Тавантолгойг Оюутолгой шиг алдаагүйдээ баярлах өдөр өнөөдөр
Эх орны хишгийг Тавантолгойгоос орж ирэх хөрөнгөөр санхүүжүүлнэ. Өөр гарц бидэнд байхгүй” гэж УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хэлж байна. Энэ орд байгаа учраас л өнөөдөр улстөрчид эх орны хишиг тараах амлалтаа биелүүлж, сонгогчдын царайг харах нүүртэй болсон юм. Монгол Улс өөрөө энэ ордын эзэмшигч нь учраас л бид энэ эрхээ бүрэн дүүрэх эдлэх эрхээ нээлттэй үлдээсэн юм.
Харин Оюутолгойгоос бидэнд юу үлдэв. Хашаанд нь ч ойртох эрхгүй харийн вант улсыг эх орондоо байгуулсан нь эл асуултын хариулт. Зэс, алтны энэ арвин ордоос хүлээх зүйл монголчуудад алга. Нэг сая хятад иргэн хил даван орж ирж, монгол ажилчдын байрыг эзэлж, оронд нь тэр тооны монгол өрхөд ирэх ёстой орлого цагаан хэрэм тийш урсана. Харин Тавантолгой бол өөр. Яагаад өөр гэвэл, монголчууд өөрсдөө тэмцэж, үр хойчдоо үлдээх гэж чармайсны хүчинд одоо энэ ордын ширхэг нүүрс ч Монголын төлөө “шатах” болно.
“Би эйч пи биллитон” ба “Шенхуа энержи”-гийн тэмцэл
Тавантолгой дахь гадаадынхны сонирхол энэ ордыг нээж илрүүлсэн цагаас л эхтэй. Уул уурхайн хамгийн том компани “Би эйч пи биллитон” энэ ордод эзэн суух гэж бишгүй тэмцсэнийг олон нийт мартаагүй байгаа. Энэ ордын лицензийг анх Австралийн “Би Эйч Пи Биллитон” компани эзэмшиж байв. Гэвч нүүрсний үнэ хямд байснаас эл зөвшөөрлөө цуцлаад гарч одсон билээ. Ийнхүү монголчууд өөрсдөө энэ ордынхоо лицензийг өөртөө авч үлдсэн түүх эндээс эхэлж байна. Австралиудын дараа хятадууд өмнийн говийн нүүрс тийш хараагаа чилээж эхэлсэн. Хятадын компаниудтай ханцуй дотроо наймаалцаад эхэлчихснийг “Шенхуа энержи” компанийн жишээ өнгөрсөн 2007 онд харуулсан юм. “Гэрээ Монголын Засгийн газрын санал дээр тулгуурлана. Тохиролцоонд хvрч чадвал энэ нь манай компанийн гадаад оронд хэрэгжүүлэх анхны төсөл болно” хэмээн тус компаний захирлуудын зөвлөлиин нарийн бичиг Хуанг Чинг өөрийн орны өдөр тутмын төв хэвлэлvvдэд мэдэгдсэн байв. Энэ мэдэгдэл ахиад л хөшигний цаадах тохиролцоо явагдаад эхэлсэн талаарх харыг өдөөж байсан билээ.
“Рио тинто”, “Би эйч пи биллитон” –ы хурим цуцлагдсан нь
2007 оны хоёрдугаар сараас хойш дэлхийн шуугиан болсон их хурим бол уул уурхайн хоёр гигантынх байв. Оюутолгойд хөрөнгө оруулах гэрээ байгуулах “Рио тинто” компанийг Тавантолгойг “урхидах” гэсэн “Би эйч пи биллитон” худалдан авах санал тавиад байлаа. “Рио”-чуудын өр 39 тэрбум ам.доллараас давсан өртэйг нь далимдуулан австралиуд 147 тэрбум “ногоон”-оор өөрийн болгохоор зэхэж байв. Энэ хурим биеллээ болсон бол өнөөдөр монголчууд Оюутолгойгоо алдсан замаар Тавантолгойгоо “гээх” байсан юм. Тэр цагт юун эх орны хишиг, юун их бүтээн байгуулалт манатай болох байв.
Маогийн хүүхдүүд, австралиудаас Тавантолгойгоос авч үлдсэн монгол толгойнууд
Хятадын “Шенхуа энержи” компани Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тендерт оролцож, монголчуудын шүүлтүүрээр орж байгаа нь монгол толгойнуудын л ач. Хэрэв өнөөдрийг хүртэл Тавантолгой дахь үндэстний харуул манаа ийн чанга байгаагүй бол австрали эсвэл дундад улсын нэгэнд энэ ордоо бид Оюутолгойн жишгээр алдах байв.
Тавантолгойг ард түмэнд өгөх, хишиг, хувийг эздэд нь хүргэхэд олон түмний эрх ашгийн төлөөх нууцыг дэлгэж, зоригтой тэмцсэн улстөрчид, иргэний хөдөлгөөнийхөн, судлаач, шинжээчдэд бид өнөөдөр “Баярлалаа” гэж хэлэх л үлдээд байна. Тавантолгой бидний хамгийн том баялгийн нэг. Харин Оюутолгойгоос юу ч хүлээгээд нэмэргүй болсныг өнөө цаг бидэнд хэлээд байна.
Тавантолгой монголчуудад үлдсэн
“Рио тинто”, “Би эйч пи биллитон”-ыг тойрсон хахуулийн шуугиан дэлхий дахинд намжаагүй байхад Монголд Тавантолгойг даяарчлалд борлуулах, ард түмэнд хуваах хэлэлцээ ид өрнөж байна. Үнэндээ дэлхийн шүүх барууныхны хээл, хахуулийг сөхөж гаргасан нь харийнхны Тавантолгой дахь хэт сонирхолд цэг тавьсан биз ээ.
А.Цомоо
URL: