Оюутолгойн уурхайн гүнд гал гарчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой компанийн байранд гал гарсан мэдээлэл манай сонины редакцид ирсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн II аманд байрлах барилгад энэ сарын 15-ны 04.10 цагийн орчимд гал гарчээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Буянтогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Оюутолгой компанийн төслийн талбайд баригдаж байгаа II босоо амны гүний уурхайн байгууламжид гал гарсан байгаа. Галын дууддага энэ сарын 15-ны 11.00 цагийн орчимд ирсэн. Тус компани нь аймгийн төвөөс 220 км-ийн зайтай байдаг. Иймээс бид очиж унтраах боломжгүй байсан учраас Оюутолгойн төсөл хэрэгжүүлэгч компанийн аврах бүлгийн алба хаагчид галыг унтраасан.

Гал гарах болсон шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Эхний байдлаар бол байгууламжийг барихад ашиглаж байсан хамгаалалтын материал, мод нь шатсан юм билээ. Галын тархалтыг богино хугацаанд унтраасан гэх мэдээллийг бидэнд өгсөн байгаа” гэлээ.

Харин Оюутолгой компанийн зүгээс өчигдөр буюу энэ сарын 15-ны 05.30 цагийн үед “Оюутолгой” төслийн талбайд баригдаж байсан II босоо амны цамхагийн барилгад гал гарсан гэх мэдээллийг өгсөн юм. Галын үед бэртэж, гэмтсэн хүн байхгүй аж. Компанийн зүгээс гал гарсантай холбогдуулан орон нутгийн удирдлагад мэдээлэл өгсөн байна.

Дашрамд дуулгахад уг барилга нь 96 метр өндөртэй баригдах гэнэ. Далд уурхайгаас хүдэр зөөвөрлөх зориулалтай аж. Одоогийн байдлаар барилга 30 метр өндөртэй баригдсан байжээ.

А.Лхагважав

‘Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих