“Баруун зам” компанийг шүүхэд өгөхөөр болжээ

Дашчойлон хийдийн зүүн тал дахь оюутны “А” хотхонд оюутнууд нийтийн эзэмшлийн газартаа барилга барьж буйг эсэргүүцэн гурав хонож байсан. Уг барилга нь нэгдүгээр давхар хүртлээ баригдсан ч оюутнуудын эсэргүүцэлтэй тулгаран зогсоод байсан билээ.

Одоо байдал ямар байгаа талаар МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батбаяраас тодрууллаа.

-Барилгын компани болон оюутнуудын хоорондох маргаан эцэслэн шийдэгдсэн үү. Одоо хүртэл барилгын компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх шиг байна?
-Тиймээ. Уг нь Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дахь нийтийн эзэмшлийн газарт Нийслэлийн газрын алба, нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар хамтран шалгалт хийсэн. Ингээд барилгын ажлыг зогсоох шийдвэрийг наймдугаар сарын 27-нд гаргасан. Үүнийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Барилга хот байгуулалтын газрын дарга Э.Хүрэлбаатар шийдвэрлэсэн юм. Гэвч барилгын компани одоог хүртэл үйл ажиллагаагаа зогсоохгүй байна.

-Үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг барилгын компанид хүргэсэн юм уу. Ямар учраас барилгын ажил зогсохгүй байгаа юм бол?
-Бид дээрх шийдвэрийг барилгын компанид хүргүүлсэн. Гэвч барилгын компани наймдугаар сарын 27-ноос хойш хоёр хоногт дахин шөнийн цагаар хоёрдугаар давхрынхаа цутгалтыг хийсэн байгаа. Манай оюутнууд ахин дахин газар дээр нь очиж үйл ажиллагааг нь зогсоохыг шаардаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.

-“Баруун зам” барилгын компани газрын зөвшөөрөлтэй юм билээ. Энэ тохиолдолд цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Нийтийн эзэмшлийн 250 метр квадрат талбайныхаа төлөө оюутнууд, барилгачидтай удаа дараа гар зөрүүлэн их эсэргүүцлээ. Түүгээр ч барахгүй цутгалтын тэрэг оруулахгүй гээд машин тавьсан байсныг хүчээр эвдэж холдуулсан удаатай. Газрын зөвшөөрлийг олгосон хойно цуцалж болдог гэдгийг харуулан хүчингүй болсон талаар албан захирамж ирээд байхад чихгүй мэт байх юм. Энэхүү бичгийг “Баруун зам” компани хүлээж авч нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж өгөхгүй бол цаашид шүүх хяналтын байгууллагад санал гомдлоо хүргүүлнэ.

Ч.Жаргал

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих