Оромдох эсвэл оройтох сонгууль

Өнгөрөгч УИХ-ын 76 гишүүнээ бүрэн гүйцэд болгож амжаагүй энэ цаг үед дараагийн сонгууль болох орон нутгийн хурлын төлөөлөгчдөө сонгох болоод байна. Иргэдийн дунд энэ талаар “Дахиад л хууль өөрчлөн сонгууль явуулах ямар хэрэг байгаа юм” гэх дургүйцэл бухимдал ихтэйгээр ямар хуулийн хүрээнд орон нутгийн төлөөлөгчдөө сонгох талаар ойлголт багатайгаар ямар шийдвэр гарахыг хүлээж байна.

ХУУЛЬД ЯАГААД ЗААВАЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОЛОВ?

Өмнө нь Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль хамтад нь явуулдаг байсан. Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг 2012.04.27-ны өдөр баталснаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгууль УИХ-ын 2012 оны ээлжит сонгуультай хамт явагдсан юм. Ингэснээр нэгэнт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны ээлжит сонгууль, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны ээлжит сонгуультай хамтад явагдах бололцоогүй болж буй юм. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбогдсон харилцааг зохицуулж байгаа нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль хоорондын давхцал, ойлгомжгүй байдал үүсгэхээр байгаа аж. Иймд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүйд тооцож, улмаар аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийн тухай хуулийг шинээр батлахаас өөр сонголтгүй гэсэн үг.

ЖАГСААЛТ ИТХ-Д ХЭР ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Хуулийн төсөлд  аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийг УИХ болон НИТХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн нэг адил холимог хувилбараар явуулахаар боловсруулжээ. Жагсаалтыг хэрхэн орон нутагт буулгах аргачлалыг хуулийн төсөлд “Аймаг, сум, дүүргийн хурлын нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь  сум, баг, хорооноос шууд, гуравны нэг нь улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгоно” гэж заажээ.

Гэвч УИХ, НИТХ-д ашиглагдаж байсан намын жагсаалт орон нутгийн сонгуульд хэр тохиромжтой вэ гэх асуулт чуулганы эхэнд гарч ирэв. Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан уг асуудлыг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хүсэлтээр завсарлуулав.

Тус эвслийнхэн “энэ талаар бүлгээрээ нягтлан хэлэлцэх шаардлагатай. Үүнийг зарчмын хувьд дахиж ярилцая” гэв. /Уг эвслийн гишүүдийн олонх нь сонгуулиар намын жагсаалтаар орж ирсэн байтлаа өөрсдийн эвсэлд илүү ашигтай хувилбараас түдгэлзэх ямар сонирхол байгаа нь одоогоор тодорхойгүй байна/

Эвслийнхэн завсарлага авсан шалтгаанаа “Сонгуулийн хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Д.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг хуулийн концепциуд дээр ажиллаж, ямар ч байсан сумын ИТХ-ын төлөөлөгчийг намын жагсаалтаар сонгох нь зохисгүй, иргэд өөрсдөө хүнээ нэр дэвшүүлэх ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрсэн, энэхүү заалтаар хэлэлцүүлэг эхлүүлэхэд санал хураалгах нь зүйтэй” гэсэн юм.

ИРГЭНД ХАРИУЦЛАГАТАЙ БОЛГОХ УУ, ИРЦЭНД КВОТОО БОЛИХ УУ?

Монголд сонгуулийн ирцийг хүчинтэй гэж тооцох нь нийт санал өгөх сонгогчдын 50 –аас дээш хувь нь ирж саналаа өгсөн байхыг хэлдэг. Харин орон нутгийн сонгуульд ирц дээрх 50 хувьд байх нь эргэлзээ төрүүлж буй тул сонгогчийг санал өгүүлэх ямар нэгэн хөшүүрэг байх ёстой гэж үзсэн байна. Ингээд төслөөр хэрэв сонгуульд оролцоогүй бол төрийн албанд ажиллах эрхийг нь түдгэлзүүлэх заалт оруулж иржээ. Дэлхийн бусад оронд үүнтэй адил хариуцлагын тогтолцоо байдаг бөгөөд хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэдэг аж. Хууль санаачлагчид эдийн засгийн хөшүүргийг ашиглахыг зориогүй гэх бөгөөд төрийн албанд орох эрхийг нь түдгэлзүүлэх нь тодорхой эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцжээ. Энэхүү заалтыг нь хэлэлцүүлгийн үеэр өрсөлдөгч хүчнээс улс төржүүлж “сонгууль өгөхгүй бол төрийн албанаас нь халах нь” гэж цуураад амжив. Гэвч үндсэн маргаан нь сонгуульд оролцохгүй бол ийнхүү хариуцлагын хэлбэр ашиглах нь зөв эсэх дээр цааш өрнөв. МАН энэ асуудалд “сонгууль өгөх нь хүний эрх. Үүнээс нь болж хүний эрхийн зөрчил гарна. Хариуцлага тооцдоггүй орон хариуцлагатай орноос илүү олон байдаг” гэв. Гэвч хариуцлага тооцдоггүй орнуудад сонгуулийн ирцэнд заавал 50 хувьд хүрсэн байх гэсэн квот тогтоож өгдөггүй бөгөөд 25-35 хувийн ирцтэйгээр ч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрдөг байна. Иймд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөгдөхүйц болгохын тулд нэг бол иргэнд хариуцлагын заалт бий болгох, эсвэл сонгуульд оролцсон иргэдийн ирцийг болиулах гэх сонголт л үлдэх юм.

ӨВӨЛЖӨӨНДӨӨ БУУСАН ИРГЭД СОНГУУЛЬД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Орон нутгийн хурлыг зохион явуулахын тулд сонгогчдод цахим үнэмлэхийг тараасан байх шаардлагатай. Гэвч Иргэний бүртгэлийн байгууллага энэ ажлыг зохион байгуулж дуусах хугацааг нь арван сарын сүүлээр гэж буй аж. Иймд сонгуулийг 11 сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж. Энэ нь бас л сөрөг хүчний зүгээс эсэргүүцэл хүлээсэн бөгөөд “Энэ цаг үе нь орон нутгийнхан өвөлжөөндөө буусан үе. Мөн залуучууд нь сургууль, ажилдаа явцгаасан үе таарч байх ийм үед тохиромж муутай. Сонгууль нь иргэдийг оролцуулах боломжоор хангах ёстой. Гэвч цаг хугацааны хувьд тохиромжгүй байна” хэмээн сөргүүлж буй аж. МАН-ынханы хувьд сонгуулийн товыг эсэргүүцэх шалтгаан нь орон нутгийн иргэдээс төв суурин газрынханд оролцох боломж их, хөдөө газарт байх иргэд нь оролцох боломж багатай орчин бүрдэх нь гэж үзэж буй аж. Өнгөрөгч УИХ-ын сонгуульд орон нутгийнхан, тэр дундаа хөдөө нутгийнхан тус намынханд илүү санал өгч, төв суурин газрынхан нь эсрэг намынханд илүү санал өгсөн нөхцөл ийн хардах шалтгаан болж буй юм. Мөн хууль санаачлагчид  санал авах өдөр бүх нийтээр амрахаар заасан нь сонгогчдын идэвх, сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх зорилготой ба санал авах өдөр зарим төрлийн худалдаа, үйлчилгээг түр хориглож, зогсоох заалтууд ч мөн үйлчлэхээр тусгагджээ.

ХЭН ХААНА НЭР ДЭВШИЖ БОЛОХ ВЭ?

Сонгуулийн эрх бүхий нэр дэвших тохиолдолд санал авах өдрөөс 180 хоногийн өмнө тухайн аймаг, сум, дүүрэгт шилжин суурьшсан байх талаар төсөлд тусгайлан заажээ. Ингэснээр орон нутагт амьдарч үзээгүй, тухайн нутгийн иргэдийн асуудлыг мэдэхгүй хэрнээ улс төрийн намд тохироо хийж нэр дэвшдэг тохиолдлуудаас татгалзахыг хичээжээ. Төсөлд нам, эвслээс аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхийг заасан бөгөөд тухайн аймаг, сум, дүүрэгт өөрийн салбартай, сонгууль зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн нам, эвсэл сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гэж зааж. Түүнчлэн сонгуулийн эрх бүхий иргэн аймаг, сум, дүүргийн хурлын төлөөлөгчид нэрээ бие даан дэвшүүлэх эрхийг тусгайлан заасан ба нэр дэвшигчийг аймаг, сумын хуралд давхар нэр дэвшүүлэхийг хориглосон аж.

Ийнхүү оромдож боломгүй олон асуудалтай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилсээр байна.

Б.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих