм байж таарах уу гэх бодол эргэлдээд салахгүй нь. Хэрвээ ариун сүм юм бол тэр ариун сүмд ариун бус явдал орчин цагийн багачуудын ярьдагчлан аймаар их гардаг байж яавч таарамгүй. Тийм биш гэж үү. Нанчилдаан бол наад захын хэрэг. Хэдийгээр өмнө нь нэг нь нөгөөгөө газар унатал шанаадсан түүх байхгүй ч тэрнээс дор хор нийслэлийн төв талбайд байрлах Төрийн ордонд л өрнөдөг. Монголчуудын хувьд эрдэнэсийн сан, ирээдүйн сайхан амьдралын эх булаг болох байсан Оюутолгойн орд газрын хувь заяаг хэлтийлгэсэн хор, төрийн хуулийг зассан завхрал, за тэгээд улс орны хувь заяанд сөргөөр нөлөөлөх бүхий л сөрөг муу асуудлууд чухам тэнд л буцалж, тэнд л хор хорз болтол найрагддаг. Аль ч өнцгөөс нь харсан ариун зүйл үзэгдэхгүй байгаа юм.

Мэдээж төрийн сүлдэндээ цайныхаа дээжийг өргөдөг монгол сэтгэлгээ бүрмөсөн устчихаагүй байгаа цагт эгэл зон нь эх орныхоо хувь заяаг төрийн түшмэдэд даатган дотроо сүсэглэдэг янзаараа л байгаа байх. Ард түмний сонголтоор төрийн түшээ болчихоод амин хувиа бодон ашиг орлогоо тооцоолон суудаг явдал нэгээр тогтохгүй. Нэлэнхүйдээ шуналтангуудын цуглуулга гэж хэлэхэд арай ч хэтийдэх байх гэж найдна. Энэ мэтчилэн бичээд байвал ихээ тос цаас хэрэг болох байх. Шаргал ордонд өрнөсөн ариун бус явдлын зах зухаас нь дурдвал эрдэс баялгийн эзэд билээ хэмээн хөөрөлхөгч монголчуудыг удирдан залагсад эх орныхоо баялгийг нэг л “хачин” аргаар үрэн таран хийгээд байгаа явдал. Тухайлбал, Тавантолгой. Дэлхийн хэмжээнд яригддаг том орд л доо.

Тэр ч утгаараа нийгмийн шилжилтийн давалгаанд үерийн усанд хаягдсан зомгол мэт шидэгдэж, учраа олохгүй Монгол түмэн Тавантолгойн хишиг буянд залбиран тамын тогооноос гарах нь хэмээн найдаж байсан нь үнэн. Гэвч зон олны залбирал найдлага талаар болж, аль ч өнцгөөс нь харсан Монгол Улсын Засгийн газрынхан / өмнөх хойдох гэж харгалдах хэрэггүй л болов уу/ улс төрийн тохиролцоо хийж байна гэж хардах үндэслэл хангалттай бий. Тавантолгой ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог монголчуудад ажлын хэсгийнхэн үзүүлээгүй. Чухлаас чухал тэрхүү тооцоог зөвхөн гурван их гүрний компаниуд дотроо хэлэлцээрээр шийдсэн. Шийдэл нь Хятадын тал 40 хувь, АНУ 24 хувь Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувийг эзэмших шийдэл. Тэгсэн атлаа Засгийн газрын хуралдаанаар ут тооцоог санал нэгтэйгээр алга ташин бараг л баяр ёслолын байдалтайгаар сайшаан дэмжсэнийг ард түмэн харсан.

Товчхондоо Тавантолгой ордод их гүрнүүд геополитикийн хэдэн хувийн давуу эрх эдлэх тухай улс төрийн хуваарилалтыг Засгийн газар хөхиүлэн дэмжсэн гэсэн үг. Тэгсэн мөртлөө энэхүү асар их баялгийн эдийн засгийн тооцоо буюу газрын доорх нүүрсний хэдэн хувийг хэн авах тухай мэдээллийг Монголын олон нийт огт мэдэхгүй. Эдийн засгийн тооцоог үзүүлээч хэмээн шаардахаа ч мэдэхгүй сууж байна. Тавантолгой шиг дэлхийн хэмжээний орд дээр эдийн засгийн ирээдүйн тооцоо туйлаас чухал гэдгийг захын тэнэг ч гадарлахаар атал энэ талаар таг байгаа нь үнэхээр “гамшиг” гэхээс өөр хэлэх үггүй болгочихсон. Чухам л бушуу туулай борвиндоо баастай хэлэлцээр хийлээ. 100 хувь монголчууд эзэмшинэ гэж хөөрөөд байсан Тавантолгой ийнхүү дашийн шогийн замаар ороод явчихсан.

Дараагийн нэг томоохон хор яах аргагүй 2008 оны долоодугаар сарын нэгний үйл явдалтай холбоотойгоор найрагдсан. Мэдээж өнөөх ариун сүм дотор шүү дээ. Эргэн сануулахад Монголын парламентын тав дахь удаагийн сонгууль буюу 2008 оны УИХ-ын сонгуульд нийт 356 хүн нэр дэвшсэн. Тодруулбал 11 нам, нэг эвслээс 311 нэр дэвшигч, 45 бие даагч өрсөлдсөн гэсэн үг. Сонгуулийн маргаашаас эхлээд л нэр дэвшигчид, төдийгүй сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл, улс төрийн хүчнүүд сонгуулийг будилаантай болсныг нэгэн дуугаар зарласан гэж болно. Төрийн тэргүүн хүртэл дуугүй суугаагүй. Тэр байтугай СЕХ-ныхон хүртэл өөрсдөө сонгуулийг будилаантай болсныг хүлээн зөвшөөрчихсөн.

Харин гадаадын ажиглагчид л 2008 оны сонгуулийг шударга, будилаангүй болж өнгөрсөн талаар дэлхий нийтэд цацсан санагдана. Монголчууд өөрсдөө сонгуулиа будилаантай болсныг хүлээн зөвшөөрчихөөд байхад гадаадынхан Монголын парламентын сонгууль будилаангүй боллоо гээд тэс хөндлөн зүйл дэлхий нийтэд цацаад байсныг юу гэж ойлгох нь таны хэрэг. Ямартай ч 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр тарьсан будилаан таван сайхан залуугийн амийг цаг бусаар авч одсон. Үр дүнд нь Монголын хоёр том хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч улс төрийн хүчнүүд нэгэн хөнжилд хэвтэж, Хамтарсан Засгийн газрыг байгуулж байсан билээ. Эв нэгдэл эх орноо бодсондоо намууд нэгдээгүй. Эвгүй булай хор найруулсан нь гадагшлах вий гэсэндээ хамтарсан хэрэг.

Харин 2012 оны сонгуулийн үр дүнд хамтрахгүйгээр хаяа хаяагаа түшин төвхнөх нөхцөлийг бүрдүүлж ард түмэн сонголтоо хийсэн ч өнөө хэр нь улс төрийн хүрээнийхэн хувь тавиландаа дасахгүй хөлөө жийлцсээр байгаа юм. Хэдийгээр дээр нанчилдах нь тийм ч сүртэй хэрэг биш гэж бичсэн ч хэтэрхий олон жил дарагдсан хор ихэсч сагаад дэлбэрэх гэж байгаагийн эхний шинж тэмдэг нь тэр гээд хэлчихэд болохгүй юм байхгүй. Ингээд бодоод байсан чинь… Улстөр ариун цагаан явдалтай бас өрнөлтэй гэж ер дуулаагүй юм байна. Харин хатуу ширүүн хайр найргүй тулаан тэмцэл тэнд өрнөдөг тухай захын чавганц ч гадарлана. Хамаг болохгүй бүтэхгүй бүхний эхлэл тэнд л тавигддаг.

Мэдээж энэ нь байшингийн нөлөө эсвэл буруу бас биш. Тэгэхээр ариун сүмд айхтар ороолонгууд бүгчихсэн гэж ойлгогдоод байгаа юм. Гэгээн дагшин газар гэмт мууг хийгчид бүгээд байх нь зохисгүй. Тиймээс тэднийг Төрийн ордон болох ариун сүмээс үлдэн хөөж, гэгээн санваартнуудыг авчран ариутгах ном хуруулбал ямар вэ?

З.Урсгал

”Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих