”Давхар дугаар авах гэсэн юм, танил байна уу”
Нийслэлийн Засаг Э.Бат-Үүл үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш шийдвэртэй алхамж хийж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авч байгаа. Төрийн албан хаагчид автобусаар явдаг боллоо. Гэхдээ ажил нь өглөө 08:00 цагт эхэлнэ. Мөн автомашиныг дугаараар нь хязгаарлах шийдвэр гарсан. Томоохон үйлчилгээний газруудын цагийн хуваарийг өөрчилж, зөрүүллээ. Үүний үр дүнд замын хөдөлгөөний ачаалал багагүй буураад байгаа.
Гэхдээ манайхны тархинд “Хуулийг зөрчих гэж гаргадаг” гэсэн мэдээлэл бат суусан учир журам гарсан өдрөөс авахуулаад яаж зөрчих талаар бодож эхэлсэн гээд хэлчихэд буруудах юмгүй. Тэр дундаа автомашиныг улсын дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарснаас хойш янз бүрийн арга бодож эхэлсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь нэг жолооч хоёр дугаартай байх боломжийг судалж эхэлжээ.
Яг үнэндээ аль эртнээс хоёр дугаартай байх нь хэвийн үзэгдэл байсан. Харин өнгөрсөн жилээс дугаарын давхардал болон бусад зөрчлийг арилгаж, хоёр дугаартай байх боломжийг хааж эхэлсэн тухай албаныхан мэдээлж байгаа. Гэхдээ л хоёр дугаартай хүн байгаа тухай мэдээлэл гарсаар байгаа юм.
Дугаар олгож байгаад нь биш хэвлэж байгаад нь учир байгаа юм биш үү
Нэг хэсэг манайд давхардсан дугаарын тоо хэрээс хэтэрсэн. Өнгөрсөн жил албаныхан давхардсан дугаарийн зөрчлийг арилгах аян зохион байгуулсан. Аяны хүрээнд судалж үзэхэд одоогоор 3000 орчим дугаар давхардсан байна гэсэн урьдчилсан дүн гарсан мэдээлэл бий. Тиймээс давхардлыг арилгах арга хэмжээ авч эхэлж, хуучин дугаарыг нь сольж, шинийг олгохоор болсон.
Ажил ч нэлээд эрчимтэй өрнөж, үр дүн бага ч болов гарсан байх. Өмнө нь дугаар авчихсан тээврийн хэрэгслийг худалдаж аваад дахиад шинэ дугаар авч болдог байсан. Түүнээс болж дугаарын давхардал үүссэн гэдгийг хүмүүс хэлээд байгаа. Харин АТГ-ын даргын тушаалаар энэ оноос уг явдлыг таслан зогсоож, зөвхөн шинээр орж ирсэн, эсвэл орон нутгаас шилжин ирж байгаа автомашинд улсаас дугаар гаргаж өгдөг болсон.
Дээрээс нь Авто тээврийн газар дээр дугаар авахаар очсон иргэд автоматаар сонгодог болсон, төхөөрөмж нэвтрүүлсэн гээд олон арга хэмжээг авсан цаг саяхан. Гэхдээ дугаар олгож байгаа газар нь биш хэвлэж байгаад нь асуудал байх магадлал өндөр. Бүр эхнээс нь логик дарааллаар аваад үзье. Давхардсан дугаарыг хурааж, өөрийг өгсөн гээд байгаа. Гэхдээ хэд нь найдвартай хураалгасан бэ гэдэг нь сонирхолтой. Саяхан цахим хуудсуудаар УБҮ серитэй яг адилхан дугаартай жийпнүүд дүнхийтэл зогсч байгаа зураг гарч л байсан. Тэгэхээр давхарлыг арилгаагүй л байгаа байхгүй юу.
Мөн хуучин машинаа зарахдаа дугаараа тайлаад үлдчихдэг тохиолдол ч гарч байгаа юм билээ. Энэ мэтээр хоёр дугаартай байх нөхцлийг өөртөө бүрдүүлж байгаа жолооч цөөнгүй байгаа бололтой. Тэгээд ч дугаар хэвлэх эрхтэй хувийн үйлвдэрүүд хэнд, хэдэн төгрөгөөр дугаар хэвлэж өгч байгааг яс хянаж, цагддаг газар бий юу. Нэг нөхөр ахиухан мөнгө өгөөд, давхар дугаар авчихаж болж байна гэсэн дэл сул яриа гадуур “тэнүүчилж” байгаа. Үгүйсгэх аргагүй л юм. Өнөөгийн нийгэмд мөнгөтэй, албан тушаалтай л бол юуг ч хийж болдог хойно.
Давхар дугаар авсан тохиолдолд хянах арга байна уу
Давхар дугаар авч болох бүхий л арга замыг жолооч нар хайж эхэлсэн энэ цагт Замын цагдаагийн газраас тийм боломж байхгүй гэж мэдэгдэж байсан. Албаныхан бол ямар ч боломж байхгүй гээд байгаа.
Гэхдээ ямар нэг боломж гаргаад, мөнгө төгрөгөөр “зодоод”, албан тушаалаа ашиглаад, давхар дугаар авчихсан тохиолдолд хянах арга манайд байна уу. Уг нь улсын дугаар олгохдоо машины мотор, арлын дугаарыг нь бүртгэж авдаг. Дээрээс нь бичиг баримтыг бүртгэх учиртай. Дараа нь машиных нь бичиг баримт, арлын дугаараар нь хөөгөөд, улсын дугаар авсан эсэхийг нь мэддэг гэх.
Гэхдээ дээр дурьдсан аргаар авчихаад, ганц өдөр хоёр дахь дугаараа хийгээд явахад хянаад, илрүүлээд байх боломж манайд байхгүй шүү дээ. Гудамж бүр хангалттай камертай, тэр нь хамаг мэдээллийг нь дэлгэцэн дээр гаргаж, зөрчлийг нь харуулах технологи байхгүй. Нөгөө талаар цагдаа нар машины улсын дугаарыг моторын
дугаартай тулгаад байхгүй. Хууль бусаар авсан, хийлгэсэн дугаарыг өөр нэгэн ном журмынх нь дагуу авсан ч гэсэн сайндаа л давхардана биз. Давхардсан гэдгийг нь тэр дор нь илрүүлэх боломж ч байхгүй. Мөн Замын цагдаагийн газраас өөр машины дугаарыг машиндаа сольж хийж болохгүй.
Хэрэв тийм зөрчил гаргавал хатуу арга хэмжээ авах талаар яриад байгаа. Үндсэндээ хоёр машинтай хүн байгаад, нэг машин нь эвдэрсэн байдал гэж бодъё. Тэр тохиолдолд нөгөө машиндаа хийгээд хөдөлгөөнд оролцож болохгүй гээд байгаа юм. Яг үнэндээ нөгөө машиныхаа дугаарыг сольж хийгээд явахад хянах арга манайд байхгүй шүү дээ. Тэгэхээр хууль, журмыг дагах биш зөрчих арга хайж байдаг хүмүүстэй манай улсын хувьд хяналтын өндөр системтэй, хууль бус үйлдэл гаргавал торгодог шийтгэл өндөр байх хэрэгтэй байна.
Стандартын дагуу дугаар үйлдвэрлэнэ
“Ачааны болон портер машины дугаар стандартын дагуу хэвлэнэ” гэсэн зар гадуур наачихсан байна. Мөн зарын сайтуудаар “Автомашины дугаар зарна” гэсэн зар ч байж л байна. Эхний зарын дагуу утсаар холбогдоход “Зөвхөн ачааны машины хажууд наадаг дугаарыг пластик материал дээр хийж байгаа юм” гэсэн хариу өгч байна билээ.
Гэхдээ цаана нь улсын дугаар хийдэг бизнес байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ерөөсөө албаныхан ганц хоёрхон үйлдвэрт улсын дугаар үйлдвэрлэдэг гэдэг ч нууцаар энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс байж болох шүү дээ. “Автомашины дугаар зарна” гэсэн зарын цаана ч ямар төрлийн бизнес байгааг хэлж мэдэхгүй юм. Өөрсдөө үйлдвэрлэдэг байж болох юм гэсэн хардлага байгаа гэдгийг хэлэх гэсэн санаатай хэрэг.
Н.Пунцагболд
”Монголын мэдээ”
URL: