Гардасил буюу ”үхлийн” вакциныг яагаад Монголд оруулж ирэх болов

Гардасил вакцины гурав дахь удаагийн тунг есдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд тарихаар болжээ. Монголын 11-15 насны 14 мянган охинд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг хэмээн вакцин тарьсан ч энэ нь үхлийн гэх нэртэй вакцин болж таарлаа. Тодруулбал, Монголын өсвөр насны 14 мянган охинд тариулсан Гардасил вакциныг дэлхийн 100 гаруй оронд хэрэглэхийг, 50 гаруй улсад сурталчилгаа хийхийг нь хориглосон юм байна.

Түүгээр ч үл барам энэхүү вакциныг тариулсан гэх 300 гаруй охин амь насаа алдсан байна. Гардасил вакциныг тариулснаар амь насаа алддаггүй юм гэхэд саажилттай болдог аж. Учир нь, энэхүү вакцины найрлаганд мөнгөн ус ордог бөгөөд аажим аажмаар хор нь тархаж хүний биеийг мэдээгүй болгох, сохрох, үргүй болгох зэрэг гаж нөлөө үзүүлдэг байна. Анх гарсан цагаасаа шуугиан тарьж эхэлсэн энэхүү вакциныг олон орны эмч мэргэжилтнүүд судалсан байна. Гардасил вакциныг тариулсны дараа жирэмслэлт харьцангуй багасаж судалгаанд орсон жирэмсэн 42 эмэгтэйн 18 нь дутуу төрж, нэг нь амьгүй хүүхэд гаргасан байна. Түүнчлэн хүүхдээ төрүүлж чадсан эмэгтэйчүүдийн хүүхэд нь ямар нэгэн гажигтай гарчээ.

2006 оноос үйлдвэрлэж хэрэглээнд гаргасан Гардасил буюу хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин гэж юу вэ. Хүний хөхөнцөр вирус нь 100 гаруй төрөлтэй. Үүнээс зөвхөн дөрөв нь умайн хүзүүний HPV 6, 11,16,18 вирусын халдварын эсрэг вакцин юм байна. Ямар ч хүн HPV халдварынхаа 70 хувийг эхний жилдээ өөрөө устгаж, хоёр дахь жилдээ өөрийгөө 90 хувь эрүүлжүүлдэг ба үлдсэн 10 хувь нь хавдар болон үлдэх магадлалтай байдаг байна. Түүнчлэн HPV-aap өвчлөгчдийн 90 хувь нь 50-иас дээш насныхан байдгийг судалгаагаар тогтоожээ.

Гэтэл ийм үр дагавартай энэхүү вакциныг яагаад Монголын цэцэг цэврүү шиг охидод тарив. Монголдоо тийм ч түгээмэл биш умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэнэт ийм вакцин оруулж ирэх болсон шалтгаан нь юу байв. Манай улсад жилдээ 335 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг. Үүнээс 106 хүн хорт хавдраас болж нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Анх энэхүү вакциныг гарч эхлэхэд барууны орнууд шууд л шүүрэн авч тарьж эхэлсэн ч тус вакцин хийлгэх нь зөв шийдэл биш гэдгийг мэдсэнээс хойш эрс татгалзсан.

Тухайлбал, Испани улс энэхүү тарианы эхний тунг өсвөр насны охидод тарьж эхэлсэн ч хоёр охины биед өөрчлөлт өгч эхлэнгүүт шууд хориглосон байна. Манай улсад одоохондоо ямар нэгэн үр нөлөө өгч хор уршиг илрээгүй ч ирээдүйд үзүүлэхгүй гэх баталгаа алга. Гэхдээ энэ вакциныг хийлгэснийхээ төлөө хохирогч болж, цаашлаад амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь гурав дахь тунг хийлгэсний дараа ийм гаж нөлөө илэрчээ. Түүнчлэн бас нэгэн сонирхолтой зүйл нь Гардасил вакцины хайрцаг дээр хоёроос гурван жилийн баталгаатай гэж бичсэн боловч Монголд үүнийг насан туршийн баталгаатай гэж хэлсэн нь сонин.

Магадгүй үүний цаана бизнес явагдаж байж болох ч цөөхөн хүн амтай манай улс үүнд орооцолдох хэрэг байхгүй л байлтай. Монголд Гардасил вакциныг нэг хүнд хийхэд 390 доллар хэрэгтэй. Харин Энэтхэг улсад энэ вакцины гурван тунг хийлгэхэд 60 доллар байдаг байна. Ингэхээр Гардасил гэх энэ вакцины цаана хүний эрүүл мэндээс гадна байгааг үгүйсгэхгүй. Цаашлаад энэ вакциныг тариулсан охид тав арван жилийн дараа үргүй болж Монгол Улсын удмын сан тасрах эхлэл байж болзошгүй юм. Монгол Улсын Засгийн газар энэхүү вакциныг анх хийх гэж байхад олон дургүй байсан гэдэг. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр “Даффодил” эмэгтэйчүүдийн хавдрын клиникийн захирал, эмэгтэйчүүдийн хавдрын их эмч Л.Баярсайхантай ярилцлаа.

-Манай улс хүний хөхөнцөр вирусын халдварын эсрэг “Гардасил” вакциныг Америкаас авч, өсвөр. насны охидод хийж эхэлсэн. Гэтэл энэ вакцины талаар таагүй мэдээлэл гадны цахим хуудсуудад олноор нийтлэгдэж эхэллээ. Энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?

-Энэ вакциныг 2006 онд АНУ-д зөвшөөрсний дараа үйлдвэрлэгч “Мерк” компаниас “Охиныхоо амь насыг хамгаалахыг хүсвэл Гардасил вакцин хийлгэ” гэсэн уриа, сурталчилгааг хүчтэй явуулсан. Мөн лобийдож болох бүхнийг лобийдсон тул 2007 он гэхэд “Мерк”-ийн мэдээлснээр 80 орон тус вакциныг хийхийг зөвшөөрсөн гэдэг. ”Мерк” бол хувийн компани. Удалгүй энэ вакцинаас гаж нөлөө илэрч охид, бүсгүйчүүд нас барсан тохиолдол гарч янз бүрийн байгууллага, хохирогч эх эцэг, олон нийтийн зүгээс вакцины эсрэг мэдээ баримтуудыг цуглуулсан.

Эдгээр баримт мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар болон Өвчний хяналтын газраас мэдээлснээр 2011 оны есдүгээр сарын 15-ны байдлаар Америкт 40 гаруй сая тун “Гардасил” тараасан ба дээрх бүртгэлийн системд 20096 хүнд гаж нөлөө илэрснийг тэмдэглэжээ. Ихэнх хүнд хөнгөн, дунд ба хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн. Мөн “Гардасил” хийлгэсэн 71 хүн нас барсан гэж мэдээлсэн байна. Нас барсан хүмүүсийн 34 нь уг вакциныг хийлгэсэн.

Гэхдээ “Гардасил”-аас болж нас барсан гэх нотолгоо байхгүй. Ер нь “Гардасил” тариулсны дараа нас барсан хүмүүсийг вакцинаас болсон эсэх нь тодорхойгүй. Гэхдээ юунаас болсон нь ихэнхдээ тогтоогдоогүй гэсэн. Тиймээс үүнийг “гэнэтийн нас баралт” гэх нэр томьёонд хамааруулж байгаа юм билээ. Энэ бол албаны мэдээлэл. Харин бусад 37 хүний тухайд мэдээлэл дутуугаас дүгнэлт хийх боломжгүй байгаа юм.

-Өндөр хөгжилтэй орнуудад эсэргүүцэж байгаа ийм вакциныг яагаад бид охиддоо хийлгэх болов оо?

-Өндөр хөгжилтэй орнууд эсэргүүцэх, эсвэл дэмжих нь бидний луужин биш. Бид үр хүүхэд, улс үндэстнийхээ эрх ашгийг бодох хэрэгтэй. Баян орнуудын их хэмжээний ашиг орлогын төлөөх үйл ажиллагаа нь дэлхий, байгаль орчин, хүн төрөлхтөнд засч болохооргүй хор хөнөөл учруулсаар байгаа.

Би энэ талаар ярихгүй, биеийн амрыг бодоод чимээгүй сууж болно л доо. Гэхдээ мэдсээр байж дуугүй суувал түүн шиг нүгэл үгүй болов уу. Юутай ч энэ ямар учиртай вакцин болохыг ойлгуулахыг хичээж байна. Охиддоо хэн нэгэн эмч, ээж, эгч, найз чинь “вакцин хийлгэ” гэвэл битгий очоорой. Энэ тухай өөрийнхөө боломжоор судал, унш, хариуцлагатай ханд. Тэгээд өөрөө шийдвэр гаргаарай. Харамсалтай нь монгол хэл дээрх баримт материал байхгүй. Гэхдээ бусад бүх хэл дээр хангалттай бий.

-Энэ вакциныг хийлгэхээс өмнө удирдах хүмүүст нь хэлж болоогүй юм уу. Хэдий гадны улс оронд өргөн хэрэглэж сайн гэж ярьж байсан ч өөрсдийн хэмжээнд судлах ёстой байсан санагдах юм?

-Би хоёр жилийн өмнө энэ вакцины талаарх бодлоо сонинд хэвлүүлж байсан. Харамсалтай нь, хэн ч анзаараагүй бололтой. Манайх шиг эдийн засгийн хязгаарлагдмал боломжтой, хүн ам цөөтэй улс дэлхийд хамгийн үнэтэй гэх “Гардасил” вакциныг ийм зөрчилтэй мэдээллийн орчинд охиддоо хийж эхлэх нь эртэдсэн хэрэг.

Дор хаяж 10 жилийн дараа бусад орны үр дүнг ажиглаад шийдэх асуудал. “Мерк”-ийн үйлдвэрлэсэн өвчин намдаах “Vioxx” эм зүрх судасны өвчний эрсдэлийг ихэсгэдэг нь 2004 онд батлагдсан тул зах зээлээс татсан. Ингэж их хэмжээний хохирол амссан компани. “Гардасил” тэдний алдагдлаа нөхөх гарц байхыг ч үгүйсгэхгүй. “Гардасил”-ын гурван тунг хийхэд 390 доллар болж байгаа юм. Ийм өндөр үнэтэй, дээд тал нь таван жилийн хугацаанд хүний палиллом вирусын хоёрхон төрлөөс хамгаална. Бүх насаар нь дархлаа тогтоохгүй бол арав, таван жил ялгаагүй шүү дээ.

Арван жилийн дараа яах вэ, дахиад хийлгэх үү? Папиллом вирусээс өөр умайн хүзүүний хорт хавдар үүсгэж болох бэлгийн замаар халдварладаг арав гаруй төрлийн вирус байгаа. Тиймээс “Гардасил” хийлгэсэн ч хавдрын эрт илрүүлэлтийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг “Мерк” компани зөвлөдөг. Иймд “Гардасил” вакцинаас илүү яаралтай санхүүжилт шаардлагатай. Миний оюутан цагийн найз “Гардасил”-ыг үйлдвэрлэсэн “Мерк” компанийн Кавказ, Дундад Ази хариуцсан захирлаар ажиллаж байсан, Монголд ч ирсэн. Тухайн үед тодорхой мэдээлэл авч Монголд ийм вакцин дэмий юм байна гэж бодож байлаа.

Одоо бүхий л лавлах, интернэт ухаад суувал “Гардасил” нь хүний папиллом вирусын хоёрхон төрлийн эсрэг, дээд тал нь дөрвөөс таван жилийн түр зуурын дархлаа тогтооно гэдгийг олж мэднэ. 10 жил гэж таамагласан мэдээлэл бас байх ч 2006 онд хийж эхэлсэн гэж тооцоход 2016 онд энэ тухай ярих хэрэгтэй.

-Умайн хүзүүний хорт хавдар өвчнөөс вакцин хийлгэхээс өөрөөр сэргийлэх боломж байгаа юу?

-Хавдрын эрт илрүүлэлт, умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу “папскрининг” нь “Гардасил”-аас илүү үр дүнтэй. Тиймээс энэ вакцинаар дархлаажуулсан ч “папскрининг” шинжилгээг хийлгэхийг “Мерк” компани зөвлөдөг. Хавдрыг эрт илрүүлэх хамгийн шалгарсан зөв арга вакцинаас хэдэн зуу дахин хямд. Бэлгийн харьцаанд орсон бүх насны эмэгтэйчүүд жилд нэг удаа шинжлүүлж байхад хангалттай. Энэ шалгарсан аргаар АНУ умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлыг 74 хувь бууруулсан. Умайн хүзүүний хавдрыг эрт үед нь илрүүлбэл 100 хувь эмчлэгдэх боломжтой. Энэ нь бүх хорт хавдар дотроос эрт үед нь илрүүлэх бүрэн боломжтой цорын ганц хавдар юм.

-Умайн хүзүүний хавдар үүсгэдэг папилпом вирус хэрхэн халдварладаг юм бэ?

-Бэлгийн замаар халдварладаг. Хүний папилпом вирус угаасаа л байсан, цаашид ч байх болно. Нийт эмэгтэйчүүдийн 80 хувь нь ийм вирусын халдвар авдаг. Тэдний 95 хувь нь эхний хоёр жилийн дотор өөрөө эдгэрч алга болдог гэж үздэг. Тэгэхээр хүний папилпом вирус илэрвэл хорт хавдар үүснэ гэж шууд ойлгож болохгүй.

“Гардасил” умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин биш. Энэ бол бэлгийн замаар арьснаас арьсанд халдварладаг хүний папилпом вирусын олон төрөл дотроос зөвхөн умайн хүзүүнээс гадна амны хөндий, анусын хорт хавдар зэргийг үүсгэхэд голлон нөлөөлдөг хоёр төрлийн вирусын эсрэг түр зуурын дархлаа тогтоох үйлчилгээтэй вакцин юм. Үүний цаана вакцинаар дарангуйлагдахгүй хорт хавдар үүсгэж болох папилпом вирусын олон төрөл бий.

-“Энэ дархлаажуулалтыг хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй гэсэн баталгааг өгч чадах уу” гэсэн асуултад асуудал хариуцсан албаны хүн “Баталгаа өгөхгүй. Бид ДЭМБ-ын зөвлөмжөөр вакцин нэвтрүүлдэг” гэсэн байсан?

-Вакциныг үйлдвэрлэсэн “Мерк” компани ч ийм баталгаа өгөхгүй. ДЭМБ ч чадахгүй. Ер нь ДЭМБ манай дээд байгууллага биш. Бидний дээд байгууллага бол иргэдийн эрүүл мэнд, улс үндэстнийхээ ирээдүйн эрүүл мэндийн байдал, түүний төлөө алсын хараатай ажиллах Монголын Засгийн газар, Эрүүл мэндийн яам юм. Монголд эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг ихэвчлэн гадаадын байгууллагууд санхүүжүүлдэг тул тэдний заавраар ажиллахад хүрдэг байх.

Гадныхныг өөрөөсөө илүү гэж боддог, үгийг нь дагадаг байж болохгүй. Үүний тод жишээ бол, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн газрууд байна. Цөөхөн хүн амтай манай улсын нөхөн үржихүйн эрүүл мэндийн газрууд нь жирэмслэлтээс хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгч, үнэгүй ерөндөг тавьж, жирэмснээс хамгаалах бэлдмэл, бэлгэвч тараадаг. Гэтэл тэрбум хүнтэй урд хөршид гэхэд эрүүл мэндийн газрууд нь хамгийн сүүлийн үеийн түвшинд үргүйдлийг оношилж, эмчилж, хиймлээр үр тогтоож, улс үндэстнээ яаж нөхөн үржүүлэх талаар ажил зохион байгуулдаг.

-Тэгэхээр энэ вакцины хор хөнөөл нь манай улсад одоо биш ч ирээдүйд илэрнэ гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ, 390 ам.долларын “Гардасил”-ыг 10 настай охинд хийхэд, ойрын хугацаанд хүндрэл гарахгүй байлаа гэж үзье. Хожуу үр дагавар нь гарч, ялангуяа нөхөн үржихүйн хохирол амсч, үргүй болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Хэн гуай ч алсдаа хор нөлөөгүй гэдэг баталгаа өгч чадахгүй. Эмэгтэй хүүхэд 15 нас хүртлээ бэлгийн харьцаанд орохгүй гэвэл ер нь вакцин хийх хэрэг байна уу. Ач холбогдол багатай зүйлээс болж хүүхдээ эрсдэлд оруулахыг хэн хүсэх вэ. Бэлгийн харьцаанд орлоо гэхэд бусад вирусын халдвараас яаж хамгаалах вэ. Вакцин хийлгэсэн ч умайн хүзүүний хавдраар өвдөхгүй гэх баталгаа байхгүй. Ийм эрсдэлтэй хувь зохиолыг өсвөр насны 14491 охиндоо хүлээлгэх хэрэг байна уу гэж бодож байна. Ингэлээ гээд гол зорилго буюу умайн хүзүүний хавдрыг бууруулахад ямар ч бодит нөлөө үзүүлэхгүй. Вакцин хийсэн, хамгаалсан гэсэн тоо л цаасан дээр гарах байх.

Г.Түмэнтөгс

”Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих