Ө.Энхтүвшингийн ”Эргэлзээ”

МУСТА Х.Хүрэлхүү нэгэн үе өөртөө баахан эргэлздэг байв. Харин УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин саяха­н УИХ-ын ээлжит бус чуул­ган дээр өөртөө ингэж эргэлзэв.

Би ер нь энэ улстөрийн амьд­рал­даа их эргэлзээд байдаг болчихож.

Би өөрийгөө ингээд бодохоор УИХ-д эрийн сайндаа ороод ирсэн ч юм шиг жагсаалтын буянаар ороод ирсэн ч юм шиг
Манай намынхан УИХ-д суугаад байгаа ч юм шиг, хөөгдөөд байгаа ч юм шиг
Чуулганы танхимд ороод ирэхээр МАН бүлэгтэй ч юм шиг, бүлэггүй ч юм шиг
Бүлгээ байгуулъя гээд хүсэлт гаргахаар З.Энхболд нь хүлээж авах ч юм шиг, үгүй ч юм шиг
Яг үнэндээ УИХ-ын дарга нь хууль ёсных ч юм шиг хууль бус ч юм шиг
Дэд дарга нар нь бүрэн ч юм шиг дутуу ч юм шиг

Иймэрхүү байдалтай УИХ-ыг даргалж байгаа З.Энхболдод хэдэн үг хэлчихээр намын гишүүд нь өмөөрч босч ирснээ загнаад ч байгаа юм шиг, зодох гээд ч байгаа юм шиг

Даргадаа нэг л их хайртай хүмүүс…

Бүр сүүлдээ би МАН-ын дарга мөн ч юм шиг, биш ч юм шиг санагдаад байдаг болчихож.
Бүлгийнхээ асуудлыг хэлэл­­­цүү­лэх санаатай сууж бай­­тал чуулганы танхимаас сэтгүүлчид зугтаад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг пи­жиг­нэлдээд гараад гүйчих юм.
Сураг сонсох нь ээ манай У.Хүрэлсүх хүнд заамдуулаад байгаа ч юм шиг, айлын хүү­хдийг алгадаж шоглоод байгаа ч юм шиг
Даргыгаа өмөөрч дарвалз­сан Г.Баярсайхан гишүүн манай хүнд алгадуулсан ч юм шиг, зодуулсан ч юм шиг шалан дээр толгойгоо тэврээд хэвтэж байна лээ.

За тэгээд шөнө унтаад, өглөө нь босоход урьд шөнө нь унтсан ч юм шиг, ун­таагүй ч юм шиг
Босч ирээд өөрийгөө толинд харахаар ялагдсан намаа аврах гээд байгаа ч юм шиг, яллах гээд байгаа ч юм шиг
Цайныхаа ширээнд суугаад сонин гарчиглахаар нам бид хоёрыг магтсан ч юм шиг, гоочилсон ч юм шиг
Зурагтаа асаахаар нэг их том том ярьсан АН-ынхан гарч ирээд улстөр ч юм шиг, авгай хүүхний хэрүүл ч юм шиг хачин юм ярина.
Дахиад сувгаа солингуут шинэ Засгийн газрын гишүүд нь хууль зохиогоод ч байгаа юм шиг, хуйвалдаан зохиогоод ч байгаа юм шиг
Дахин суваг солингуут нэг их олон намын дарга нар гарч ирснээ орон нутгийн сонгууль явуулах ч юм шиг, явуулахгүй ч юм шиг юм ярина.
Одоо ингээд бодохоор миний жижиг Монголд ийм олон нам байх нь зөв ч юм шиг, буруу ч юм шиг
Өглөөний 09:00 цагтай зэрэгцээд ажилдаа явах гэхээр Э.Бат-Үүл миний ма­шиныг унуулах ч юм шиг, гараашдаа хадгалах ч юм шиг хачин захирамж гар­гачихсан байгаа байхгүй юу
Тэгээд одоо би автобусаар явах ч юм шиг, үгүй ч юм шиг
Арай гэж машинаа асаагаад хөдөлгөөнд орно, миний машин яваад ч байгаа юм шиг зогсоод ч байгаа юм шиг битүү түгжрээ.

Сүүлдээ аргаа бараад нэгдүгээр эгнээгээр явах ч юм шиг, үгүй ч юм шиг
Ингэж аргаа баран байж чуулганы танхимд орж ирээд С.Бямбацогт, Д.Батцогт хоёрыг харахаар хамаатан ч юм шиг, хоёр өөр намынх ч юм шиг
Намынхаа бүлгийг бай­гуул­чих санаатай Н.Алтан­хуяг, З.Энхболд хоёртой ганц юм задлаад ууна.
Яг сайхан уугаад халангуут манай бүлгийг байгуулах ч юм шиг ярьснаа, маргааш нь шартчихаад үгүй ч юм шиг томроод эхэлнэ.
Бүлэг байгуулах хугацаа нь өнгөрчихсөн гэх юм, тэр хугацаа нь хэтэрсэн ч юм шиг, хэтрээгүй ч юм шиг
Ер нь бүлэг байгуулахад тийм заалт байдаг ч юм шиг, үгүй ч юм шиг
За тэгээд энэ бүгдийг бодсоны эцэст миний тархи толгой өвдөөд ч байгаа юм шиг, зүгээр ч юм шиг
Ингэж бодохоор миний бие эрүүл ч юм шиг, балай ч юм шиг
Заримдаа би Ө.Энхтүвшин мөн ч юм шиг, биш ч юм шиг
Ингээд юм юмны тухай эргэ­цүүлж бодоод л байх юм, өдөр хоног өнгөрөөд л байна.
Өдөр хоног өнгөрөөд бай­хад би өөрөө өтлөөд ч бай­гаа юм шиг, залуужаад ч байгаа юм шиг
Улстөрийн амьдрал аа гэж, МАН-ын дарга би юу ч ойлгохгүй эргэлзээд л байна даа.

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих