”Түй май” манай төрийн моод

Манай улстөрд нэгэн шинэ моод дэлгэрээд төдийлөн удаагүй байна. Тэр моод нь САЛААВЧ… Уг нь, шинэ зууны монголчууд салаавч гээч зүйлийг бараг мартах дөхөж байлаа. Ийн хоцрогдох шахсан зүйлийг хамгийн анх моод болгон төрийн ордонд дэлгэрүүлсэн хүн бол УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу. Тэрбээр, төрийн наадамд 10 гаруй удаа түрүүлсэн бие томтой, бяр ихтэй Б.Бат-Эрдэнэ аваргатай тоглож байгаад гэнэт л санаандгүйгээр энэ цагийн моодыг дэлгэрүүлчихжээ.

Төрийн ордны дөрвөн давхрын зэргэлдээ өрөөний найзууд хоорондоо их л “нялхамсаж” тоглохдоо гурван хурууны үйлдэл хийснийг нь улстөрчид ойлгоогүй бололтой. Ямартай ч, түүний энэ зан үйл улстөрчдөд ихээхэн таалагджээ. Одоо бол Төрийн ордонд хоёр гишүүн багахан маргаан өрнүүлээд л “Түй май” гэсэн үгээр хүч нэмсэн гурван хурууны үйлдэл үзүүлэх болж. Бүр зарим үед хоёр хүн маргалдаж байхад нь хүртэл өнөөх моодыг дагамаар санагдаад дундуур нь шууд л дайрч ороод салаавч үзүүлдэг болов. Нарантуулын боссын дараа энэ моодыг тун амжилттай хэрэгжүүлсэн хүн бол УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр билээ. Н.Энхбаяр, С.Молор-Эрдэнэ, Б.Жаргалсайхан гээд нийлээгүй бүтэлгүй “гар” гэж байхгүй, батлахыг нь аваагүй нам тун цөөн үлдээд байгаа Ц.Шинэбаярын хувьд Монгол төрийн гуравдагч тэргүүнийг авлигын хэргээр баривчлахаар ирсэн тусгай ажилтнуудын өөдөөс өнөөх алдарт моодоо үзүүлж байж буйдан дор дарагдаж үхэх шахсан удаатай. Харин тэрбээр буйдан дороос бэртэл гэмтэлгүй гарсандаа бус салаавч гаргаж чадсандаа ихээхэн бардсан гэдэг юм билээ. Тийм ч учраас палийсан том хуруугаа гаргасан Ц.Шинэбаярын гурван хурууны үйлдэл нэг хэсэг телевизүүдээр гарсан нь улстөрчдөд сурталчилгаа болсон шиг байна. Түүний дараа төд удалгүй салбар бүрт балаг тарьж бантан хутгаж явдгаараа Н.Энхбаяр өнөөх алдарт салаавчийг туршиж үзсэн.

Ямартай ч, хууль хяналтын байгууллагынхан тогтоол уншин танилцуулж байхад эрхийгээ хоёр хуруун завсраа лав гэгч нь чихэж байгаад “Май үүнийг ав” гэсэн юмдаг. Ингэснээр Н.Энхбаярын хувьд төрийн тэргүүн байсан эрхмүүдээс хамгийн анх удаа ард түмнийхээ өмнө салаавч гэдэг моодыг үзүүлж чадсанаараа ч түүхэнд үлдэх байлгүй. Тэгвэл тун саяхан УИХ-ын харааны шилтэй гишүүдээс бас л түүхэндээ анх удаа тус моодыг олон нийтэд үзүүлж чадсан “эр зоригтон” тодорлоо. Тэр эрхэм бол монгол орны хөрсөнд мод байтугай бут ч овоолоогүй байж, “Экологийн” хэмээн нэр зүүх болсон УИХ-ын эрхэм гишүүн Г.Баярсайхан. Түүний үзүүлсэн гурван хурууны үйлдэл.

Бас болоогүй “хачиртай”. Тэр “хачир” нь баргийн бацаан тоож донгодохооргүй заваан заналхийлэл, доромжлолынх байсан. Уг нь, түүнд салаавч гэдэг моодыг үзүүлэх, уурлаж бухимдах ямар ч шаардлага байгаагүй юм гэнэ лээ. Зүгээр л түүнд нөгөө моод таалагдаад байхаар нь тэсч ядахдаа танхимд маргаан өрнүүлж буй хоёр гишүүний дундуур дураараа дайран ороод л салаавч үзүүлчихсэн.

Үүнийхээ дараа санаа нь амрахгүй болохоор У.Хүрэлсүх гишүүний цамцных нь товчийг салаавчтай гараараа тас татаж үзмээр санагдсан. Ингээд ч “Ц.Элбэгдоржоор хууль, шүүхийг базуулчихаад , Н.Энхбаярыг шоронд хийчихээд байхад…” хэмээн бардахдаа тэсэлгүй У.Хүрэлсүхийн бүр хоолой уруу нь салаавчтай гараа тулгаж байгаад шахаж үзмээр санагдсан. Мөн энэ моодыг яагаад туршиж үзэх болсон тухай өөр бас нэг таамаглал байна. Ер нь, Г.Баярсайхан гишүүн халаасандаа гараа хийх бүртээ дандаа салаавчилчихсан байдаг. Тэгээд л зүгээр байгаа хүнийг өдөж, доромжилсондоо сандраад халаасандаа байсан салаавчтай гараа мартаад шууд гаргаад ирсэн байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч, хоёр хүн мэтгэлцэж байхад нь сайн дураараа савсганаж болдоггүйг түүнд цэргийн сургууль төгссөн, улстөрийн арвин туршлагатай гишүүн ухамсрын шанаагаараа мэдрүүлсэн байлгүй гэж санах юм. Эрчүүдийн “тоглоом” ч бас хатуу шүү… Үүнийг мэдэж байж харааны шилтэй гишүүн Баяраа гурван хурууны үйлдэл хийсэн байх. Одоо Г.Баярсайхан гишүүн У.Хүрэлсүх гишүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн улайрч яваа юм гэнэ лээ. Бас бөх зүрх шүү. “Би огтоос салаавч өгөөгүй” хэмээн мэлзсэн. “Миний үйлдлийг бичиж авсан аппарат, дүрс бичлэгийн дуран байхгүй” гэж найдсан байх л даа. За тэгээд энэ мэт гүтгэх ч бага хэрэг. Тойрогтоо тийм, иймийг хийнэ хэмээн том, том амлалт өгчихөөд ганцхан “Чингэлтэй” хайрханы нэрээр сурталчилгаагаа хийсэн хүнийг ийм зүйл яриад суухад нь гайхах ч зүйлгүй.

Яг үнэндээ зүгээр байсан хүнийг өдөж, гурван хурууны моод үзүүлэн улмаар боож унагахаар сарваганасан атлаа “Би буруугүй ээ” хэмээн хууль хяналтын байгууллагад хандана гэсэн болохоор түүнийг интернэтээр нэг “Охин Баяраа” гээд нэрлэчихэж. Үгүй ер нь тэгээд Охин Баярааг л ижилхэн төрийн түшээ хүнээ “Шоронд байх ёстой хүн, шоронд чинь оруулна, МАН-ыг газрын хөрснөөс арчина…” гэхчилэн овоо босгоогүй бол У.Хүрэлсүх гишүүн эр хүнийхээ хувиар ч, улстөрчийнхөө хувиар түүнийг тоож хялайхгүй, ширээн дээр нь очиж тохойдохгүй эрэмбэтэй. Тэгээд ч Эрүүгийн тухай хуулийн 35.4-т “Ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээдийг Хатгагч гэнэ” хэмээн заасан. Зөвхөн энэ хуулийн гаргалгаагаар авч үзэхэд Хатгагч Г.Баярсайхан өөрөө түрүүлж гэмт хэрэгтэн болж таарч байгаа юм.

Улмаар түүнд хуулийн дагуу бол “Хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас доогуур ял оногдуулж болохгүй” гэсэн хуулийн заалт тохирч буй. Гэхдээ энэ хоёр гишүүний үйлдэл манай 20 гаруйхан настай парламентад цоо шинэ үзэгдэл болохоор хүмүүс ч сурсан зангаараа ховонд дурлаад сүйд болж байна. Гэтэл гадны оронд бол бараг л энгийн. Цүнх саваараа нэгийгээ дэлсэх, ухамсрын шанаа өгөх, гар зангидах, босч ирэн барилцаж аваад ноцолдох зэрэг бол байдаг л үзэгдэл ажээ. Үүгээр нь ч тухайн улстөрч өөрийн байр суурьтаа хэрхэн үнэнч байгааг энгийн иргэд сонгогчид хэмждэг ажээ. Гэтэл манайд…?

Д.Булган

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих