Иргэдийг орон сууцжуулах Хөгжлийн банкны 30 тэрбум хаачсан бэ
Иргэдийг орон сууцжуулах Хөгжлийн банкны 30 тэрбум төгрөг хаачсан бэ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн санхүүжилт гацаанд орчихлоо. Тодруулбал, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу Хөгжлийн банкнаас Төрийн банканд шилжүүлэх ёстой 30 тэрбум төгрөг хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна. Үүнээс болж Төрийн банк иргэдийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хүсэлтэд дарагдаад байгаа аж.
Олон улсын зах зээлээс 600 сая ам.доллар босгож чадсан Хөгжлийн банк их мөнгө олсныхоо хэрээр их шүүмжлэлд өртөх болжээ.
Урьд нь ийм хэмжээний бөөн мөнгө орж байгаагүй болоод ч тэр үү, Хөгжлийн банкныхан байтугай Засгийн газар ч босгосон хөрөнгөө юунд, яаж зарцуулахаа мэдэхгүй гайхшаа барж байгаа гэнэ. Мянгат малчны мал өсөх тусам тогоо тослох борлон ч олдохоо больдог гэдэг шиг.
Эцэстээ өдөрт 98 мянган ам.долларын хүү дэмий төлж байгаагаа ухаарсан Засгийн газар нэлээд хэдэн төсөлд Хөгжлийн банкны мөнгийг зарцуулж эхэлсэн. Энэ төслүүд дундаас хамгийн нүдээ олсон шийдвэр нь иргэдийг орон сууцжуулах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр байв. Магадгүй энэ нь С.Батболдын Засгийн газрын хамгийн гайхалтай төсөл ч байж мэдэх юм. Харамсалтай нь иргэд олон нийтийн талархлыг хүртсэн энэ төсөл наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаанд орчихоод байна.
Тухайн үеийн Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдвэрлэсэн. Энэ дагуу Хөгжлийн банк иргэдийг орон сууцжуулахад зориулж, Төрийн банканд 20 тэрбум төгрөгийг нь шилжүүлсэн. Харин үлдэгдэл 30 тэрбумыг хэзээ шилжүүлэх нь өнөөг хүртэл тодорхой бус байна. Хөгжлийн банканд гацчихаад байгаа энэхүү шилжүүлгээс болж “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээл цаашид үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болоод байгаа аж.
Засгийн газраас баталсан журмын дагуу бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн санхүүжилт Капитал банк, Төрийн банкаар дамжин явагдаж байгаа. Ингэхдээ Хөгжлийн банкнаас гарах зээллэг нь хоёр эх үүсвэртэй. Эхлээд Хөгжлийн банкнаас арилжааны банканд мөнгө шилжүүлсний дараа зургаан хувийн хүүтэй зээл олгох, нөгөөх нь арилжааны банк өөрийн эх үүсвэрээр зургаан хувийн хүүтэй зээл олгосныхоо дараа Хөгжлийн банкнаас санхүүжилтээ авч болох юм байна.
Харин Төрийн банкны тухайд Хөгжлийн банкнаас олгосон 20 тэрбум төгрөгийн зээл нь орон сууцны санхүүжилт рүү олгоод дуусчээ. Иймээс үлдэгдэл зээлийн эх үүсвэрийг авах хүсэлтээ Хөгжлийн банканд гаргасан ч банкны зүгээс тодорхой хариу өгөхгүй байгаа ажээ.
Ямартай ч өнгөрсөн хугацаанд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээлд 270 гаруйхан иргэн хамрагдаад байгаа аж. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгогдох зээлийн эрсдлийг гэрээний дагуу банкууд өөрсдөө хариуцаж байгаа учраас нэлээд чанга нөхцөл тавьжээ. Тийм учраас зээлийн шаардлагыг хангаж, зээлд хамрагдсан иргэдийн тоо бага байгаа гэнэ.
”Өглөөний сонин”
URL: