”Монголын Хөгжлийн банк”-ийг атгасан эзэн хаана явна

Хуучин Засгийн газрын хамгийн үр нөлөөтэй ажлуудын нэг «100 мянган айлын орон сууц» хөтөлбөр «Хөгжлийн банк»-ны тодорхойгүй байдлын улмаас гацаж мэдэхээр болсон тухай бид өмнөх дугаараараа мэдээлсэн. Чухам яг ямар асуудлаас ийм яриа гарахад хүрэв гэдгийг тодруулахаар «Хөгжлийн банк»-ийг зорьсон ч тусыг эс олов. Учир нь, Монгол Улсыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх банкны гүйцэтгэх захирлын албыг хашдаг Ким Жанг Жин гэгч солонгос нөхөр ажилдаа ирээгүй байлаа.
Одоогоос cap гаруй хугацааны өмнө л энэ эрхэм нутагтаа байгаа гэж дуулдсан. Ирээгүй л байх юм. «Хөгжлийн банк»-ныхны хэлж буйгаар ээлжийн амралтаа авсан гэнэ. Болно л доо, хууль ёсны амралтаа эдлэлгүй л яах вэ. Улмаар хөл, толгой нь мэдэгдэхээ байсан Монголын бүтээн байгуулалтын санхүүг хариуцах гээд толгой өвтгөх ажил ихтэй энэ хүнд амралт хэрэгтэй. Гэхдээ Монгол Улсын «Хөгжлийн банк»-наас санхүүжүүлж, хэрэгжүүлэх ёстой бүхий л төсөл хөтөлбөр Ким Жанг Жинийг амралтаа авсны төлөө гацаж болохгүй л байлтай. Ялангуяа «100 мянган айлын орон сууц» хөтөлбөр.

Өнөөдөр жилийн зургаахан хувийн хүүтэй, урт хугацааны зээлээр орон сууцтай болохыг хүссэн олон мянган хүн материалаа бүрдүүлж байна. Одоогийн байдлаар 3000 орчим хүний материал банкинд ирсэн байгаа бол үүнээс хэд дахин олон бичиг баримт ОССК-д хянагдаж буй юм. Гэтэл өдгөө «Хөгжлийн банк» гүйцэтгэгч банкны дансанд мөнгө байршуулах эсэх нь тодорхойгүй болсон учраас дээрх ажлын хурд саарахаас өөр аргагүй байдалд оров. Өөрөөр хэлбэл, мөнөөх солонгос эзэн мөнгө олгох баримтад гарын үсэг зурахаас татгалзжээ. Одоо бүр амралтаа аваад алга болсон болохоор Ким Жанг Жин гуай ирж байж яах нь тодорхой болно гэсэн үг.

Зөвхөн орон сууцны зээлийн асуудал ч биш шинэ төмөр зам, аж үйлдвэрийн цогцолбор, томоохон
уурхайнуудын ашиглалт гээд олон чухал асуудал ноён Кимийн шийдвэрээс шалтгаалж энэ онд эхлэх үү, үгүй юү гэдэгт тулаад байгаа юм. Ер нь «Хөгжлийн банк»-ийг яах гэж байгуулсан бэ. Монгол Улсын нэрээр гадны баячуудаас мөнгө зээлж, хүүнд шатахын тулд байгуулсан байж таарахгүй. Эсвэл аль нэг харийн нөхөр толгойд нь суучихаад хөрөнгийг хааш хуваарилахыг дур мэдэн шийдэхээр байгуулаагүй нь мэдээж. Хамгийн энгийн хариултыг дурдъя. Өнөөдөр бусдаас дутахааргүй сайхан амьдарч, бизнес эрхлэх гэсэн жирийн нэг монгол хүн арилжааны банкнаас жилийн 24 хувийн хүүтэй, тэгсэн атлаа богино хугацааны зээл авна. Эцэст нь тэр зээлээр бодож байсан ажлаа эхлүүлэх нь бүү хэл хүү төлсөөр байгаад дуусна. Эсвэл 40 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байрыг 20 жилийн хугацаатай, мөн 24 хувийн хүүтэй зээлээр авлаа гэхэд эцэст нь орон сууцны өртгийг 4-5 дахин нугалахуйц мөнгийг банкинд өгсөн байдаг. Эгэл бор амьдралтай монголчуудын амьдрал ийм нөхцөлд дээшилнэ гэж байхгүй.

Засгийн газар энэ бүгдийг ойлгосны дүнд «Хөгжлийн банк» гээчийг байгуулж, иргэддээ бага хүүтэй зээл өгөхөөр болсон ч нэг мэдэхэд л мөнөөх том санхүүгийн байгууллага гадны хүний мэдэлд очсон байх юм. Бүр Засгийн газрын нэр дээрх 680 сая ам.долларын өрийн бичигтэйгээ хамт. Ким Жанг Жин энэ өрийг төлөхгүй, төр төлнө. Түүнийг амралтаа авсан хугацаанд ч төр өдөрт 98 мянган ам.долларын хүү төлсөөр байгаа. Уг нь ингэхийн оронд иргэдэд зээл өгөх ажлыг шуурхайлуулж, өрийн мөнгийг хурдтай эргэлдүүлж байсан бол юунд ийм яриа гарах вэ.

Хамгийн гол нь Засгийн газар хөрөнгө оруулах зөвшөөрөл олгож, Сангийн яам шаардаад байхад «Хөгжлийн банк»-ны солонгос эзэн дээр очоод таг болчихдог нь хачирхалтай. Тухайлбал, 2011 оноос хойш ЗТБХБЯ-ны мэргэжилтнүүд шинэ төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар ажиллах эхлэх гэтэл мөнгөгүй гээд зогсчихсон. Учир нь мөнөөх Ким гуай Засгийн газрын баталсан мөнгийг өгөхгүй гэж гүрийсэнд байгаа юм. Одоо Зам, тээврийн яам энэ мөнгийг салгах гэж бас л их юм болох байх. МАН, АН-ыг хэрэлдүүлж амжсан энэ асуудлын цаана «Хөгжлийн банк»-ны удирдлага юу ч болоогүй юм шиг тоо бодож суусан гэхэд хилсдэхгүй.

Ингээд зогсохгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг ч өгөөгүй. Дундаж орлоготой иргэдэд чиглэсэн энэ хөтөлбөр дориун, нүдээ олсон ажил хэмээгдэж байсан. «Байсан» гэхийн учир нь ЖДҮ-ийн газарт төсөл нь тэнцсэн иргэд өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтаа авч чадаагүй, бүр 2010 оноос хойш хүлээсэн нэгэн ч бий юм билээ. Төслийн хөрөнгө оруулалтыг хүлээсэн иргэд хайран цаг хугацаагаа шал дэмий өнгөрүүлсээр байгаа нь нууц биш. Учир нь ЖДҮ-ийн санд орох ёстой, Засгийн газрын баталсан гэх 50 тэрбум мөн л тодорхой бусаар дансандаа орохгүй байгаа аж.

Хамгийн сүүлд л гэхэд говьд босох шинэ төмөр замын ажлыг эхлүүлэхийн тулд Засгийн газар «Эрдэнэс Таван толгой» компанийг «Хөгжлийн банк»-наас зээл авч болно гэжээ. Зээлийн хэмжээ нь ч их, 300 сая ам.доллар. Банк «мэдээж» зөвшөөрөөгүй. Шалтгаан нь энэ мөнгийг худлаа хэлж аваад , «Хүний хөгжил сан»-гийн халамжид зарцуулчихна гэж хардсаных. Яг үнэндээ Монгол Улс өнгөрсөн таван сарын хугацаанд 14 сая ам.долларыг зүгээр л хүүнд төлсөн байх юм. «Хөгжлийн банк»-ны солонгос эзэнд Монгол тэгтлээ баяжсан юм шиг харагддаг бололтой. Уг нь 2020 он хүртэл тус банк 26 том хөтөлбөрийг 160 орчим тэрбум ам.доллараар санхүүжүүлсэн байх ёстой бөгөөд энэ их хөрөнгийг халааснаасаа гаргаж чадахгүй учраас зээл авах нь тодорхой. Тиймээс өнөөгийн 680 саяыг авдартаа түгжиж, Засгийн газар сая, сая долларыг зүгээр цацаад байлгүй, зарцуулах зүйлд нь өгч баймаар.

Гэтэл өдгөө энэ ажил сөөм сөөмөөр ч болтугай урагшлах боломжгүй болоод байгаа нь Ким Жан Жин нутагтаа амарч байгаатай холбоотой аж. Гэхдээ яг амралтаа авсан эсэх нь тодорхойгүй. «Хөгжлийн банк» хэмээх хэвлэл, мэдээллийнхний хувьд хамгийн хаалттай байгууллагын ажилтнууд хэлэхдээ «Өнөө, маргаашгүй ирнэ» гэдэг. Үнэндээ Монголд ирсэн гадаад захирлууд тэгсхийгээд оргон зайлдаг тал бий. Бүр хэд хэдэн жишээ байгаа. Тиймээс «Хөгжлийн банк»-ны солонгос эзэнтэн өнөө, маргаашгүй ирж ажлаа хийгээсэй билээ гэж
найдахаас даа.

Г.Амартүвшин

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих