Үлэмж гоо тийм л бүсгүйг дэлхийн мисст илгээхсэн
“Дэлхийн мисс-2012-т Монгол бүсгүй амжилттай оролцож байна” гэх мэдээлэл сайтуудаар хэсүүчилсэн. Эхэндээ “Бие биенээ дөвийлгөх гэсэн пиар гэж бодтол үнэн байв. Монголчууд энэ оныхоо миссийг шалгаруулаагүй байхад дэлхийн мисст хэн явчихдаг байна аа гэж чих тавилаа. Гэтэл урлагийн удамтай гэр бүлийн эгэл нэгэн охин явсан байсан. Чухам ямар шалгуураар энэ тэмцээнд явсан нь тодорхой бус ч дэлхийн 120 орчим орны гоо бүсгүйчүүдтэй бор зүрхээрээ өрсөлдөж байгаа Х.Баярмаагийн төлөө залбирлаа. “Монголын мисс эхний 25-д багтаад байна” гэх мэдээллийг сонсоод эгээ л өөрөө тэр тэмцээнд өрсөлдөж байгаа мэт дэнсэллээ. “Х.Баярмаа “Авьяаслаг бүсгүй” номинацид маш өндөр оноо авч шалгарсан байна” гэхийг сонссоод бүр ч баярлаж ойрхон байсан бол гүйж очоод үнсмээр санагдсан.
Уг тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалтуудыг цэнхэр дэлгэцээр үзэж суухад нүүр улайлгасан хэд хэдэн асуудал болов.
Монголын мисс бие хаа, нуруу туруугаараа бусдаас ялгарах зүйлгүй ч нөгөө “Авьяаслаг мисс” номинацид шалгарсан нь эргэлзээ төрүүлсэн.
Х.Баярмаа тайзнаа гарч ирээд алдарт “Жалам хар”-ыг бүжив. Тухайн бүжгийг эмэгтэй хүн, тэр тумсаа олон улсын хэмжээний үйл ажиллагаа болж буй тэр том тайзан дээр дутуу хагас бүжиглэсэн нь Монголынхоо соёлыг доош нь хийчих шиг л санагдсан. МУГЖ Цогоо гуайн ач охин Х.Баярмаагийн буруу биш. Түүнийг эх орноо төлөөлүүлэн дэлхийн хэмжээний тэмцээнд явахад нь бэлтгэл муу хийлгэс этгээдүүдийн л буруу.
Англи, орос хэлээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, үеийн бүсгүйчүүдтэйгээ дотносож чадна гэдэг хувь хүний сайн тал. Гэтэл тэдгээр олон номинаци болгонд бараг нэг, нэг багш бэлддэг жишиг дэлхийд тогтоод удаж байгаа шүү дээ. Манайх л нөгөөх муйхар зангаараа бөөндчихөж байхгүй юу.
“Хатан эрдэнэ” холбоо“, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Либерал эмэгтэйчүүийн холбоо”, “Загвар өмсөгчдийн холбоо”, ”Дизайнеруудын холбоо, “Эмэгтэй дизайнеруудын холбоо”, “Гоо бүсгүйчүүдийн холбоо” ч гэх шиг тоочоод байвал эмэгтэйчүүдтэй холбоотой 20 гаруй байгууллага байдаг юм билээ. Гэтэл тэдгээр олон байгууллагын тэн хагас нь Х.Баярмаа гэх бүсгүйг тэмцээнд явсныг мэдээ үгүй байсан нь тун тоогүй.
Өвөрмонголын Ордос хотноо болсон уг тэмцээнд Хятадын мисс түрүүлсэн нь оролцогч орнуудын дургүйцлийг зэгсэн хүргэнэ билээ. Тус тэмцээний дараа гадаадын хэвлэл, сайт, блогод англиар өөрийгөө илчилж чадахгүй, асуултад эх хэлээрээ хариулж буй миссийг түрүүлнэ чинээ санаагүй. Зохион байгуулагч орон гэдэг утгаар нь тухайн орны бүсгүйг шалгаруулаад байвал сайхан бүсгүйн үнэ цэнэ, дэлхийн мисс тэмцээний нэр хүнд унаж цар хүрээ нь багасна” гэсэн шүүмжлэлийг иэхэвчлэн бичсэн байсан. Гэтэл Монголчууд бор зүрхээрээ эх орноо төлөөлөөд ирсэн Х.Баярмаагийн тухай, бас түүнд урмын үг унагаагүй гэхэд болно.
Манай улсад 1990-ээд оноос “Монголын сайхан бүсгүй” уралдааныг зохион байгуулж анхны миссээр Ж.Биндэръяа, дараа нь Н.Мөнхцэцг, С.Мичидмаа гэх зэрэг бүсгүйчүүд тодорч “Хатан эрдэнэ” холбоо ч анхны тэмцээнээс хоёр жилийн дараа байгуулагдсан түүхтэй. Өдгөө 20 жилийн түүх агуулаад байгаа тус холбоо “Сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээнийг бараг л “хувчилж” авсан хэрнээ дорвитой хийсэн зүйлгүй өнөөдрийг хүрсэн.
Иймдээ ч “Сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээнд ард иргэд “Мөнгөтэй бүсгүйн түрүүлэх тэмцээн” гэх тодотгол өгсөн байсан. Үүнийг нь гэрчлэх шиг шалгаруулалтад орж шүүрэн шанага мэт шүүлтүүрээр шүүгдээгүй, олны харцанд тусаагүй, таньж мэдэхгүй бүсгүйчүүд эх орноо төлөөлж буй.
Монгол бүсгүй гэдэг зүс гоо, бие цогцос үлэмж тэгш, ааш ялдам, эрдэм ухаан төгс, энэрэнгүй гэх мэтчилэн хатан хүний есөн сайхныг бүрдүүлсэн байдагсан. Үлэмж гоо тийм л бүсгүйг дэлхийн мисст илгээхсэн.
С.ТУУЛ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: