Роберт Фрийдланд Монголоос дахиад нэг Оюутолгой олсноо зарлалаа
“Айвенхоу майнз” компаниас сайн ч гэмээр саар ч гэмээр шинэ мэдээ ирлээ. Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшиж байгаа тус компани Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн орд газраас гурван километрын зайд Улаанхад хэмээх газарт 23 километр үргэлжлэх алт, зэсийн асар баялаг нөөцтэй аварга орд нээснээ дэлхийд зарлалаа. Шинэ орд газрын хайгуулын лицензийг Ivanhoe, BHP гэсэн дэлхийн уул уурхайн хоёр акул эзэмшиж буй бөгөөд талууд 50, 50 хувийн эзэмшилтэй гэж мэдээлсэн байна. Үргэлжилсэн хайгуул хийх, ордын нөөцийн хэмжээг шинжлэн тогтооход даруй гурван жил шаардагдана гэж Роберт Фрийдланд хэлжээ. Тус орд газарт олборлолт хийхийн тулд тэр чигтээ далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэх шаардлагатай болох бөгөөд дээр хэлсэнчлэн Оюутолгойгоос хэд дахин том байх магадлалтай гэж дурьджээ. Тэгэхээр монголчууд бид дахиад нэг “том” оюутолгой буюу шинэ нэршил ёсоор Улаан хадын орд хэмээх шинэ баялагтайгаа мэдэж авлаа. Харамсалтай нь Монголын засгийн газар хийгээд одоогийн парламентыг тэр чигээр нь худалдаад авчихсан Фрийдланд энэ ордыг нээж, эзэн суугаад байгаа нь “аймшигтай”. Гэвч “Хорчин Боб” хочит Фрийдланд ноёнтон өөрийн компанийн хувьцааг өсгөх Пи Ар явуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
URL: