Улс төрийн хүчтэй эсэргүүцлийн улмаас “Чалко” “Овооттолгой”-гоос татгалзлаа
“Чалко” нүүрс олборлогч “Саусгоби Ресорз”-ын хяналтын багцыг 926 ам.доллараар худалдан авах саналаа орхижээ. Монгол газар доороо ашигт малтмалын асар их нөөцтэй нь тогтоогдож дэлхийн томоохон орд газруудын өлгий нутаг болон тодроод байгаа. Энэ хэрээр уул уурхайн салбартаа олон тэрбумаар яригдах ам.долларын хөрөнгө оруулалтыг татах болсон билээ. Гэвч энэ салбарт нь Хятадын оролцоо хэт өсөхөөс тус улс болгоомжилж байна.
Өмнөд хөршийнх нь төрийн мэдлийн хөнгөн цагаан үйлдвэрлэгч өнгөрөгч дөрөвдүгээр сард “Саусгоби”-ийн хяналтын багцыг худалдан авах хэлцэл хийснээ зарласан нь Монголыг гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг батлахад хүргэсэн юм. Тавдугаар сард гарсан уг хуульд эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад гадны хөрөнгө оруулалтыг 49 хувиас хэтрүүлэхгүй байхаар заажээ.
Ийнхүү худалдааны хэлцэл амжилтгүй болсон нь “Чалко”болон “Саусгоби”-ийн 58 хувийг эзэмшдэг “Turquoise Hill resource”-ийн аль алинд нь багагүй хохирол дагууллаа. Компаниудын хувьцааны ханш суларсаар байна. Даваа гаригт Хонконгийн бирж дээр “Саусгоби”-ийн хувьцаа 5.57 хувиар унаж 20.35 хонконг доллар болсон нь хамгийн доод ханш юм. Харин Торонтогийн бирж дээр “Чалко”-гийн хаалтын ханш 2.69 канад доллар байлаа. Өмнө нь 8.48 канад доллараар зарагдаж байсантай харьцуулахад энэ нь тун тааруу үзүүлэлт.
“Овооттолгой”-г орхисон тухай энэ мэдээ хоёр компанид хоёуланд нь ашигтай хэмээн ажиглагчид үзэж байна. Тухайлбал, “UOB Kay Hian”(Сингапурын хөрөнгийн зах зээлийн судалгааны компани)-ийн мэргэжилтэн Хелен Лау “Чалко” хувьцааных нь ханш унасаар байгаа “Саусгоби”-д өндөр үнэ төлөхгүй боллоо. (Хэлцэлд нэгж хувьцааг 8.48 канад доллараар авахаар тусгасан. Мягмар гаригт Торонтогийн бирж дээр 2.69 канад доллар байна). Харин “Саусгоби”-ийн хувьд улстөрийн эрсдлээс ангижирч үйл ажиллагаагаа сэргээн хэвийн ажиллах боломжтой боллоо” гэв.
Учир нь худалдааны хэлцлээс үүдэн Монголын тал цахилгаан, эрчим хүчний “мангас” гэгдэх Хятадын хил орчимд байрлах нүүрсний ордых нь лицензийг түдгэлзүүлсэн юм. Үүнээс болж тус компанийн ашиг хоёрдугаар улирлаас буурч эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 30-наас олборлолтоо бүрэн зогсоосон юм. Өнгөрөгч сард “Гуравдугаар улиралд үйл ажиллагаа эргэн сэргээх найдлага алга” хэмээн “Саусгоби” мэдэгдэж байв.
Дахин сануулахад: Хоёр талын байгуулсан гэрээний дагуу энэ оны долдугаар сарын 5 гэхэд “Саусгоби”-ийн хувьцааны 60 хүртэлх хувь “Чалко”-д шилжих байв. Гэвч тавдугаар сард батлагдсан хуулийн дагуу энэ нь боломжгүй болсон юм. Хятадын компани худалдан авах хугацаагаа хоёр ч удаа хойшлуулсан бөгөөд эцсийн хугацаа энэ сарын 4-нд дуусах байв. Ийнхүү 3-нд буюу өнгөрөгч даваа гаригт “Оюутолгой ресорз” албан ёсоор “наймаа” хийгдэхгүй болсныг зарлалаа.
“Чалко” хөнгөн цагаан үйлдвэрлэлээс гадна нүүрс, төмрийн хүдэр, эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт төсөл хэрэгжүүлдэг. Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Winsway Coking Coal Holding” компанийн 29.9 хувийг 2.39 тэрбум хонконг доллараар (307.92 сая ам.доллар) худалдан авахаар болсон. Энэ компани Монголоос Хятад уруу коксжих нүүрс тээвэрлэдэг юм.
Монголын эрх баригчид үүнээс гадна “Таван Толгой” төсөлд хөрөнгө оруулахаар шалгарсан Хятадын “Шинхуа Энержи”, АНУ-ын “Пибоди” зэрэг олон улсын томоохон консерциумын саналыг түтгэлзүүлээд байгаа билээ гэж Reuters агентлаг мэдээллээ.
Орчуулсан Ж.Баярмаа
Эх сурвалж: http://in.reuters.com/article/2012/09/03/chalco-southgobi-idINL4E8K11YT20120903
URL: