Охины үхэлд хэн буруутай вэ?
Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар сургуулийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж 12 настай бяцхан охины амийг авч одсон. Бетон зуурагч машин байрлуулсан газар цөмөрч хошуу нь замруу унасан байж болзошгүй гэж үзэж байгаа. Мөн шонд даруулсан машины жолооч ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ослыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн. Гэхдээ талийгаач охины эцэг, эх нь шоконд орсон тул цагдаагийн байгууллагад ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй байна. Шон унагаасан гэх барилгын эздээс хараахан мэдүүлэг аваагүй байна. Уг хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. НИТХ-ын дарга Д.Баттулга өчигдөр мэдээлэл хийж, талийгаач охины эцэг эх, ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Хотын удирдлагуудын өгсөн мэдээллээр зуурагч машин ажиллуулж байсан барилгын компани нь барилга барих зөвшөөрөлгүй, барилгын зураг төслөө хянуулж батлуулаагүй, охины дээрээс унасан гэх машин нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй машин механизм байсан аж. Тухайн газарт эмнэлэг, орон сууцны зориулалт бүхий барилга барих зөвшөөрлийг иргэн Батболд 2012 оны нэгдүгээр сард авчээ. Барилгын зураг төслийг “Тоёохиро студио” компаниар хийлгүүлсэн боловч барилгын зураг төслийг нийслэлийн Барилга хот байгуулалтын албанд албан ёсоор хянуулж зөвшөөрөл аваагүй байсан гэнэ. Зөвшөөрөлгүй энэ барилгын гүйцэтгэгчээр “Төгс гүрэн” компани ажиллаж байсан аж.
НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн хэмжээнд холбогдох зөвшөөрлийг авалгүй эхлүүлсэн болон барьж дуусгасан 63 барилга байгааг тогтоосон. Тэдгээр баригдаж дууссан барилгыг дулаан, цахилгаан, цэвэр, усаар хангаж бохирыг нь татаж авахгүй байх талаар хангагч байгууллагуудад Нийслэлийн төр захиргааны байгууллагаас үүрэг болгоно. Мөн барилгын бүх машин механизмуудыг энэ сардаа багтаан лиценжүүлэх үүргийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгоод байна” гэсэн юм.
Охины үхэлд зөвшөөрөлгүй гэх тодотголтой барилгын эзэд буруутан болох нь тодорхой. Харин долоон давхар болон сүндэрлэтэл нь хяналт тавих үүрэгтэй холбогдох байгууллагууд яагаад өдий хүртэл нүдээ анин, чихээ даран өдийг хүрсэн бэ? Асуултын хариултыг хүргэе.
-“Төгс гүрэн” компани барилгыг гурван давхар хүртэл барьсан байхад нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан гэнэт мэдэж “Үйл ажиллагааг зогсоох” мэдэгдлийг өнгөрсөн тавдугаар сарын үед хүргүүлсэн гэнэ. Түүнээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй аж.
Монголд өнөөдөр зөвшөөрөлгүй, зураг төслөө хянуулаагүй барилга үүгээр тогтохгүй олон байгаа. Хэдийгээр мэргэжлийн байгууллагаас мэдэгдэл төдий цаас “шидсэн” ч түүнийг нь тоох нь ховор. Учир нь манай улсын хуульд зөвшөөрөлгүй барилга барьсан тохиолдолд хоёрхон сая төгрөгөөр торгоод, үйл ажиллагаа явуулах эрхийг нь зөрүүлээд олгочихдог юм байна. 13 давхар барилга бариулж буй бяртай эзэд “Болохгүй бол хоёр сая төгрөгийн торгуулийг нь төлчих юм хойно“ гэж үл тоомсорлосон нь мэдээж биз.
Харин зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгад ямар учраас ганцхан удаа мэдэгдэл төдийг хүргүүлээд орхисныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнгээс тодрууллаа. Тэрээр
-Манай багууллагад зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгыг нураах, шууд үйл ажиллагааг нь зогсоох эрх байдаггүй. Эхний ээлжид тухайн байгууллагад мэдэгдэл хүргүүлдэг юм. Энэ журмын дагуу бид энэхүү барилгыг гурван давхар баригдаж байх үед нь мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч бидний мэдэгдлийг зөрчин уг барилга долоон давхар болтолоо барьсан байна лээ.
-Нэг удаа мэдэгдэл хүргээд л өнгөрдөг гэсэн үг үү? Өөр арга хэмжээ авдаггүй гэж үү?
-Уг нь мэдэгдлийн дагуу хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа барилгыг үргэлжлүүлэн барьсан тохиолдолд бид шүүхийн байгууллагад энэ тухай албан бичиг хүргүүлдэг. Харин шүүхийн шийдвэрээр ШШГЕГ зөвшөөрөлгүй барилга барих үйл ажиллагааг зогсоодог юм.
-Мэдэгдэл хүргүүлсний дараа ойролцоогоор дөрвөн сар тухайн барилгыг хууль бусаар барьсаар л байж. Танайх энэ хугацаанд шүүхэд албан бичиг хүргүүлсэн үү?
-Хараахан хүргүүлээгүй байсан.
-Хэрэв танай байгууллага цаг алдалгүй шүүхэд зөвшөөрөлгүй баригдаж байгаа “Төгс гүрэн” компаны талаар албан бичиг хүргүүлж үйл ажиллагааг нь зогсоолгосон бол охин өнөөдөр амьд байх байсан болов уу?
-Шүүхийн шийдвэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж, зөвшөөрөлгүй барилга барьж байгаа нь тогтоогдсон хоёр ч барилга байна. Гэвч одоо ч баригдсаар л байна шүү дээ. Тэдний үйл ажиллагааг зогсоогоогүй л байна. Хамгийн гол нь өнөөдөр манай улсын хуулинд нэг гажуудал байна. Зөвшөөрөлгүй барилга барьсан байгууллагыг хоёр сая төгрөгөөр торгоод л өнгөрдөг. Өөр байдлаар асуудлыг шийдвэрлэх ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Хэн буруутайг хуулийн байгууллага шийдэх байх гэлээ.
Сануулахад нгөрсөн дөрөвдүгээр сард сургуульруугаа гарцаар гарч явсан 10 настай хүүг дайрч хөнөөсөн согтуу жолоочид өдийг хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй хэвээр л байгаа… Энэ хэрэг үүний адилаар замхрахгүй байх гэдэгт итгэж байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН
URL: