Х.Мөнхбаатар арслан, Б.Сугаржаргал начин нараас сэргээш илэрлээ
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариу гарч, хоёр бөхийн сорьцоос энэ төрлийн бэлдмэл илэрсэн талаар хэвлэлээр ид шуугиж байна. Гэвч сэргээш илэрсэн хоёр бөхийн нэрийг одоохондоо зарлах болоогүй хэмээж байсан ч манай Mongolcomments.mn цахим хэвлэл допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.
Энэхүү дуулианы эздээр Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Монгол Улсын начин Б.Сугаржаргал нар тодроод байна.
Х.Мөнхбаатар арслан Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар тавын даваанд улсын начин Ж.Оргилыг, зургаагийн даваанд улсын начин Ж.Амартүвшинг, долоогийн даваанд улсын харцага Т.Санчирыг давсан бол наймын даваанд улсын арслан Д.Рагчаад өвдөг шороодсон билээ. Харин Б.Сугаржаргалын хувьд дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг хаяад, тавын даваанд Б.Соронзонболдоор Монгол Улсын начны болзол хангасан боловч ийнхүү сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн нэгээр тодорлоо.
Тэгэхээр МҮБХ болон Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссынхон сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд ямар нэгэн хариуцлага тооцох биз ээ. Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол, чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалт оруулж, баталсан юм. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд бөхчүүдээс сэргээш илэрсэн нь тогтоогдсон ч цолыг нь хураасан тохиолдол байгаагүй. Энэ утгаараа Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нарын цол, чимгийг хураах асуудал ингэсхийгээд дарагдаад өнгөрч магадгүй.
Мэдээж сэргээш хэрэглэсэн бөхчүүд өөрсдийгөө буруугүй хэмээн үзвэл хувийн зардлаараа “Б” сорьцыг БНСУ-д дахин шинжлүүлж, заргалдах боломжтой билээ.
URL: