“Солонгосчууд морин спорт сур харвааг өөрийнх гэж ЮНЕСКО-д бүртгүүлэх гээд байна”

Энэ удаагийнхаа зочноор амьдралынхаа 30 гаруй жилийг морин дэл дээр өнгөрөөсөн, Монгол циркийн морьтны гайхамшиг үзүүлбэрээр дэлхийд Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа, Монгол циркийн морь сургагч Ш.Цогтхүүг урьлаа.

Тэрээр Монгол туургатны II дугаар наадмын Морин спорт сур харвааны тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн юм.

-Юуны өмнө танд Ордос хотод зохиосон олон улсын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Анх удаа оролцсон. Тэмцээнд явахдаа ямар байнд, ямар зайнд харвахаа мэдэхгүй байсаар очсон. Зохион байгуулалт нь тааруухан болсон гэж дүгнэж байна.

-Та энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Энэ спортоор хичээллэхээс өмнө циркийн урлагаар тогтмол хичээллэдэг байсан. Харин сүүлийн долоон жил гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцож энэ спортод цаг заваа зарцуулж байна.

-Гадаадын тэмцээн уралдаанд ямар амжилттай оролцсон бэ. Амжилтуудаасаа дурдахгүй юу?
-Солонгос улсад зохиодог олон улсын тэмцээнд анх орсон жилээ амжилттай оролцож байсан. Тэгэхэд манай улс багийн төрөлд хоёрдугаар байр эзэлж байлаа. Түүний дараагийн жил гранпри тэмцээнд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж, тэмцээний ганцаарчилсан төрөлд орж алтан медаль хүртсэн. Мөн Польш улсад зохиосон хээрийн морин харвааны тэмцээнд түрүүлж байсан юм.

-Та гадаад, дотоодын олон тэмцээн, уралдаанд оролцжээ. Гэтэл энэ талаар мэдээ мэдээлэл нийтэд хүрч чадахгүй байна. Энэ спортыг таниулах ажил муу байна уу. Морин спорт сур харвааг хөгжүүлэхийн тулд юунд анхаарах ёстой юм шиг санагддаг вэ?
-Европын орнуудад морин харвааны төрөл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Тэд морин спорт сур харвааг Монголоос үүсэлтэй гэдэгт санал нийлдэг юм билээ. Сонирхолтой нь Монгол гэр бариад, Монгол хувцас өмсгөлтэйгөөр жинхэнэ ёс заншлаар нь хөгжүүлж байна. Энэ нь морин спорт сур харваа Монголоос үүсэлтэйг тодотгож байгаа том жишээ юм.

-Гадаадынхан манай ёс заншлыг ингэж өндөрт өргөж байхад санаа тань зовсон уу?
-Мэдээж хэрэг сэтгэл зовсон. Бид түүхээ яриад цээжээ балбахаас биш түүхээ судалж, хөгжүүлэхэд дутмаг явдаг нь харагдсан. Тэр үүднээс би сүүлийн таван жилийн турш энэ спортыг хөгжүүлэх гээд гүйж явна Манай холбооны тэргүүн Мөнхжаргал ах энэ спортыг хөгжүүлэх гэж их зүйл хийж байгаа.

-Танай холбооноос тэмцээн уралдаан зохиоход календарчилсан төлөвлөгөө гаргасан уу?
-Энэ сарын 19-22-нд “Өлзийт” хороололд олон улсын морин спорт харвааны V дугаар тэмцээн болно. Энэ тэмцээн олон улсад дөрөв дэх удаагаа зохиогдсон юм билээ.

-Гадныхан манай улсад энэ спорт хөгжинө гэдэгт хэр санал нийлдэг бол?

-Манай соёл, зан заншлыг мэддэг учраас механикаар шууд хөгжих боломжтой гэж үздэг. Аль ч улсад очиход Монголын тамирчид гээд бүгд л анхаардаг. Биднийг яаж харвах бол гээд…

-Гадаад руу тэмцээн уралдаанд явахдаа морьдоо авч явдаг уу?

-Морьд авч явах боломж бололцоо одоохондоо байхгүй. Тэмцээн зохион байгуулж байгаа улс морьдоор хангадаг. Унах морио сугалаагаар унадаг. Өвөрмонголд болсон тэмцээнд ч мөн адил сугалаагаар морь унаж оролцсон.

-Европын орнууд тэгж үнэлдэг юм байж. Гэтэл солонгосчууд морин харваа чинь манай улсаас үүсэлтэй гэж ярьдаг юм билээ?
-Дэлхийн морин спортын төв нь Монголд байх ёстой гэж олон улсын хурал зөвлөгөөн хийхдээ Мөнхжаргал ахыг тэргүүнээр нь сонгосон. Гэтэл солонгосчууд дур мэдэн, дэлхийн морин спорт харвааны төв Солонгост байдаг. Мөн холбооны ерөнхийлөгч нь солонгос хүн удирддаг гэж ярьдаг юм билээ. Бас дэд ерөнхийл өгч нь Монгол хүн байдаг гэж яриад байгаа. Үүнд харамсч явдаг. Тэдний гол зорилго бол ойрын хугацаанд морин спорт харвааг Солонгосын цэргийн урлаг гэдэг нэрээр ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байгаад санаа зовж байна. Бид морин хуур, хөөмийгөө харийн өмч болгочих шахсан гашуун туршлагатай. Одооноос морин харвааг өөрийн нэрээр бүртгүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

-Морин спорт харвааны сум нь зэвтэй булцуу байдаг юм билээ?

-Энэ спорт дайн байлдаанаас үүсэлтэй юм. Чингисийн үеэс хөгжиж ирсэн манай эрийн гурван наадмын төрөлд зүй ёсоор орох ёстой гэж боддог. Бид цаашид эрийн гурван наадмын хөтөлбөрт морьтой харвааг оруулахад анхаарал хандуулна. Харин одоогийн үндэсний сур харвааны булцуу бол аюулгүй байдлыг хангах зорилготойгоор хэмээн манжийн үеийн бодлогоор өөрчилсөн юм.

-Энэ спортоор хичээллэхэд морьд их чухал байх. Ер нь тэмцээнд Монгол адуу, эрлийз адууны ялгаа гарна биз?
-Монгол морьд энэ спортын төрөлд зохицсон байдаг шиг байгаа юм. Монгол адууны гишгэгдэл цаанаа өөр. Эрлийз адуу том алхалттай тэгээд эрлийз адуун дээрээс харвахад нэг л эвгүй байдаг юм. Эрлийз морин дээр эмээлг үй явж болдоггүй юм билээ. Харин Монгол морин дээр зайдан унахад эвтэйхэн байдаг.

-Та морьдоо яаж сонгодог вэ. Сайхан моринд үнэ хайрлахгүй биз?
-Манай найзууд миний моринд дуртайг мэддэг учраас “Тэнд гоё морь байна” гэж хэл дуулгана шүү дээ. Би баян биш ч таалагдсан морио халаас хоосон ч зээлээд ч юм уу, санаанд таарсан үнэ хэлвэл ярилцаж, тохироод авдаг.

-Та морьтой хэдэн наснаасаа холбогдсон бэ?

-Би чинь унаган хотын хүүхэд. 1980 онд циркт гавьяат жүжигчин Д.Норовцэнд багшийн шавиар орж байлаа. Ах нь 30 гаруй жил морьтой холбогдож байна.

-Таны морь гэр бүлийн тань нэг гишүүн гэж ойлгож болох уу?
-Бололгүй яахав. Морьдоо өвдчихвөл шөнө ч байсан алхаад очно шүү дээ. Хүн хүүхдээ өвдөхөөр өөрөө өвдөхгүй яав гэж боддог шиг би өөрөө өвдчихгүй яав даа гэж бодогдох үе ч гардаг байлаа. Заримдаа морьд маань тэжээлгүй болчихвол гэрээсээ талх авчирч өгнө. Олон жил морьтой харьцаад ирэхээр өөрийн эрхг үй хайрлана шүү дээ.

Д.Жавхлан

”Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих