Дундговийн наадмын бөхийн цолыг хүчингүй болгов
Монголын үндэсний бөхийн холбооны удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралджээ. Удирдах зөвлөл долдугаар сарын 30-нд зохиогдсон Дундговь аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрч шинээр цол хүртсэн бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцсон байна.
Учир нь үндэсний бөхийн дүрэм болон баяр наадмын тухай хуульд заасан оноолт эрэмбийг ноцтой зөрчсөний дээр их шөвөгт 16 биш 17 бөх үлдээжээ. Тухайлбал зургаагийн даваанд тав давж шинээр аймгийн начин цол хүртсэн сумын заан Банзрагчийг барилдуулалгүй хасч түүний оронд унасан бөхийг барилдуулжээ.
Тус наадамд улсын алдар цолтой бөхчүүд ил тод найраа хийсэн явдалд бухимдсан үзэгчид болон бөхчүүд Үндэсний бөхийн холбоонд гомдол гаргасан байна. Энэ дагуу Үндэсний бөхийн холбоо ийм шийдвэр гаргаж, хуучин эрэмбээр нь барилдуулах болжээ.
Дашрамд дурдахад улсын заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ч.Баянмөнх, С.Жаргалсайхан нарын бөхчүүд илт булхайтай барилдсан аж. Булхай луйврыг эсэргүүцсэн улсын харцага Т.Мөнгөнцоож барилдааныг орхин явсан талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан билээ.
Д.Жавхлан
”Зууны мэдээ”
URL: