А.Бакей: Удаашрах тусам улам тохиромжгүй болно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай орон нутгийн хурлын сонгуулийг ямар хуулийн орчинд явуулахаар яригдаж буй талаар ярилцлаа.

-Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийн талаар иргэд ойлголт тийм ч сайн биш байна. Иргэд яг хэдий үед, ямархуу байдалтайгаар сонгууль өгөх гээд байгаа тухайгаар яриагаа эхлэх үү?

-Аймаг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр /өчигдөр/ хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ. Маргаашнаас /өнөөдөр/ эхлээд ажлын хэсэг нь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцүүлэх бэлтгэлийг хангана. УИХ-ын гишүүн Р.Гончигдор­жоор ахлуулсан ажлын хэсэг байгуулаад парламентад суудал бүхий намуудын төлөөллийг оруулан ажиллаж байгаа. Энэ долоо хоногтоо чуулганы анхны хэлэлцүүлэгт оруулж, дараа дараагийн хэлэлцүүлгүүдийг нь ч түргэн явуулах төлөвлөгөөтэй байгаа. Саналын хуудас нь УИХ-ын сонгуулийн саналын хуудастай хэлбэр агуулгийн хувьд адилхан байна. Тухайн саналын хуудасны загварыг Сонгуулийн Ерөнхий хороо нь хуудас хэвлэх компанитай тохиролцож бэлтгэнэ. Ямар ч байсан санал тоолох машинд саналын хуудсыг уншуулахад сонгогчийн өгсөн саналыг алдаагүй тоолдог байдлаар л гарах болно.

УИХ-ын сонгуулийн мөн адил нэг мандаттай тойрог дээр хоёр болон гурван хүний нэрийг дугуйлчихсан бол хүчингүй саналд тооцогдох зэрэг өмнөх УИХ-ын сонгуулийг тоолсон зарчмаар тоолно.

-Цаг хугацааны хувьд юу болж байна?

-Үндсэндээ цаг хугацааны хувьд бага зэрэг хүндрэлтэй байгаа. Жишээ нь, Нэр дэвшигчийн нэр тодорсноос хойш сарын хугацаанд саналын хуудсыг бэлтгэх ажил хийгдэнэ. Гэтэл сурталчилгаа хийх хугацаа нь сонгуулийн санал авах өдрөөс 15 хоногийн өмнө эхлэх ёстой. Ингэхээр цаг хугацааны тодорхой зөрөө гарч байгаа. Нэр дэвших хүмүүсийн нэр нь тодорхой болчихсон байтал сонгуулийн сурталчилгааг ямар нэг байдлаар хийхгүй гэх нөхцөл үүснэ гэсэн үг. Энэ хооронд сонгуулийн сурталчилгаа явуулахгүй.

-Тов?

-Хууль албан ёсоор батлагдаагүй байгаа учраас яг тэдэнд гэж хэлэх боломж алга. Хэрэв хууль энэ долоо хоногт батлагдаж чадах юм бол аравдугаар сарын сүүлээр орон нутгийн сонгуулийг явуулах бүрэн боломж бий. Нийтдээ сонгуулийг зохион байгуулах тухай үйл ажиллагааны графикт 40 гаруй хийх ажил багтсан байна. Энэ цаг хугацааны хуваарийг Сонгуулийн хороо батлагдангуутаа гаргаад хэрэгжүүлэх ажлын хэсгүүдийг гаргах ёстой.

-Цаг хугацааны хувьд тохиромжгүй юм уу даа гэх байр суурь илэрхийлж байна. Үнэхээр малчид нь өвөлжөөндөө буугаад, төв газраасаа холдчихсон. Залуус нь хот газар сургууль, ажилд явчихсан үед орон нутгийн сонгуулийг нь зохион байгуулж таарах нь ирцийн хувьд ямар байх юм бол?

-Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх, батлах процесс удааширах тусам улам тохиромж­гүй болно гэдгийг бодох хэрэгтэй. Иймд шинэчлэн найруулсан хуулийг аль болох богино хугацаанд үр дүнтэй хэлэлцээд гаргах хэрэгтэй. Эртхэн баталчихвал сонгууль явуулахад тохи­ромжтой хугацаа наашилна. Ер нь аравдугаар сарын сүүлээр сонгуулийг зохион байгуулахад нэг их хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа. Үүнээс хойш бол харин ч хэцүү болно. Аравдугаар сарын сүүлээр гэхийг цаг хугацааны хувьд тохиромжгүй гэх тайлбарыг хэлж буй гишүүд өөрсдөө нөхцөл байдлыг сайн ойлгож буй учраас хурдан хугацаанд батлах тал дээр зогсох ёстой гэж бодож байна.

-МАН-ын гишүүд хариуцлагатай холбоотой заалтыг эсэргүүцэж байна. Сонгуульд оролцоогүй бол төрийн албанд ажиллах эрхийг нь түдгэлзүүлэхтэй холбоотой заалтыг байж боломгүй, хүний эрхийг зөрчсөн зүйл болно гэж мэдэгдэж байна.

-Яг нарийн дээрээ хүний эрхийг зөрчөөд байгаа зүйл байхгүй шүү дээ. Эрх үүрэг гэх зүйл нэгдэлтэй байх ёстой. Үүргээ биелүүлээгүй бол эрхээ эдлэж чадахгүй. Монгол Улсын Үндсэн хуульд “иргэн нь шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барилцах эрхтэй” гэж заасан. Гэтэл сонгуульд оролцоогүй бол тэр эрхээ хэрэгжүүлж чадахгүй болж байна. Энэ хуулийн төсөлд сонгох сонгогдох эрхийн зөрчилтэй зүйл ганц ч байхгүй. Зүгээр л сонгох асуудлын оролцоонд нь хөшүүрэг хийж өгч байгаа юм. Үүнийг аль өнцгөөс тайлбарлаж буйгаас хамаараад л буруутгах гээд байгаа юм. Ер нь нэг их тэгж хөөсрүүлээд, хүний эрх зөрчигдөнө гээд байх хэрэг байхгүй.

-Бусад орнуудад ашиглагддаг л хөшүүрэг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, Үүнээс ч олон янзын хөшүүрэг байдаг. Эдийн засгийн хөшүүрэг гэж бас байна. Урамшуулах, эсвэл халамж үйлчилгээнээс хасах гээд олон бий. Гэхдээ бид иргэдийгээ ингэж чангалаад яах вэ, ер нь шаардлагагүй гэж үзсэн. Зарим нэг улсад сонгуулийн өдөр иргэдийн дунд сонирхолтой хэлэлцүүлэг явуулах зэрэг аргууд ашигладаг юм билээ. Төрийн албанд ажиллах хүн төрийг байгуулалцах үүргээ биелүүлээгүй тохиолдолд төрийн албанд ажиллах эрхийг нь түдгэлзүүлэх гэдгийг яагаад ойлгож болохгүй байгаа юм. Уг нь нэг их сүр бадруулах зүйл биш шүү дээ.

-Сонгуулийг хүчинтэй ирцтэй байлгахын тулд ингэж хариуцлага ярьж шүүмжлүүлж суухаар сонгуулийн хүчин төгөлдөр байх ирцийг нийт сонгогчдын олонх нь гэдгийг нь болиулчихаж болдоггүй юм уу. Яах вэ, сонгогчдын 40 хувь нь, 30 хувь нь ирж саналаа өгөөд л, нийт саналын олонхийг авсан нь сонгогдоод л явна биз.

-Яах вэ, байж болох л юм. Гэхдээ ийм санал одоогоор гараагүй байна. Анхны хэлэлцүүлгийн үеэр ийм санал гарвал харгалзан үзэж болно шүү дээ.

-УИХ, НИТХ-ын сонгуульд хэрэглэсэн холимог тогтолцоог шууд орон нутаг дээр буулгаж ирэх нь хэр тохиромжтой юм бэ. Жишээ нь, орон нутагт намын жагсаалтаар хүн гарч ирнэ гэдэг нь?

-Тухайн аймаг, сумын дөрвөн жилд хөгжүүлэхээр ажиллана гэдэг нь нэр дэвшигчдийн дэвшүүлж буй хөтөлбөрийн үндсэн дээр явагдана. Нэр дэвшүүлж буй нам бүр хөтөлбөр дэвшүүлж байгаа. Тухайн хөтөлбөрийг нь нэгдсэн зохион байгуулалтанд орж байж л хэрэгжүүлнэ. УИХ-ын сонгууль дээр шууд тойргоос сонгогддог гишүүд нь тусдаа, намын жагсаалтаар нэр дэвшигчид нь тусдаа гэх зэрэгцээ жагсаалт гаргаж байсан бол бидний энэ хуулийн төслөөр аль алиныг нь хольсон нэгдмэл жагсаалт гарч байгаа. Тухайн тойрогт  зургаа нь тойргоос гурав нь намын жагсаалтаар гэж бодоход аль алиныг нь нэгдсэн жагсаалтад оруулна. Тойргоор нэр дэвшигчдийн нэрийн ард аль тойрогт нэр дэвшиж байгааг бичнэ. Ингээд сонгуулийн дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчид нь тойргоор сонгогдоод, жагсаалтад үлдсэнээс нь хамгийн өндөр санал авсан нь сонгогдох боломжтой гэсэн үг.

-Сонгох эрхээс гадна сонгогдох эрх гэж бас бий. Орон нутгийн сонгуульд өрсөлдөх гэж бодож буй хүмүүст холбоотой ямар онцлог заалт байна вэ. Төсөлд “орон нутгийн сонгуульд өрсөлдөх хүн нь тухайн газраа сонгууль болохоос өмнөх зургаан сараас доошгүй хугацаанд оршин суусан байх” гэх заалт байсан.

-Тийм ээ. 180–аас доошгүй хоно­гийн хугацаанд тухайн орон нутагт амьдран, оршин суусан байх гэсэн заалт оруулсан. Энэ нь  учиртай. Тухайлбал, уул уурхайн салбар хөгжиж буйтай холбоотойгоор энд тэнд ажилчин элсүүлээд, тухайн сумын уугуул иргэдийн хүн амаас илүү компанийн ажилчид ажиллаж байгаа зүйл зарим газарт бий. Ийм үед тухайн орон нутгийн хөгжлийн бодлого, иргэдийн өөрөө удирдах байгууллагын бодлогыг өнөөх түр оршин сууж буй улсууд тодорхойлчих гээд байдаг юм.

-Энэ хуулийн үзэл баримтлалтай холбоотойгоор Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ярих болсон. Үүнийг ойлгохдоо орон нутгийн өөрөө удирдах тогтолцоог сонгодог өнөөгийн маргаад буй зүйлсийг бүхэлд нь өөрчлөх зүйл ярьж байна гэж ойлгоод байна.

-Янз янзын санал гарч байна. Тухайн сумын Засаг дарга нь, аймгийн Засаг дарга нь тухайн сум, аймгийн нийт сонгогчдын дундаас гарч ирдэг байх нь зүйтэй гэх хүсэлтийг их тавьдаг. Энэ талаар зарим гишүүд хуулийн төсөл боловсруулсан нь ч бий. Би хувь гишүүнийхээ хувьд үүнтэй санал нийлдэг. Гэхдээ үүнийг хийхийн тулд заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж хийгдэх асуудал учраас Орон нутгийн сонгуулийн хуулиас өмнө хийж болохгүй байна. Цаг хугацааны хувьд ч гэсэн амжихгүй. Үүнийг УИХ-ын гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар яваандаа хийх ёстой зүйл.

-Цахим үнэмлэхийг хэзээ тарааж дуусах гээд байна вэ?

-Сонгуулиас өмнө тарааж амжина. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын тайлбарласнаар аравдугаар сарын 1 гэхэд үндсэндээ дуусна гэж байна.

-МАН-ынхан “арай ч үгүй байлгүй дээ” гэж байгаад нэг зүйлийг хэлсэн дээ. “Ардчилсан нам нь хот суурин газрынхнаас илүү санал аваад байдаг учраас энэ хүмүүсийг түлхүү санал өгүүлэх хуулийн төсөл бэлтгээд байгаа юм биш биз” гэж байсан. Нээрээ л төв суурин газрынхан төрийн албанд орох нь хөшүүрэг болдог, алслагдсан газрынханд энэ нь хөшүүрэг болохгүй гэдэг утгаар нь ингэж хардаж байгаа шүү дээ?

-Цөөнх болсон улс төрийн хүчин нь их хардамттай болчихдог юм байна. Би мэдээж нийт ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн хүмүүс тийм явцуу зүйл хэрхэвч хийхгүй. Аль болох сайн хуулиар сонгуулиа явуулж, нутаг орноо төлөөлөх төлөөллийг нь сонгоход туслах хууль гаргах. Асуудалгүй, маргаангүйгээр сонгуулийг зохион байгуулах хуулийн орчныг бүрдүүлэхийн төлөө л ажиллана.

Б.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих