“Оюу Толгой”-н гэрээг сарын дотор өөрчлөхгүй бол Засгийн Газрыг огцруулна

Өчигдөр  Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, С.Ганбаатар, Г.Уянга, Д.Батцогт, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун  нарын 23 УИХ-ын  гишүүн  Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас албан ёсоор шаардлаа. Тэд уг асуудлын хариуг 10 сарын 5-ны  дотор судалж  өгөхийг хүсч буй бөгөөд  тодруулбал Оюутолгойн санхүүг ил тод байлгах, Монголын талын оролцоог 51 хувьд хүргэх, усны төлбөр төлдөг болгох зэрэг шаардлагыг  заавал биелүүлэх ёстой аж.
Мөн усны төлбөр төлдөггүй байх гэрээ хийсэн Байгаль Орчны сайд асан Л.Гансүх өдгөө Ерөнхий сайдын ахлах зөвлөх хийж байгааг ч буруушаасан юм.

УИХ-ын 57-р тогтоолыг хэрэгжүүлэхийг шаарддаг байсан Н.Батбаяр, Д.Ганхуяг нар сайд болсонд тэд баяртай байгаа агаад  уг тогтоолын гуравдугаар заалт буюу “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохирол­цон шийдвэрлэхийг Засгийн газарт зөвшөөрсүгэй” гэснийг иш үндэс болгон, Оюу Толгойн гэрээний өөрчлөлтийг хийх ёстой гэнэ.
Өмнө нь Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын сайдууд нь   “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолд үндэслэж байгуулсан” гэж үзэн ирсэн бөгөөд  үүнийгээ Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний “2009 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолыг үндэслэн энэхүү гэрээг байгуулав”, “УИХ-ын 2009 оны долоодугаар сарын 16-ны 57 дугаар тогтоолоор энэхүү гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газар олгосон бөгөөд уг гэрээнд гарын үсэг зурсан талууд түүгээр тодорхойлогдсон эрх, үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж, дараах нөхцөлтэйгээр харилцан тохиролцоно” гэсэн хоёр заалтаар үндэслэн тайлбарладаг байсан юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар :  “2005 оноос эхлэн миний бие Засгийн газар болон бусад холбогдох газруудад англи, монгол хэлээр захидлууд илгээсэн. Өнөөдрийн ярьж байгаа асуудал бол шинэ зүйл биш ээ. Өнөөдрийн хүртэл С.Баярцогт, Д.Гансүх, Д.Зоригт  нараас хэн та нарт энэ гэрээний талаар зөвлөлгөө өгсөн бэ гэж асуухад ямар ч хүний нэр хэлдэггүй, ямар ч албан ёсны зөвлөхгүй эдгээр хүмүүс  ажилласан байдаг. Эдгээр хүмүүс уул уурхайн гэрээний талд юу ч мэдэхгүй. Үнэхээр аймшигтай ашиггүй гэрээ хийсэн. Бид харин өөрсдөө энэ гэрээг ашигтай болгох гэсэн үүднээс энэ хурлыг хийж байна. Энэ талаар УИХ-ын гишүүд бид нэгдэж ажиллана. Энэ гэрээг хийсэн хүмүүстэй олон түмний өмнө хамтдаа ярилцъя. Үүнийг засах арга зам байх ёстой. Хэрвээ би буруутай бол буруугаа хүлээнэ. Тэд буруутай бол буруугаа хүлээх ёстой. Өнөөдрийг хүртэл морнголын тал Оюутолгойн төслийн тайлан тооцоо, татварыг авч чадахгүй байгаа. Гишүүнийхээ хувьд би асуулга тавьсан. Сангийн яаманд одоо хүртэл мэдээллүүд дуту. Ашигтай ажиллах тухай энэ гэрээнд байхгүй. Нэг жишээ хэлэхэд Чилийн зэсийн уурхайд Америкууд хөрөнгө оруулалт хийсэн. Одоо 23 дахь жилдээ ажиллаж байна. 41 хувийг нь Чилийн Засгийн газар авна гэсэн байдаг. Өнөөдөр хүртэл ямар ч ашиггүй ажиллаж байна. Бид харин ийм байдал руу ормооргүй байна. Түүнчлэн ТУЗ-ийн 9 гишүүний 3 нь монгол хүн байдаг, ямар нэгэн шийдвэр гаргахдаа энэ 3 хүний нэгийн саналыг авсан байх ёстой гэж тухайн үед би санал оруулж байсан. Тэгэхгүй бол энэ чинь тоглоом гэсэн үг. Энэ гэрээ монголын газар нутагт явагдаж байгаа хэрнээ  зөвхөн англи хэл дээрх гэрээг жинхэнэ хувь гэж үзнэ гэж заассан байгаа юм. Мөн гэрээ байгуулж байгаа үед унц алт 600 ам.долларт хүрэхгүй 589 байсан. Өнөөдөр 1600 ам.доллар гарсан, 250 процентоор бидний хамтарч олох гээд байгаа ашиг өсөөд байхад бидний авах татвар 5 хувь хэвээрээ байна. Зэсийн үнэд ч гэсэн ийм анализ хийж болно. 34 хувиа бид энэ төсөлд оруулсан хэрнээ бид гуйлгачин шиг харьцаж байна. Тэгэхээр хөндлөнгийн үндсэний хэмжээний шинжээчдийн дүгнэлтийг яаралтай гаргах ёстой. Хэрвээ заргалдаад бид  ялан нэг хувийг авах юм бол хэдэн мянган эмнэлэг, цэцэрлэг, сургууль барина” гэв.

Мөн энэ үеэр  “Улаанбаатарын гэр хорооллын иргэд 1 литр усны мөнгө гэж хоёр төгрөг төлж байхад Оюутолгой юу ч төлөхгүй үнэгүй ус хэрэглэж байгаа нь зүй бус явдал. Тиймээс үүнийг өөрчлөлтөнд зайлшгүй тусгах ёстой”  гэж гишүүн Г.Уянга мэдэгдэж байлаа.
Хэрэв нэг сарын дараа тоймтой шийд гарахгүй бол шууд Засгийн Газрыг огцруулах санал гаргана гэдгээ ч дээрх гишүүд илэрхийлсэн юм.

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих