“Жи энд Юу гоулд” ХХК Шар усны голыг ширгээжээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд өчигдөр мэдээлэл хий­сэн юм. Тэдний ярьж байгаагаар Баянхонгор айм­гийн Гурванбулаг сумын хоёрдугаар багийн нутаг Ихэрийн зүүн салааны шороон орд 157 га газарт “Жи энд Юу гоулд” ХХК 2006 оноос эхлэн олборлолт явуулснаас болж, Шар усны гол ширгэжээ. Ингэснээр сумын төвийн 230 өрх ундны усаа 30 км газраас зөөвөрлөж, нэг литр усыг 12 төгрөг 50 мөнгөөр авч хэрэглэж байгаа аж.

Иймээс нутгийн иргэд “Жи энд Юу гоулд” ХХК бусармаг үйл ажиллагааг эсэргүүцэж, эрх баригчид хандаж байгаа гэдгээ хэлж байв. Гэтэл компанийн зүгээс нутаг усаа хамгаалсан иргэдийг элдвээр дарамталж, төрөл бүрийн зохиомол хэрэг үүсгэн, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, сэтгэл санаа хөрөнгө мөнгөөр хохироож байгаа гэнэ.

“Жи энд Юу гоулд” ХХК нь 2011оны 12 дугаар сарын тавнаас Гурванбулаг сумын Өвөр хашаат хэмээх газар хөрсний хуулалт хийсэн учраас ард иргэд компани хоёрын дунд томоохон зөрчил үүсчээ. Дүн өвлийн хүйтэнд нутгийн зон олон амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, хөрсийг нь хуулсан газар ард иргэд жижүүрлэн шат шатанд нь уламжилсны хүчинд энэ асуудал түр намжсан аж.

Гэвч “Жи энд Юу голд” ХХК энэ сарын 31-нээс эхлэн дахин хүч түрэмгийлэн хөрсний хуулалт хийж эхэлжээ. Алт олборлохоор зэхэж байгаа газар гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газар Шар усны гол нь Хар ус, Завхан голтой холбогддог юм байна.

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих