Эрх мэдэлтэй л бол дуртай хүнээ зодож болохгүй шүү дээ

“Жигүүр гранд” группийн захирал Д.Баттөр энэ сарын 24-ний өдөр тус компаниас нэг тэрбум орчим төгрөгөөр байр, үйлчилгээний төв худалдаж авсан иргэн Энхболдыг зодож, гэмтээжээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Иргэн Энхболд тус компанийн менежертэй уулзаж, байрны ордер, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ яаралтай гаргуулах талаар яриад гарсан аж. Хохирогч гарч явахдаа тус компанийн байрны хонгилд Д.Баттөртэй таарсан ба энэ үед Д.Баттөр захирал согтуу байжээ.Тэрбээр хамгаалагч нартаа “Наадхаа бариад ав. Чи их олон юм ярьдаг гэл үү. Чамайг алчихсан ч яадаг юм. Тэнсэн л авна биз” хэмээн хашгирч, Энхболдыг зоджээ.

Бидний авсан мэдээллээр, тус компанийн Зайсанд барьсан “Luxury Zaisan village” орон сууцаас Энхболд орон сууц, үйлчилгээний төвийн зориулалттай байр авсан юм байна. Ашиглалтад ороод хоёр жил болж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарахгүй, чанарын хувьд асуудалтай байсан учраас хохирогч менежерүүдтэй нь уулзаж гомдлоо хэлдэг байж. Үүнээс үүдэн хохирогч халдлагад өртсөн гэнэ. Түүнийг зодуулсны дараа НХЭГ-ын эргүүлийн цагдаа нар хэргийн газарт очиход Д.Баттөр хамгаалагч нартайгаа гараад явсан байж. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн ба тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн албаны хүнээс лавлахад “Жигүүр гранд”-ын Д.Баттөр бусдын биед халдлаа гэсэн гомдол манайд ирсэн. Хэрэг бүртгэлтийн шатанд байгаа. Хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан. Дүгнэлт нь хараахан гараагүй байна” гэсэн юм. Харин өнгөрсөн тав дахь өдөр “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөрд зодуулсан гэх Ч.Энхболдын ар гэрийнхэн мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийн үеэр Ч.Энхболдын эхнэр н.Норжинсүрэнгээс болсон үйл явдлын талаар тодруулсан юм.

- “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөр яагаад танай нөхрийг зодох болсон юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Манайх “Жигүүр гранд” компанийн үйлчлүүлэгч. Энэ компаниас нийт тэрбум орчим төгрөгийн орон сууц, үйлчилгээний объект худалдан авсан. Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 24-ний өдөр манай нөхөр хоолой нь сөөсөн, чичирхийлсэн байдалтай над руу утсаар “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөр намайг зодчихлоо” гэж ярьсан. Би тэр даруй очиход манай нөхрийн энгэр, заам шороо болчихсон байсан. Тэр өдөр нөхөр маань хоёр жилийн өмнө худалдаж авсан байрны Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээгээ авахаар явсан боловч гэрчилгээ гараагүй байсан. Тиймээс энэ асуудлаар тус компанийн менежертэй уулзахаар явсан юм. Энэ үед захирал Д.Баттөр бие хамгаалагчдын хамт хохирогч нөхрийг маань ажлын өрөөндөө чирч оруулан, жолооч, бие хамгаалагчаар бариулж байгаад зодсон байсан. Хамгийн сонирхолтой нь Д.Баттөр захирал тэр өдөр хүн зодож танхайрчихаад бие хамгаалагчдынхаа хамт салхинд гарч, жимс түүхээр явсан байгаа юм.

-Таны нөхрийг “Жигүүр гранд”-ынхнаас их хэмжээний мөнгө нэхсэн тухай мэдээлэл гарч байна. Энэ мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Ямар ч төлбөр мөнгө нэхээгүй. Мөн “Жигүүр гранд” компанид 15 сая төгрөгийн өргүй гэдгээ албан ёсоор мэдэгдмээр байна. 15 сая битгий хэл 15 мянган төгрөгийн өргүй гэдгийг баталсан шүүхийн шийдвэр ч миний гарт байна. Бид “Жигүүр гранд” компанийн нэр төрд халдах гэсэндээ энэ мэдээллийг хийгээгүй. Харин эрх мэдэлтэй хүн хэн дуртайгаа зодож болохгүй шүү дээ гэж хэлмээр байна.

-Хохирогч Ч.Энхболд, Д.Баттөр нарын хооронд хуучин өс хонзон байсан юм уу?
-Үгүй ээ. Бид 2011 оны есдүгээр сараас Гранд плазад компанийнхаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сард манай нөхрийг гадаад явсан хойгуур “Жигүүр гранд”-ын 12 хамгаалагч оффис руу нь дайран орж ирсэн гэж манай нөхрийн компанийн ажилчид ярьж байсан. Уг нь энэ байрны талбай нь миний өөрийн худалдаж авсан өмч. Тиймээс бид тэдний нэхэмжилсэн талбайн түрээс төлөх ёсгүй.

-Хэргийг аль дүүрэгт шалгаж байгаа вэ. Хохирогчийн биеийн байдал одоогоор ямар байна?
- Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. “Жигүүр гранд” компанийн захирал Б.Баттөрд зодуулсан манай нөхрийн биеийн байдал тийм ч сайн биш шүүх эмнэлэгт, үзүүлсэн. Дүгнэлт нь хараахан гараагүй байгаа. Гэхдээ тархи, нуруу нугасны гэмтэл гэдэг чинь “битүү” гэдэг утгаараа хамгийн аюултай шүү дээ.

Г.Түмэнтөгс

”Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих