Н.Номтойбаярын баримт ноцтой биш үү, хуулийнхаан
Энэ улс орныг хөгжүүлье, зөв гольдролоор нь явуулъя гэдэг маань сайн хуультай байх, тэрхүү хуулийн дор захирагдаж амьдрахыг хэлнэ биз дээ. Гэтэл хуулийг зохиодог, тэр хуулийг баталдаг онцгой эрхтэй субъектүүд нь хууль зөрчигсөд, гэмт хэрэгтнүүд байгаад ард түмэн яаж итгэх юм бэ. Ийм л үндэслэлээр энэ Их хуралд чинь Н.Номтойбаяр гэсэн хууль бус үйлдэлтэн байна гэдгийг нотолж байна.
2012 оны УИХ-ын сонгуулийн VII тойрогт МАН-аас нэр дэвшигч, НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр өөрийн тойргийн 335 иргэнд хувьцааны төлбөр нэрээр тус бүр нэг сая, нийт 335 сая төгрөгийг 2012 оны зургадугаар сарын 25-ны өдөр бэлнээр олгожээ.
Мөнгө олгох шийдвэрийг нь “Хувьцааны төлбөр олгох дараалал тогтоох тухай” А/75/146 тоот тушаал нэрээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн сайд Д.Хаянхярваа нар хамтран мөн тэр өдөр буюу 2012 оны зургадугаар сарын 25-ны өдөр гаргасан байна. Тушаалын хавсралт буюу “Иргэдэд хувьцааны төлбөр олгох жагсаалтын товчоо”-г мөн тэр өдөрт нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргаж ХААН, Хадгаламж банкинд мөнгө нь бөөнөөр оржээ. Энэ бол УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнөх өдөр, сурталчилгааны оргил үе байв. Гайхамшигтай хурдтай ажиллацгаасан байгаа биз. Монгол төрийн бүх ажил ийм хурдтай явагддагсан бол энэ улс орны хөгжил юухан байхав дээ, нүд ирмэхийн зуурт диваажин болно.
Хамгийн гол нь хувьцааны төлбөрийг олгож эхлэх талаар олон нийтэд ямар ч мэдээлэл өгөөгүй, харин мөнгө авах иргэдийг Н.Номтойбаярын сонгуулийн сурталчилгааны сүлжээгээр дамжуулан бүртгэж, зөвхөн өөрсдөд нь мэдэгдсэн байжээ. Мөнгө авсан иргэд сонгуулийн өмнө ч, хойно ч энэ талаар хэнд ч мэдэгдээгүй нь үүнийг нотолж байна. Энэ үйл ажиллагаанд НХХ-ийн сайд Т.Ганди, Сангийн сайд Д.Хаянхярваа болон Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Энхболд, зарим сум, багийн нийгмийн ажилтан зэрэг төрийн албан хаагчид, ХААН, Хадгаламж банкны салбарын захирлууд зэрэг арилжааны банкны ажилтнууд оролцжээ.
Хувьцааны төлбөрийг иргэдийн хүсэлтийг үндэслэн олгох хуулийн заалттай бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолын дагуу нэг сая төгрөгөө эхний ээлжинд бэлнээр авах хүсэлтээ 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өмнө гаргаж, маягтыг бөглөн ХХҮГ-т хүргүүлсэн, харин үлдсэн иргэд 2012 оны тавдугаар сарын 20-30-нд хүсэлт гаргасан байв. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үлдэгдэл 340 мянгаа аваагүй, тэр ч бүү хэл “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд сар бүр бэлнээр олгож байсан 21 мянган төгрөгийн үлдэгдэл 23 мянган төгрөгийг өгч дуусгаагүй (тус аймгийн зарим сум одоо болтол 23 мянган төгрөгөө аваагүй байна) байхад дараагийн ээлжинд авах хүмүүст буюу тус аймгийн 335 иргэнийг сонгон авч, тус бүр нэг сая төгрөгийг хувьцааны төлбөр нэрээр бэлнээр нь, нэг өдөрт шийдэн олгосон нь тухайн үед НХХ-ийн дэд сайд байсан Н.Номтойбаярын сонгуульд өрсөлдөхдөө албан тушаалаа урвуулан ашигласан тодорхой үйлдэл юм.
Дорнод аймагт хамгийн бага хэрэглээтэй таван хувийн шугамаас доогуур амьжиргаатай 1800 өрх байгаа бөгөөд энэ дотроос 335 өрхийг чухам ямар шалгуураар сонгож авсан нь тодорхойгүй байна. Н.Номтойбаярын сурталчилгааны сүлжээгээр дамжуулан мөнгө авах иргэдийн жагсаалтад орж нэг сая төгрөгөө бэлнээр авсан иргэд нь ихэнхдээ хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөрийн насны, амьдрал боломжтой идэр залуу хүмүүс байгаа нь тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс дээр нуун дарж байсан нэрсээс нь харахад тодорхой болов. Ер нь хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан олон зуун мянган иргэн бий. Эднийг Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоол шиг тусгай журам гаргаагүй нөхцөлд ямар нэг байдлаар ялгаварлаж, дараалал тогтоох ёсгүй. Хэрэв ийм зайлшгүй шаардлага байгаа бол Засгийн газраас маш нарийн журам гаргаж, иргэдэд мэдээлэх, аймаг дүүргийн хөдөлмөр, халамжийн байгууллагууд, сум, багийн зүгээс хариуцах бэлтгэл ажил маш их байх ёстой. Арилжааны банкийг сонгон шалгаруулаагүй, олон нийтэд мэдэгдээгүй нөхцөлд иргэд аль нэг банкинд хүсэлт гаргахгүй бөгөөд иргэд хүсэлтээ гаргаагүй байхад мөнгө олгогдож эхэлсэн гэсэн үг. Мөнгө авсан нэр бүхий иргэд ямар нэг хүсэлт гаргаагүй байхад банк журам зөрчиж шууд данс нээсэнтэй адил юм. Иргэний дансанд мөнгө шилжүүлэх ажиллагаа ч журмаар хийгдээгүй. Одоо мөнгөө аваагүй байгаа бусад иргэдэд данс нээсэн эсэхийг шалгах ёстой.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэн хувьцаагаа худалдах хүсэлтээ гаргаж дуусаагүй байхад мөнгө олгож эхэлсэн. Учир нь энэ үед хувьцаагаа худалдах хүсэлтээ өөрчлөх иргэд наймдугаар сарын нэгний дотор мэдэгдэж буцааж болно гэсэн зар мэдээллийн хэрэгслээр явж байсан. Засгийн газар иргэдийн хувьцааны төлбөрийг хувьцааг худалдаж борлуулсны дараа олгоно гэж мэдэгдэж байсан. Иргэний мөнгөнөөс суутгагдах ёстой шимтгэл, төлбөр болон иргэдэд төлөх ёстой мөнгөний бичилт хийгдээгүй, энэ тухай мэдээллийг арилжааны банкинд өгөөгүй, үүнийг хийх үүрэгтэй халамжийн байгууллага, мэргэжилтнээр дамжаагүй байна.
Хувьцааны мөнгөө авахыг хүссэн иргэдийн гэрээ (хүсэлт)-нд тусгагдсан 2011 оны ЭМД-ын шимтгэлд бэлэн бусаар төлөгдсөн хүн тус бүрийн 8040 төгрөгийг огт суутгалгүй, шууд нэг сая төгрөгийг олгосон байна. Эдгээр хүмүүсийн ЭМД-ын шимтгэлд бэлэн бусаар төлөгдсөн 11.6 сая төгрөгийн хохирлыг хэн хэрхэн барагдуулах вэ гэсэн асуулт тавигдаж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийн эхний хэсэг буюу дөрөвдүгээр сард олгогдсон 330 мянган төгрөг, мөн тавдугаар сард олгогдсон 330 мянган төгрөг нь тус тус аймаг, дүүргийн ХХҮХ-ээр дамжин олгогдож, ХХС-гийн дэвтэрт тэмдэглэгдсэн байтал Н.Номтойбаярын шахалтаар тараагдсан гэж үзэж байгаа дээрх мөнгийг аймаг, дүүргийн ХХҮХ-ийн дансаар дамжуулалгүй арилжааны банкаар олгосон байна. Ингэснээр дээрх мөнгөнөөс ЭМД-ын шимтгэлд суутгагдсангүй, халамж үйлчилгээний байгууллагын ямар ч тэмдэглэгээ, бичилт алга байна. Зөвхөн энэ хэсэгт л гэхэд “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”-д заагдсан хишиг, хувь хүртээх үйл ажиллагааг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх, иргэн бүрийн хувийн дансанд зохих бичилт хийх, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дансанд төлбөр шилжүүлэх, нэрсийн жагсаалтыг халамж үйлчилгээний байгууллагаас арилжааны банкинд хүргүүлэх зэрэг үйл ажиллагааны дараалал, зарчим бүхэлдээ зөрчигдсөн байна.
Энэхүү нэг сая төгрөгийг иргэдэд амлах, бичиг баримт жагсаалтыг үйлдэх, мэдээлэл дамжуулах зэрэг ажилд Дорнод аймгийн Хэрлэн сумын багуудын нийгмийн ажилтнууд, аймгийн ХХҮХ-ийн дарга, зарим мэргэжилтэн зэрэг төрийн албан хаагчдыг оролцуулсан бөгөөд иргэдэд ил тод, тэгш шударга үйлчлэх ёстой эдгээр албан хаагчдын оролцоотой гаргасан мөнгө олгох жагсаалт сонгуулийн дараа аймгийн ХХҮХ-ээс гарч иржээ.
НХХ-ийн дэд сайд асан Н.Номтойбаяр нь Сангийн сайд Д.Хаянхярваа, НХХ-ийн сайд Т.Ганди нартай хуйвалдаж, албан тушаалаа ноцтойгоор ашиглаж, өөрсдийн нэр дэвшсэн тойрогт мөнгө тараах боломж бий болгох зорилгоор хамтарсан тушаал гаргасан нь “Хүний хөгжил сангийн тухай” хууль, УИХ-ын 2010 оны 39, 2011 оны 53, 57 дугаар тогтоол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 3, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 116, 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181, 2012 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр тогтоол, мөн тогтоолоор баталсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам” зэрэг болон бусад олон хууль тогтоомжуудыг зөрчжээ. Н.Номтойбаярын үйлдэл бүрийг хуулийн заалт нэг бүрээр гаргах аваас олон хуудас баримт болж байгаа юм. Энэ нь төрийн хуулийг бүлэглэж зөрчсөн ноцтой үйлдэл юм. Одоо шинэ УИХ, Засгийн газар, Сангийн болон НХХЯ энэ асуудлыг яаралтай шалгаж хуулийн байгууллагад шилжүүлэх ёстой. Энэ мэт хууль бус үйлдлийг таслан зогсоож байж итгэл найдварын гэрэл гэгээг хүмүүст авчирна. МАН гэдэг мангасаас хамааралгүйгээр, МАН мангасын дарамтгүйгээр, МАН-гүй бол ажил амьдрал дээшээ явахгүй нь гэсэн гуниглалгүйгээр эх орондоо шударга сайхан амьдарч болох ирээдүй ирж яваад Монголын ард түмэн итгэж эхэлсэн шүү.
Б.НЯМСҮРЭН
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60602
URL: