“Ногоон нуур”-ыг эзлэх хятадуудын довтолгоон эхэлжээ

Төрөөс гэр хорооллуудыг барилгажуулж, томоохон орон сууцны хорооллуудыг барих шийдвэр гарснаас хойш байртай болох иргэдийн дотор “гэрэл” ассан гэхэд болно. Тэр дундаа “Дөлгөөн нуур” төвийн хойгуур, “Ногоон нуур” орчмоор баригдах орон сууцны долдугаар хорооллын ажил эхлээд үндсэндээ хоёр жилийн нүүрийг үзэх нь. Бүхэл бүтэн хороолол барихын тулд эхлээд айлуудыг нүүлгэнэ, төв шугамынхаа асуудлыг шийднэ, зам тавина, барилга барина гээд цогц ажил хийх хэрэгтэй.

Тиймээс аль хоёр жилийн өмнөөс айлуудаа нүүлгэж эхэлсэн нь тэр. 2011 оны хавраас эрчимжиж эхэлсэн айл нүүлгэх ажлын хажуугаар газраа чөлөөлсөн иргэдийг суулгах түр орон сууцыг хүртэл барьж байлаа. Тэр нь жил тойрны дараа ашиглалтад орж, хэдэн айл орсон байх. Харин долдугаар хорооллын барилгын ажил хэзээ эхлэх, иргэдийг түргэн шуурхай нүүлгэх ажил юу болж байгаа нь бүрхэг хэвээрээ байсаар өдийг хүрэв. Албаны хүмүүсээс асуухаар ажил урагштай байгаа гэх. Харин газар дээрээ нүүсэн айл нь  цөөн, барьсан барилга байхгүй, тавьсан шугам үгүй байв. Тэр ч битгий хэл өнгөрсөн хавар “Ногоон нуур” орчимд орон сууц босч, засмал зам тавигдах нь бүү хэл, хур хогийн цэг үүсч, өмхий ханхалж байсан билээ. Хотоос дорвитой арга хэмжээ авч, цэвэрлэнэ гэж байсан. Тиймээс нийслэлийнхэн тэр хавийн хогийг цэвэрлэж,  цэвэр, бохирын шугам тавих ажил эхэлсэн эсэхийг эргэн сурвалжилсан юм.

Барилгын ажил эхэлжээ, гэхдээ…

Хамгийн олон айл нүүгээд байгаа хэсэг бол СУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны хойгуурх гэр хороолол. Өнгөрсөн хавар нэг гудамжны айлуудын тал нь нүүгээд, төмөр сараалжин хашаагаар хашчихсан байсан. Мөн тусад нь цэнхэр төмөр хашаагаар хашсан хэсэгт Хятадын хөрөнгө оруулалттай компани барилга барих техникээ авч ирж байсан юм. Тэгвэл өчигдөр очиход тэр гудамжны айл бараг тэр чигтээ нүүчихжээ. Ажил гайгүй ахисан гэж дүгнэж болохоор байна гэсэн үг. Гэхдээ хуучин байсан төмөр сараалжин хашааны дотуур цэнхэр хашаа татчихсан байна. Өнгөрсөн хавар л гурван айлын газар эзэлж байсан өнөөх компани өдгөө 10 гаруй айлын газар өмчилчихөж. Авахаас тэр хавийн хур хогийг цэвэрлэсэн харагдсан. Манай сурвалжлах хэсэг явсаар хашаанд ороход олон Хятад ажилчин шулганалдаж, арматурын төмөр зөөж байгаа харагдав. Том хашаан дотор дөрвөн нүх ухсан байсан. Тэгэхээр дөрвөн ширхэг 12 давхар барилга баригдах нь тодорхой. Өнөө маргаашгүй сууриа цутгах гэж байгаа бололтой ухсан нүхээ цэвэрлэж, бэлтгэж байсан юм.  Хашааны зүүн захад цөөн хэдэн монгол хүн байхыг харж, очиж уулзлаа. Талбайн инженер байгаа эсэхийг асуухад Хятад хүн л бий гэв. Тэдний хэлж буйгаар барилгын талбайд нэг ч монгол хүн байхгүй аж. Мэргэжлийн хяналтынхан зэрэг бас бус албаны хүмүүс хааяа ирж байгааг эс тооцвол шүү дээ. Талбайн инженер нь Хятад хүн учраас хэл нэвтрэх боломжгүй, ямар компани, ямар учиртай барилга барьж байгааг нарийн мэдсэнгүй. Харин бидний уулзсан монгол хүмүүс цэвэр, бохирын шугам тавьж байгаа ажилчид аж. Тэдний хэлснээр тухайн компани Хятадын хөрөнгө оруулалттай аж. Уг нь долдугаар хорооллын хүрээнд барилга барьж байгаа ч Монголын талаас оролцож байгаа зүйл байхгүй юм байна. Чухам ямар нэртэй компани болохыг нь сайн мэдэхгүй гэсэн. Тэд өөрсдөө мөнгөө гаргаж айлуудыг нүүлгэж, газраа худалдаж аваад, бүх хөрөнгө оруулалтаа хийж барилга барьж байгаа юм байна. Тэр ч утгаараа шугам тавьж байгаа залуустай ч хамтарч ажиллахгүй, багахан дээрэнгүй зан гаргаж, элдвээр хэлсэн тухай ч хэлж байлаа.  Ямар ч байсан долдугаар хороолол босох ёстой “Ногоон нуур”-т барилгын ажил эхэлж, техникийн дуу гарч байна. Гэхдээ Хятадын компани бүх хөрөнгө оруулалтыг нь хийж, барилга барьж байгаа болохоор манайханд ямар ч хамаагүй аж. Нэгэнт тэд барьж байгаа хойно, хэнд, ямар үнээр зарахаа ч бас өөрсдөө мэдэх байх. Ерөнхийдөө “Ногоон нуур”-ыг эзлэх    хятадуудын довтолгоон эхэлжээ гэж ойлгогдохоор байв.

“Ногоон нуур”-ын нэг ч айл төвийн шугамд холбогдохгүй

Цэвэр, бохирын шугам тавьж байгаа ажилчидтай уулзаж ярилцсаны дараа бүр нарийн мэдээлэл авахаар инженертэй нь уулзлаа. Буурал толгойтой ахимаг насны эр нэрээ хэлэхийг хүсээгүй юм. Түүнийхээ хариуд хангалттай мэдээлэл өглөө. Долдугаар хороололд зориулсан цэвэр, бохирын шугамыг Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэл замын ирмэгийн дагуу хийх аж. Харин хорооллын дундуур бол хэд хэдэн газраар Иргэний бүртгэлийн байрны орчим хүртэл татах ажээ. Түүнээс гадна Дөлгөөн нуурын замын зүүн талаас хойш нь ч гэсэн татах юм байна. Одоогоор ажил дөнгөж эхлээд явж байгаа бөгөөд Хятадын компанийн барилгын ажил зориулж ойролцоо нь шугам татаж байгаа тэр аж. Цэвэр, бохир усны шугамыг төмөр болон хаймар хоолойгоор хийж байгаа юм байна. Төмөр хоолой нь сайндаа 25 жил тэсдэг бол хаймар хоолой нь 100 жилийн настай гэнэ. Түүнээс гадна тэдний ажилд иргэд багагүй саад болж байгаа ажээ. Учир нь сонгуулийн өмнө Э.Бат-Үүл дарга гэр хорооллын айлуудыг төвийн шугамд холбох боломжтой хэмээн ярьсан. Тиймээс айлууд цэвэр, бохирын шугамд холбогдох учраас нүүхгүй хэмээн гүрийж байгаа гэнэ. Аль хэдийнэ мөнгөө авсан айлууд ч нүүхгүй төвөг удаж байгаа юм байна. Мөн газраа “Илүү их үнэ хүргэнэ, төвийн шугамд холбогдчихвол үнэ нь тэнгэрт хадна” гэж зад загнаад хавьтуулахгүй байгаа айлууд ч бий гэнэ. Хамгийн гол нь  тэр хавьд нэг ч гэр хорооллын айлыг төвийн шугамд холбох боломжгүй  аж. Учир нь бүр эхнээсээ л айлуудыг төвийн шугамд холбоно гэж тооцож, хөрөнгө мөнгийг нь төсөвлөх ёстой байсан гэнэ. Түүнээс гадна айл бүрийн хашааны харалдаа төв шугамыг цоолох хэрэг гарах аж. Дээрээс нь айлууд шугам, хоолойгоо арчилдаггүй, хөлдөөх нь их байдаг ажээ. Тиймээс илүү хөрөнгө гаргаж, халуугаар тавих шаардлагатай болдог байна. Энэ мэт цогц ажлыг эхнээс нь төлөвлөж хийж байж болох ёстой юм байх. Түүнийг иргэд ойлгохгүй, газраа чөлөөлөхгүй хүндрэл учруулж эхэлсэн бололтой. Энд нэг л үнэн юм байгаа нь, нэг ч айлын хашаа руу шугам орохгүй учраас илүү үнэд хүрэхгүй гэдэг нь тодорхой юм.

Иргэд газраа өндөр үнээр зарах сонирхолтой байна

Дээрх хүмүүстэй уулзсаны дараа ганц хоёр айлын хаалга тогшиж,  санаа бодлыг нь сонслоо. Ихэнх иргэд газраа өндөр үнээр зарах сонирхолтой байгаа юм байна. Нийслэлээс иргэдийн газрыг ам метрыг нь 100 мянган төгрөгөөр үнэлж байгаа. Энэ үнэлгээ хэтэрхий бага байгааг ч олон хүн хэлж байгаа юм. Ерөөс орон сууцгүй, малгүй иргэд хувчлалаар юу ч аваагүй.
Харин сүүлд төр засаг иргэдэд газар өмчлүүлэх болсноор багахан ч гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Гэтэл түүнийг нь төр хэтэрхий багаар үнэлж авах гээд байгаа нь хүмүүсийн дургүйцлийг хүргэж байгаа бололтой юм. Өнөөгийн нийгэмд орон сууцны үнэ тэнгэрт гарчихсан, ам метр нь багадаа 1.5 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Тийм байтал иргэдийн газар ийм багаар үнэлэгдэх ёсгүй гэдгийг ч хэлэх хүн байсан юм. Ямартай ч иргэд газраа үнэ хүргэж зарах сонирхолтой байгаа ч нийслэл тэр хүслийг нь ойшоохгүй байгаа юм байна. Энэ зуур хувийн болон гадны компаниуд өндөр үнэ амалж, иргэдээс газрыг нь худалдаж авч байгаа  тухай ч “Ногоон нуур” хавийн оршин суугчид ярьж байна. Уг нь төр засаг хараа хяналтаа тавиад, хямд өртөгтэй сууцнууд босвол, дундаж амьдралтай иргэдэд хэрэгтэй байхсан. Гэхдээ энэ байдлаар долдугаар хороолол нэртэй хувийн компаниудын орон сууцны цуглуулга л босох бололтой, “Ногоон нуур”-т.

“Ногоон нуур”-т жишиг хороолол боссон бол хэрэгтэй байлаа

Сонгуулийн өмнөөс гэр хорооллыг төвийн шугамд холбох тухай яриа гарахтай зэрэгцээд УИХ-ын гишүүн асан З.Алтай
Баянзүрхийн хэсэг айлыг цэвэр, бохирын шугамд холбож, жишиг хороолол үүсгэхээр хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан энэ ажил Эрдэнэтолгой хавьд өрнөж байж. Гэтэл сонгуулиар З.Алтай унасан учир ажил нь зогсчээ. Уг нь бүх бэлтгэлийг хангаад, ажлыг нь эхлүүлчихсэн байсан аж. Харин сүүлд нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан Б.Төмөрчулуун уг ажлыг үргэлжлүүлэхээр болсон байна.
Тэгэхдээ цэвэр, бохирын шу­гамыг нь 200-гийн хоолойгоор хийх шаардлага тавьж.
Харин УСУГ-аас “Манайх сайндаа 160-ын даралттай ус өгнө. Илүү чадахгүй” гэж. Тэгэхээр нь эрхэм дарга Амгаланд жишиг хороолол байгуулахаар шийдэж, шинээр ажил эхлүүлсэн сурагтай.  Ингээд л хоёр тэрбум төгрөг салхинд хийссэн тухай учир мэдэх хүмүүс ярьж байна. Уг нь тэр хөрөнгийг “Ногоон нуур”-т
оруулаад, энд жишиг хороолол үүсгэсэн бол болох л байсан байх. Нэгэнт иргэдийн хашаанд цэвэр, бохирын шугам ороод ирвэл газар нь үнэтэй болно. Зарах дээрээ тулахад ч хоёр айл нэг нэг байр авчихаж болохоор
үнэ хүрэх байсан болов уу. Одоо бол иргэдэд тийм боломж алга. Тэгэхээр нийслэл хүчээр нүүлгэтэл, эсвэл иргэд нь ухамсараараа нүүтэл Долдугаар хорооллын ажил гацах бололтой. Эсвэл Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд хятад хороолол үүсгэж ч магадгүй.

Н.Пунцагболд

 

MMinfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих