Хэн хэний чинь зөв, хэрэлдээд учраа олохгүй бол зодолдчих…
УИХ-ын сонгуулийн үр дүн монголчуудад ихийг бодогдуулсан. Мэдээж улстөрчид энгийн иргэдээс дор хаяж 50 дахин ихийг бясалгасан л байж таарна, дотроо. Автомат машингүйгээр аймаар их луйвар хийгээд болдоггүй юм гэж уйлагнаад байсан улс төрийн хүрээнийхэн ичих ч үгүй ардчиллынхны үгэнд орж, асуудлыг мушгин гуйвуулдаг урвагч машин байна гэж ч бухаж үзсэн. Уучлаарай найзууд аа, хүссэн юм хүзүүгээр гэдэгчлэн үгүйлээд байсан автомат машинаар чинь л санал тоолсон. Одоо гараар тоолж, үзгээр бататгана гэсэн ойлголт байхгүй хэмээн СЕХ тас гүрийснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Харин хаа очиж манай СЕХ-ныхон дажгүй ажилласан шүү. Нээрээ юу билээ, юу ч гэсэн гараар тоолоод бататгаад авах уу гэж дуугарсан л бол гүйцээ эх захгүй хэл ам, хэрүүл тэмцэл мэдээж их бага тунгаар найрагдсан элдэв хор найруулагдах байсан нь тодорхой.
За тэр ч яахав. Ямар ч байсан учраа олж, Засгийн газраа бүрдүүлэх нь бүрдүүлсэн. Хэдийгээр өнөөдрийн байдлаар дэд сайдуудаа албан ёсоор батламжлаагүй байгаа ч аль дивангалавт хэнийг, хаана томилохоо эвсэж нэгдэн, эвлэлдэж нөхөрлөсөн улс төрийн хүчнүүд шийдчихсэн асуудал. Уг нь Ерөнхийлөгч маань УИХ-ын гаднаас засгаа бүрдүүл гэж хөмсгөө зангидан, хөмхийгөө зууж ирээд л хатуухан сануулсан ч Ерөнхий сайдын суудалд суухын тулд өөрийн болон өрөөлийн намын гишүүдтэй аман тохироогоо аль эрт хийчихсэн байсан Н Алтанхуяг байр сууринаасаа хөдлөөгүй. Хөдөлж гэмээнэ хөөрхий, өөрөө ганхчих гээд байсан хэрэг. Ерөнхийлөгч ч гэсэн ямар төрийн дээд албанд томилогдож үзээгүй биш, өнөөхийгөө өрөвдсөн байх. Элдэв юм яриагүй. Эх сурвалжийн өгүүлснээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших, цаашилбал улиран сонгогдох магадлалаа бодоод тэгсгээд өнгөрөөсөн гэж дуулдсан.
Гэтэл санаан зоргоор болдог юм гэж хаа байхав гэдгийг батлан олон жил төрийн эрхийг барьж, дадсан ч энэ удаа гудамжинд гадуурхагдаж үлдсэн МАН-ынхан эсэргүүцэл илэрхийлж элдэв шалтаг тооцож шантаажлаад ашгүй одоо л нэг хэмээн амьсгаа аван ажил гээчийг умалзуулахаар сэтгэл шулуудаад байсан шинэчлэлийн Засгийн газрынхныг шийрэгнүүлээд эхэллээ. Уг нь МАН энэ тэргийн асуудлыг тоолгүй догь царайлаад сөрөг хүчин гэж яг ямар байдгийг тов тодорхой үзүүлсэн шигээ суух чансаатай хүчин. Хачирхалтай нь, бага ангийн ховч хүүхэд шиг байсхийгээд л энэ чинь ингээд байна, тэр чинь болохгүй байна хэмээн аахар шаахар асуудалд сэтгэл дундуураа илэрхийлэн сөрөг хүчний байр суурийг сүрхий ядаргаатай хүүхдийн аяглалтай хольж бантан хутгах шинж цухалзаад явчихлаа. Нээрээ “Шударга ёс” эвслийн дотоод асуудал, сонгуулийн өмнө байгуулсан гэрээнд нь заасанчлан есөн жил үргэлжлүүлэн хамтран ажиллах байтугай өнөө маргаашийг яасхийж давъя даа гэмээр байдалд орчихоод баларч яваа сураг бас дуулдсан шүү. Тэгсэн өчигдөр бас хусмаа чамласан хүүхэд шиг аяглах аяглалд цөөнгүй улс төрийн нам хүчин нэгдсэн мэдээ дуулдлаа. /Гэхдээ парламентад багтаагүй намууд байна лээ, МАН-аас бусад нь…/ Дуулдах ч юу байхав. Нийлж байгаад нэлээн том шаардах бичиг бичээд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан байна лээ.
Өргөх бичгийн доохон тал багашаархан зайд Монгол ардын нам-Г.Занданшатар, Иргэний хөдөлгөөний нам-Д.Сүхжаргалмаа, Эх орончдын нэгдсэн нам-Г.Ганбат, Монголын уламжлалын нэгдсэн нам Л.Жаргалсайхан, Хөгжлийн хөтөлбөр нам хэмээн нэрсээ жагсаасан байгаа. Шаардах бичиг өргөн барих болсон гол шалтгаан нь УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд 2012 оны аймаг, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсантай холбоотой гэсэн. Ихээ сонин юм цөөнгүй байна билээ, тэр бичиг дунд. Чухам л тоон дотор үсэг цохиж явна гэдгэрхүү 21 зууны цахим ертөнцөд аж төрж буй монголчууд УИХ-ын сонгуулийн өмнөхөн багагүй хөрөнгө мөнгө цацаж байж, арайхийн олж авсан автомат машинаасаа ч татгалзахаар барахгүй сонгуулийн тогтолцоог мажоритар системээр явуулахыг зүйтэй гэж үзэж байгаа гэвэл яах вэ.
Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол төрийн удирдлагын байгууллага бус, тухайн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага учраас уг байгууллагыг сонгохдоо улс төрийн намуудын оролцоог аль болох багасгаж, улс төрийн намуудаас хараат бус байх шаардлагыг хангах зарчмыг хадгалах, иргэд тухайн орон нутгийн асуудлыг хамгийн сайн мэддэг мэдлэг, чадвар бүхий хүнийг сонгох боломжийг олгох үүднээс мажоритар системээсээ салахгүй гэж байгаа юм байна л гэж ойлгосон. Бас аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугч байхаар хуулийн төсөлд тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг, мөн түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын цөөнгүй гэрээг зөрчсөн юм гэсэн. Орон нутгийн асуудлыг хамгийн сайн мэддэг мэдлэг, чадвар бүхий хүнийг сонгохтой уг нь утга санаа нь таараад л байх шиг санагдаад байгаа юм.
За тэгээд, зөвшөөрснөөс бусдыг хориглох нь хэм хэмжээний диспозицийг өргөтгөж Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгогдох эрхийг , ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш зарим үйлдлийг хориглосон, хязгаарласан хуулийн төсөлд сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдох цаг хугацааны графикийн өөр хоорондын уялдаа холбоо алдагдсан. Аймаг, сум, дүүрэг, хороонд өөрийн салбартай улс төрийн намууд Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор хуулийн төсөлд заасан нь улс төрийн бусад намууд адил тэгш сонгуульд оролцох боломжийг хязгаарласан, сонгуулийн сурталчилгааг бүх нам, эвсэл, нэр дэвшигч адил тэгш явуулах хуулийн зохицуулалт байхгүй зэрэг хууль зөрчсөн, амьдралд нийцэхгүй, эрх баригч намуудад хэт үйлчилсэн зүйл заалтаа өөрчлөхийг шаардаж байна гэсэн байна лээ. Тэгээд төгсгөлд нь “Энэхүү шаардлагыг хүлээн авч хүний эрх, эрх чөлөөний стандартад нийцүүлэн төслийг засч залруулах арга хэмжээ авахгүй бол улс төрийн тэмцэлд бүх л арга хэлбэрээр орохоос аргагүй болохыг анхааруулж байна.
Монголын Ард түмний эв нэгдлийг хангах үндсэн чиг үүргээ ухамсарлан, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутагт амьдарч байгаа иргэдийг хэт улстөржүүлэн, талцуулсан энэ хуулийн төслийг засч залруулах арга хэмжээг авч ажиллахыг шаардаж байна.” гэж хатуу анхааруулсан байна лээ. Уг нь улстөрчдөөс бусад нь өөрөөр хэлбэл, судлаач, ажиглагчид уг хуулийн төслийг тун сайн төсөл болсон байна гэж ам уралдуулан сайшаасан. Ашгүй дээ, одоо л нэг гэж ард түмэн ч сэтгэл амарсан. Гэтэл үгүй ажээ. Хөндлөнгийн дүгнэлт тийм ч зөв биш байсан юм байна.
Нээрээ ч сонгуульд оролцох улстөрийн намууд л хуулийн төсөл хэр болсныг хэлж, дүгнэх нь зүй ёсны асуудал байж болох юм. Гэхдээ л урагшилж ажиллах хөгжиж дэвших чин эрмэлзлээс илүү Монголын улстөрчдөд /бүх нам, хүчин мөн тэдэнд харьяалагддаг гишүүд/ хэн нэгнээ илүү гарчих вий гэх тамын тогооны үлгэр чухал байгаа юм биш байгаа гэсэн хар төрөөд болох юм биш. Ингэхэд байнаа, хэрэлдэж, хэлэлцээд учраа олохгүй бол сайхан зайгаа авч байгаа зодолдчих. Яадаг юм бэ. Ялагдсан нь нус нулимсаа цэвэрлэж, нүүр гараа угаахаар бие засах газар руу л явна биз. Ялсан нь сэтгэл амар санасан бодсоноо хийх боломж олдоно шүү дээ… Давуу тал нь энэ.
З.Урансүх
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: