Салаавч ч гаргадаг, шанаа ч өгдөг дэлхийн парламентууд
2011 оны сүүлээр Английн “Guardian” сонин парламентдаа хамгийн их зодолддог орнуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад Өмнөд Солонгос, Тайвань, Украин, Итали, Орос улсууд тэргүүлсэн байна. Эдгээр улсын парламентад болсон зарим цуутай зодооноос дурьдая.
Өмнөд Солонгос. 2009 оны есдүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль хэлэлцэж байх үед олныг хамарсан зодоон болов. Зодоонд парламентын бараг бүх гишүүн оролцсон бөгөөд эмэгтэйчүүд хүртэл чанга чанга хашгиран, бие биенийхээ хувцсыг урж тасдаж байжээ. Эрэгтэйчүүд танхимын тавилгыг нурааж, бөөгнөрсөн олон руу индэр дээрээс үсэрч байв. Зодооны үр дүнд нэг гишүүн эмнэлэгт хүргэгджээ.
2010 онд ирэх оны төсвийг батлуулахгүй гэсэн сөрөг намын 40 гаруй гишүүн хурал эхлэх өглөө чуулганы танхимын тавилгыг орох хаалган дээр овоолж нэг ёсны бэхлэлт босгожээ. Парламентын спикер тэргүүтэй эрх баригч намынхан танхимд орох гэснээр зодоон эхлэв. Хэд хэдэн хүн гэмтэж, толгойдоо алхаар цохиулсан нэг гишүүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд олонх хүчээр түрж төсвийг баталсан байна.
Тайвань. Тайванийн парламентад зодоон байнга гардаг бөгөөд бие биенээ гутал, ном, гар утас, микрофоноор нүүлгэх нь ердийн үзэгдэл болжээ. 2004 оны 10 дугаар сарын нэгэн хуралдаан дээр эрх баригч намын нэг гишүүн сөрөг намынхан руугаа ном шидтэл цаадуул нь мөчөөгөө өгсөнгүй, идэж байсан хоолоо чулуудаж хариуд нь мөн тийм “цохилт” амссанаар чуулганы танхим, цай, кофе, гоймонд дарагдав. Энэ чуулганаар цэргийн төсвийг 18 тэрбум доллараар батлах асуудал хэлэлцэж байжээ. 2007 оны нэгдүгээр сард гишүүд Сонгуулийн хуулин дээр санал зөрөлдсөнөөр олноор зодолдсон бөгөөд спикерийн микрофоныг булаацалдсанаар уг зодоон улам даамжирчээ.
2010 оны наймдугаар сард нэгэн хуулийн төслөөр санал хураах үед сөрөг хүчний нэг депутат санал хураалтыг тасалдуулахын тулд хуулийн төслийг шидэхээр завдсанаар зодоон дэгдэж мөнөөхөн гишүүн эрх баригч намын нэг гишүүнийг хазав. Английн “Daily Mail” сонин Тайванийн парламентад болдог зодоон урьдаар төлөвлөгддөг, гишүүд зодолдох өдрөө харилцан ярилцаж товлоод уг өдөр спорт гутал өмсөж ирэхээр тохиролцдог талаар бичжээ. Энэ нь байр сууриа хамгаалах, хууль батлахын төлөө хамаг байдгаараа тэмцэж байгаагаа сонгогчдод харуулах нэг арга гэнэ. Зодооны орой талууд хамтдаа бааранд орж наргидаг хэмээн тус сонинд бичсэн байна.
Итали. 2011 оны 10 дугаар сард сөрөг намын гишүүн нөгөө нэг намын даргын эхнэрийг 39 насандаа тэтгэвэрт гарсан гэж хэлснээс болж зодоон үүсчээ.
Италийн улс төрд тэтгэврийн шинэчлэлийн асуудал ихээхэн маргаан үүсгэдэг. Өмнө нь Сильвио Берлускони Европын холбооны шаардлагаар, тэтгэврийн насыг 65-аас 67 болгож нэмэх санал гаргасан нь энэ мэт олон зодооны шалтгаан болж байв.
Украин. 2010 оны дөрөвдүгээр сар. ОХУ-ын флотыг Украинд байх хугацааг сунгах хэлэлцээрийг батлах асуудлаар хуралдах гэж байхад сөрөг намын гишүүд спикер рүү өндөг нүүлгэжээ. Ю.Тимошенкогийн намын зарим гишүүд хэлэлцээрийг дэмжих гэсэн нэг намынхныгаа суудалд нь суулгасангүй.
Спикер хурлыг эхлүүлсэн боловч зодоон эхэлж Ю.Тимошенкогийн намын нэг гишүүн тусгай хэрэгслээр утаа май тавьжээ. Өнгөрсөн тавдугаар сард Төрийн хэлний тухай хууль хэлэлцэхэд сөрөг хүчнийхэн танхимын хоймор хэсгийг эзлэхээр дайрч, нөгөө намынхны эсэргүүцэлтэй тулгарснаар зодоон үүсэв. Үр дүнд нь хууль санаачлагч гишүүн тэргүүтэй таван хүн хүнд бэртсэн байна.
Турк. 2007 оны тавдугаар сард бүх нийтийн сонгууль явуулах асуудлыг хэлэлцсэн хурал дээр сөрөг намын хоёр гишүүн, эрх баригч намын нэг гишүүнийг нийлж зодов.
2012 оны тавдугаар сард Боловсролын хууль хэлэлцэж байхад хоёр намын гишүүд хоорондоо үг чулуудалцсан нь 20 гаруй хүн оролцсон томоохон зодоон болж хувирчээ.
Гүрж. 2002 оны 11 дүгээр сард парламентын гишүүн Петре Цискаришвили өрсөлдөгч намын гишүүнийг зодооны төмөр хэрэгслээр нүүр лүү нь цохиж хүнд гэмтээв. Гүржийн парламентад үүнээс хойш байсхийгээд л зодолддог болсон бөгөөд дараа жил нь дэд спикер зодуулж түргэнээр эмнэлэгт хүргэгдэв.
Өнгөрсөн оны есдүгээр сард 2008 оны дайныг ерөнхийлөгч “М.Саакашвилийн хийсэн ажил” гэж хэлсэн нэг гишүүн мөн л зодуулж эмнэлэгт хэвтжээ.
ОХУ. 2003 оны нэгдүгээр сард чуулган дээр болсон нэгэн хэрүүлийн үеэр бие даагч гишүүн Александр Федулов Коммунист намын дарга Геннадий Зюгановыг “Улс төрийн янхан” гэжээ.
Коммунист намын гишүүн, зодоончоороо алдартай Василий Шандыбин түүн рүү инээж очсоноо гэнэт нүүр лүү нь цохиж унагаснаар зодоон эхэлсэн байна.
Б.Амгалан
”Өдрийн шуудан”
URL: