Америкийн эсрэг хэн зогсох вэ

Саяхан болж өнгөрсөн цөмийн зэвсэггүй улсуудын дээд хэмжээний уулзалтад Тегеран хэрхэн хандсаныг дэлхийн хэвлэлүүд зөрүүтэй мэдээлж байна.

Иран улс зөвхөн Сирийн хувь заяа хэрхэн эргэхээс хамаарч АНУ-тай цөмийн салбарт хамтран ажиллахаа ил тод мэдэгдсэн. Гэвч барууны хэвлэлүүд тэр дундаа АНУ-ын талыг баримтлагчид үүнийг өөрөөр бичлээ. Тухайлбал, “Гуардиан”, “Америкийн нэг өдөр” агентлагууд “Иран дэлхийн хэмжээний уулзалтад өчүүхэн хариулт өглөө” гэсэн юм. Энэ нь Сирийн нөхцөл байдлыг АНУ сэргээхийг хүсэхгүй байгааг илтгэж буй хэрэг хэмээн зүүний хэвлэлүүдийн энэ өдрийн дугаарын толгой гарчиг бүрт өгүүлжээ.

ОХУ, Сирийн асуудлаар тодорхой мэдэгдэл өгөхийг АНУ-д уриалсан. Гэхдээ хойд хөршийн бодлого зөвхөн Сирийг аврах бус Иранд туслахыг далдуур хүсч байгаа нь нууц биш. Мөн Египет, Саудын Арабын байр суурь зөвхөн Сирийн энх тайвныг тогтоох үйлсэд хүчин чармайлт гаргахад уриалж байлаа.

Энэ удаагийн Тегераны дээд хэмжээний уулзалт цөмийн олборлолт, цөмийн зэвсэг гэх сэдвийг үл ойшоосон билээ. Барууныхны хувьд Ираны цөмийн зэвсэг тийм ч ач холбогдолтой асуудал биш болсныг тод гэрчилсэн юм. Харин хот, тосгон бүрт өдөр алгасалгүй өрнөж буй Сирийн иргэний дайн эдгээр өдрүүдийн үндсэн сэдэв байсан юм.

Вашингтоны зүгээс Сирид иргэний дайн дэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн ч цэргийн хүчээр туслах асуудлаас өнгөрсөн хугацаанд үл мэдэгдэх шалтгаанаар тойрон гарсаар байв. Дэлхий нийт зөвхөн “Сири яах вэ” гэсэн асуултыг “Их-найм” гэгддэг дэлхийн гүрнүүдээс асуусан ч тодорхой хариулт ирсэнгүй. Уулзалтад зөвхөн Саудын Араб цочроо өгөхүйц мэдэгдэл хийгээд байна.

Саудын Арабын төлөөлөгчид “Хэрэв Башар Ассадад хугацаа өгвөл тэр улсынхаа бүх хотыг үнс болгоход бэлэн байгаа. Түүнд цаг хугацаа ямар ч зэвсэг, цэргийн хүчнээс илүү хэрэгтэй. Дайн болж байгаа Сирид анхаарлаа хандуулъя” гэсэн уриалга гаргаад байв.

Уг нь дэлхийн 120 гаруй улс Сирийн одоогийн эрх баригчдын бодлогыг буруушааж буйгаа мэдэгдээд байна. Тэгвэл, Ливи, Египетийн төрийг хурдан эргүүлсэн шиг Сирийн энхийг сахиулах ажиллагаа юунд удаад байна. Үүнд дэлхийн хэвлэлүүд олон таамаг дэвшүүлсээр. “Хафинпост” агентлаг Сирийн бослогыг “Их гүрнүүдийн зөрчилдөөний хамгийн том огтлол” гэж нэрлэсэнд учир бий. Өөрөөр хэлбэл, АНУ Сирид үндсэн хүчээ илгээж, Башар Ассадыг унагавал ОХУ-тай харилцах харилцаа одоогийнхоос мэдэгдэхүйц хүйтрэх юм. Үүнийгээ АНУ олон янзаар тайлбарладаг.

Дэлхийн санхүүгийн хямралаас үүдэж Сирид байлдааны ажиллагаа явуулах хөрөнгийн хомсдол үүссэн гэж дуугарч байсан удаатай. Үүний өмнө “Сирийн ард түмэн Башар Ассадыг өөрсдийн гараар түлхэн унагах нь хувьсгал илүү амттай болохын илрэл” хэмээж ч байв. Гэвч АНУ Сирид цэргийн хүч илгээж чадна. Тэдэнд төлөвлөгөө байгаа. Хамгийн гол нь БНХАУ, ОХУ-ын эсрэг ямар үндсэн шалтгаан гаргах вэ гэдгээ олохгүй байгаа юм хэмээн “Номхон далайн анир” радио англи хэл дээрх мэдээлэлдээ дурьджээ.

ЕГИПЕТ, ИРАНЫ ОЛОН ЖИЛИЙН ДАРААХ “УУЛЗАЛТ”

Египетэд 1979 онд хувьсгал гарснаас хойш Иран улсад Египетийн төр засгийг тэргүүлэгчид огт очоогүй байсаар шинэ зуунтай золгожээ. Тиймдээ ч Египетийн Ерөнхийлөгч Мухамед Мурси Тегеранд ирсэн явдлаа түүхэн үйл явдал гэв. Үүнд Иран ч тодорхой хэмжээгээр ач холбогдол өгчээ. Урьдын хүйтэн харилцааг цэглэж, бүс нутгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх санамж бичигт гарын үсэг зуралцах үйл явдал ч болж өндөрлөлөө. Египетийн төрийн эрх мэдэлтнүүд Ираны уулзалтыг “Цөмийн бөмбөгийг тойрсон ч Сири рүү чиглэгдсэн уулзалт” гэж нэрлэснээрээ түүхэн томьёоллын эзэд боллоо.

Т.Батсугар

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих