Хувь нийлүүлэгчдийн гэрээ яасан бэ, Сангийн сайд аа?

Монголын өмнийн говь дахь Оюутолгойн ордонд бяцхан гал дэгдэж байх, хэвлэлийнхэн түүнтэй хөөцөлдөж байх зуур “Айвенхоу майнз”-ийн Фрийдланд дахин нэг баялаг орд газар нээсэн тухай цоглог мэдээлэл хийж, биржийнхний анхаарлыг татаж байна. Өмнөговийн уурхайд гарсан гал ч яах вэ,  жижигхэн осол төдий. Харин манайхан л хувь нийлүүлэгчдийн гэрээгээ тас мартаад байгаа нь хачирхалтай.
Үе үе цочир мэдэгдэл хийдэг Фрийдландын энэ удаагийн шинэ мэдээ уул уурхайнхны сонирхлыг татахаас өөр аргагүй. Нөгөө талаас “Айвенхоу майнз”-ын хувьцааны ханш унаж байгаа энэ үед тактикийн хувьд хийсэн тоглолт ч байж болох. Гэхдээ л хамтран хайгуул хийсэн гэж байгаа BHP энэ талаар мөн албан ёсоор мэдээлсэн байгаа юм. Шинээр нээсэн гэж байгаа орд нь Оюутолгойн ордоос гурван км зайд, нийт 23 км газрыг хамран үргэлжилдэг. Улаанхад хэмээх энэхүү ордод “BHP” хайгуул, шинжилгээ хийхэд найман сая ам.долларын хөрөнгө оруулсан, ордын 50 хувийг нь эзэмших эрхтэй гэжээ.  Энэхүү мэдээлэлд BHP, “Айвенхоу” хоёр хамтран ажиллах гэрээ байгуулсан, хайгуул судалгааны ажил гурван жил үргэлжилэх тооцоо судалгаа хийсэн гэсэн утгатай байхыг бодоход сэтгэлийн хөөрлөөр хийсэн шинэ мэдэгдэл төдий биш, нэлээд эртнээс явж байгаа ажил бололтой. Харин Монголд гайхалтай орд нээгдэж, гадныхан гэрээ байгуулан гар хөлөө атгалцаж байгаа гэсэн мэдээллийг монголчууд нь мэдэхгүй, гадны мэдээллийн байгууллагуудын мэдээнээс олж харж, олзуурхаж суух нь нэг тиймэрхүү.
Тэгвэл түүнээс ч харамсалтай зүйл, уурхайн аманд гарсан бяцхан гал Фрийдландын өөрийнх нь хийсэн мэдэгдэл зэргээс илүүтэй нэгэн чухал явдлыг монголчууд чихнийхээ хажуугаар өнгөрөөж орхив. Энэ бол канадууд давуу эрхтэй хувьцаа гаргаж Монголын Засгийн газар, өөрөөр хэлбэл монголчуудын хувийг үнэгүйдүүлэх гэж байна гэсэн хардлагыг дэврээсэн, яг нарийн дээрээ бол Хувь нийлүүлэгчдийн гэрээг хуудуутай хийчихсэнээ засах эсэхийг шийдэх Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралдаан. Тун удахгүй асуудлыг шийднэ гэж нэг хэсэг хүлээлгэсэн “Оюутолгой”-н ТУЗ гуравдугаар сарын 10,11-нд хуралдчихаж. Ийм хуралдаан болоод өнгөрсөн талаар гуравдугаар сарын 14-нд компанийн вэб сайтад албан ёсны товчхон мэдээ гараад өнгөрсөн. Нөгөө Оюутолгойн гэрээг хуудуутай хийж, гадныханд хулхидуулчихлаа гэж хашгиралдаад байсан улстөрчид ч таг, гэрээнд өөрчлөлт хийх ажил тун удахгүй дууслаа гээд байсан Засгийн газар, Сангийн сайд ч таг. ХК-ийн ТУЗ хуралддагаараа хуралдаад л компанийнхаа асуудлыг хэлэлцдэгээрээ хэлэлцдэг л юм байгаа биз. Харин манай ажлын хэсгийнхэн яасан бэ гэдэг асуулт хамгийн сонирхолтой байх нь тодорхой.
Өнгөрсөн намар дэгдсэн дуулианаас үүдэн “Оюутолгой”-н ХК-ийн ТУЗ-ийн хурал болгон анхаарал татах болсон. Монголд дэгдээд байгаа дуулиантай зэрэгцэн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн эрхмүүд Улаанбаатарт нисч ирцгээж, талууд дахиад л хүнд бэрх хэлцэл хийж эхэллээ хэмээсэн. Манай талынхан буюу Монголын Засгийн газрыг ТУЗ-д төлөөлж буй Н.Багабанди, П.Цагаан, Ч.Энхболд нар хэвлэлийнхэнтэй муур хулгана болж тоглохдоо гаргуун. Чингэж тал талд түймэр дүрэлзэхээ шахаж, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд гурван ч чухал асуудлыг шинээр нэмж хийхээр үндсэндээ тохиролцоонд хүрч, манай гүйцэтгэх засаглалынхан ч том ажил амжуулчихлаа, тохиролцоондоо хүрчихсэн юм чинь одоо үзэглэх ч юухан байх вэ гэсэн дээ. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард. Гэрээнд оруулах өөрчлөлтөд,
-Хөрөнгө оруулалтын зардлын хүүг бууруулах:
-Санхүүжилтийг давуу эрхийн хувьцаа гаргах бус, энгийн зээлээр хийх: /Давуу эрхийн хувьцаа дур мэдэж гаргах боломжийг олгосноор хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшлийг бууруулах нь гэгдсэн айдас үүгээр дуусгавар болно гэж уг нь найдсан/
-Оюутолгойн ордын хувьцааг гуравдагч талд худалдах тохиолдолд заавал Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах:
Эдгээр заалтыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмж оруулахаар болсон юм. Үүгээр Хөрөнгө оруулагчид манай Засгийн газраас асуулгүйгээр гуравдагч этгээдэд хувьцаа заргах боломж олгосон “бөх зүрх”-тэй алдаагаа засна гэсэн тайвшруулам тайлбарыг Засгийн газар өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард буюу “Оюутолгой”-н дуулиан дагуулсан ТУЗ-ын хуралдааны маргааш нь хийж байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2010 ондоо л асуудлаа шийдэж дуусгана гэсэн найдвар төрүүлж байв даа. Дараа нь Сангийн сайд С.Баярцогт Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулах өөрчлөлтийг цагаан сарын өмнө шийдчихнэ гэж амласан.
Саяхан буюу гуравдугаар сарын 2,3-нд Төрийн ордонд болсон Монголын эдийн засгийн форумын үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмнө зогсч байгаад “Оюутолгойн гэрээнд алдсан, оносон зүйл бий. Харин ч бид алдаагаа засч, Хувь нийлүүлэгчдийн гэрээндээ дахин өөрчлөлт оруулахаар болсон, тун удахгүй…” гэж амлаж байсан. Тийм ч учраас сая болж өнгөрсөн ТУЗ-ийн хурлын үеэр гэрээндээ өөрчлөлт оруулна гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Гэвч харамсалтай нь, таг чиг өнгөрөв бололтой. Хачин учир битүүлгээр ТУЗ-ийн хуралдааны талаар хэн ч “сонирхсонгүй”, ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. ТУЗ-ын зарим гишүүдийн хэлж байгаагаар заавал ТУЗ-ийн хурал гэлтгүйгээр ажлын хэсгийнхэн, хөрөнгө оруулагчид уулзалдаад нэгэнт шийдсэн өөрчлөлтийг баталгаажуулах боломжтой гэж байсан. Тэгэхээр манай Засгийн газрын ажлын хэсгийнхэн, хамгийн бардмаар амлалт өгч байсан Сангийн болон Эрдэс баялгийн сайд нь дахиад нэг хариулт өгөөч. Эсвэл бид өнөө маргаашгүй шийдэх л байлгүй дээ гэж, эврээ алдсан тэмээ шиг хий найдан хүлээж суух ёстой юу?
Дахиад асууя. Уулын аманд гарсан гал ч яамай, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулах өөрчлөлт юу болсон бэ, Сангийн сайд аа?

А.ТУЯА

“Ньюс мн”


URL:

Сэтгэгдэл бичих