Зөвшөөрөлгүй барилгын гүйцэтгэгчээр “Төгс гүрэн” компани ажиллаж байжээ
Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн баруун урд барьж буй барилга дээр ажиллуулж байсан зуурмаг шахагч автомашины хоолойн тулгуур зам дээр унаж, 12 настай охин амиа алдсан. Мөн зам дээр явж байсан УНР 29-79 улсын дугаартай Тоёото маркийн суудлын автомашин дарагдаж, жолооч нь хүнд гэмтсэн хэрэг уржигдар гарсан.
Тухайн өдөр бетон зуурмагийн “Консалит” ХХК барилгын долоон давхарт бетон цутгахаар 16.40-17.00 цагийн хооронд өөрийн компанийн суурин зуурмаг шахагчийг суурилуулаад дөнгөж сумаа өргөж байтал зүүн талын суурь цөмөрч зуурмаг шахагчийг хошуу нурсан байна. “Консалит” ХХК нь тухайн зуурмаг шахагч машиныг “Хьюндай” ХХК-аас дөрөвдүгээр сард худалдан авч ажиллуулж байжээ.
Тухайн газарт эмнэлэг, орон сууцны зориулалт бүхий барилга барих зөвшөөрлийг иргэн Батболд энэ оны нэгдүгээр сард авчээ. Гэхдээ барилгын зураг төслийг нийслэлийн Барилга хот байгуулалтын албанд албан ёсоор хянуулж зөвшөөрөл аваагүй байсан байна. Зөвшөөрөлгүй энэ барилгын гүйцэтгэгчээр “Төгс гүрэн” компани ажиллаж байжээ.
Тухайн барилыг гурван давхар хүртэл барьсан байхад нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч аюулт өдрийг хүртэл тэд барилгаа барьсаар долоон давхар болгожээ.
Д.Цэцэг
shuud.mn
URL: