Баянхонгор аймгийн Гурванбулаг сум усны хомсдолд оржээ

Баянхонгор аймгийн Гурван булаг сумын нутагт Ихэрийн зүүн салааны шороон орд хэмээх 207 га газарт “Жи энд Юу гоулд” ХХК олборлолт явуулдаг. Тус компани 2006 онд анх 157 га талбайд олборлолт хийж эхэлснээс хойш байгаль орчин сүйдэж, нутгийн иргэд ундны усны хомсдолд орох болжээ. Учир нь, хүн малыг ундаалдаг Шар усан гол ширгэж, уг ордын эргэн тойронд 12 мянган мал харангадахад хүрээд байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй сумын төвийн иргэд ундны усаа 30 км газраас зөөн хэрэглэдэг болж нэг литр усыг тав, өвөлдөө нэг кг мөсийг 20 төгрөгөөр худалдаж авахад хүрсэн байна. “Жи энд Юу гоулд” ХХК нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас тус сумын Өвөр хөшөөт хэмээх газрын 50 га –д хөрсний хуулалт хийжээ. Ингээд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран зогсоосон ч өнгөрөгч наймдугаар сарын 31-нээс дахин хөрсийг нь хуулж эхэлсэн байна. Уг нь, тус орд нь “урт нэртэй хууль”-ийн хязгаарлалтын бүсэд багтдаг аж. Гэтэл тус компанийнхан нийт 207 га талбайн 100 га нь уг бүсэд багтаагүй гэсэн нэрээр ажлаа ахин эхэлжээ. Ингээд нутгийн иргэн Д.Сайнбаяртай уулзсан юм.


Д.Сайнбаяр: Цаашдаа хөдөлгөөн байгуулж тэмцэнэ
-“Жи энд Юу” ХХК хэр удаан хугацаанд олборлолт хийж байна вэ?
-2006 онд олборлолтоо эхэлсэн. Энэ хугацаанд орон нутагт төлөх татвараа төлөөгүй, нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй, хууль зөрчин олон үйл ажиллагаа хийсэн. Ингээд 2011 оны арванхоёрдугаар сарын 5-ны шөнө манай сумын төвөөс 1,5 км-ийн зайд олборлолт явуулсан. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж ,үйл ажиллагааг нь зогсоон шөнөөр жижүүрлэн хамгаалсан. Гэвч наймдугаар сарын 31-нээс ахин үйл ажиллагаагаа явуулж эхлүүллээ. Цаашлаад үйл ажиллагааг нь зогсоохын тулд тэмцлийн бүх арга хэмжээг авах болно.
-Хууль хяналтын байгууллагуудад хандаж үзсэн үү. Мэргэжлийн хяналтын байгууллага ямар дүгнэлт гаргасан бэ?
-Хандаж үзсэн. Мэргэжлийн байгууллагууд маань зохих ёсны хориг тавьсан. Аймгийн ИТХ-ын тогтоол гарч Засаг даргад үүрэг өгч, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан юм. Тэгсэн эл шийдвэрийг зөрчин үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Иргэдийн амыг таглахын тулд заримыг нь өөрсөдтэйгөө эвлэрүүлэх, татан оролцуулдаг. Бидний хувьд залуу хүмүүс учраас үүнтэй эвлэрэхгүй. Бидэнд зориг, зүрх байна. Нутгийн ирээдүйн эзэд учраас юунаас ч айхгүй тэмцлээ үргэлжлүүлнэ.
-Ямар хэмжээний талбай хамрагдаж байгаа вэ?
-Компанийн зүгээс нийт 207 га газрын 107 га нь урт нэртэй хуулийн хязгаарлалтын бүсэд орсон байсан. Үлдсэн 100 га талбайд нь олборлолтоо хийе гэсэн тайлбар өгч байгаа. Бидний үзэж буйгаар бүх талбай нь хязгаарлалтын бүсэд хамрагдсан байна лээ.
-Иргэд тэмцэж байгаа гэж ярьсан. Ямар нэгэн хөдөлгөөн байгуулсан уу?
-Нутгийн иргэд “Уул ус” гэдэг хөдөлгөөн байгуулсан. Энд байгаа залуучуудын хувьд ямар нэгэн хөдөлгөөн байгуулаагүй. Харин цаашдаа илүү зохион байгуулалтад орж хөдөлгөөн байгуулан “ Жи энд Юу гоулд” ХХК-ийг олборлолтоо зогсоотол, эрх баригчид анхаарлаа хандуултал тэмцлээ үргэлжлүүлэх болно.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих