Сонгуулийн маргаан яалаа?

Ямар ч тулхтай судлаач, тэр бүү хэл мэргэч төлгөч бөө тэргүүтний ч тааварлах аргагүй сонин бүтэцтэй болсон энэ удаагийн парламентын явц ч тааварлахад ч хэцүүгээр өрнөж байна. Өнөөдрийг хүртэл бүтэн бүрэлдэхүүнтэй болж чадаагүй байгаа парламентын бараг л олонх болохоор шахуу гишүүнтэй нэг нам нь бүлэг ч үгүй сульдаа ганхаж яваа. Маргаан үүсгээд байгаа Өвөрхангай аймгийн хоёр гишүүн, дахин сонгууль явуулах ёстой нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс сонгогдох ёстой тус бүр хоёр гишүүн, “Шударга ёс” эвслээс “хэн” нь мэдэгдэхгүй байгаа нэг гишүүн гээд энэ парламент өнөөхөндөө 69 гишүүнтэй. Дахин санал хураалтыг ирэх арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт орон нутгийн сонгуультай цуг явуулах тов арайхийн гарснаар дөрвөн гишүүний “хувь заяа” арай тодорхой болж байх шиг. “Шударга ёс” эвсэл гишүүнээ хэзээ тангараг өргүүлэх нь тэдний улс төрийн соёл хийгээд ард түмний сонголтыг хэр хүндэтгэж байгаа нь харагдах зүйл учраас удахгүй шийдэгдэх байх гэж найдацгаая. Харин сонгууль болгоны дараа уламжлал шахуу дэгддэг болсон сонгуулийн үеийн зөрчил маргаан хэрхэн шийдэгдсэн бэ гэдгийг орон нутгийн сонгуулийн өмнөх энэ өдрүүдэд эргэн сануулах нь зүйтэй байх.

Ингээд өнгөрсөн УИХ-ын сонгуулийн маргаанууд ямар явцтай байгаа талаар эргэн санацгаая.

Увсын нэр дэвшигчдийн маргааныг удахгүй шүүнэ

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд л мөнгө тараасан гэсэн дуулиан дэгдээж, нэр дэвшигчдийн туслахыг тагнуулын байгууллагынхан эрэн сурвалжилж баривчлав гэсэн дуулиант хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар болон тэдний туслах Я.Баттогтох, Ш.Чинбат, Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Н.Гэжээ нарын хэргийг удахгүй Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдэх ёстой. Энэхүү хэргийн хөөн хэлэлцэх хугацаа есдүгээр 9-нд дуусч байгаа аж. Сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд хууль бусаар мөнгө тараасан гэх хэргийг Увс аймгийн сонгуулийн тойргын хороо “хууль зөрчөөгүй” гэж үзсэн тул АН-аас Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Мөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслах Увс аймгийн оюутны холбооны тэргүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг ТЕГ-т шалгаж байна. Тэднийг оюутнуудад “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг дэмжээрэй” гэж 150 мянган төгрөг тарааж буй үйлдлийг Увс аймгийн Ардчилсан намын дарга Б.Цэндсүрэн баримтжуулан прокурорт хандсан.

Прокурорын газраас Ш.Чинбат, Я.Баттогтох нарт энэ оны зургадугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Тагнуулын газарт шилжүүлсэн. Харин тэдний хэргийг одоо ТЕГ-т шалгаж байгаа. Тэдэнд Эрүүгийн хуулийн 82.1 буюу “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол 6-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйлчлэлээр шалгаж буй юм.

Өвөрхайнгай аймгийн шүүх нэр дэвшигчдийн маргааныг дэнслэнэ

УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын маргааныг Өвөрхангай аймгийн шүүхэд хэлэлцэх шийдвэр гараад байгаа. Тэдний хэргийг анх өнгөрсөн долдугаар сарын 3-нд Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж УИХ-ын сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн байна гэх шийдвэрийг гаргасан. Энэ талаар Өвөрхангайд гарсан хэргийг яагаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэх болов гэсэн тээнэгэлзлэл гарсан ч шүүх онцгой ажиллагааны журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн гэж тайлбарладаг. Мөн энэхүү шийдвэрийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын түр гишүүний үнэмлэхийг хурааж авахыг 10 дугаар тойргийн хороонд даалгаад байсан юм. Энэхүү шийдвэрийг Н.Төмөрхүү, С.Чинзориг нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандан гомдлыг өнгөрсөн наймдугаар сарын 21-нд Нийслэлийн шүүхэд шүүн хэлэлцээд маргааныг Хан-Уул дүүргийн шүүхээр бус Өвөрхангай аймгийн шүүхээр шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Иймээс тэдний хэргийг Өвөрхангай аймгийн шүүхэд дэнслэх юм байна. Мөн Ардчилсан намын сонгуулийн менежер Ц.Доржпалам ”Хан-Уул дүүргийн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь харьяаллын бус хэрэг биш. Харин энэ хэргийг шүүхээс өмнө цагдаагийн байгууллага шалгаж тогтоох ёстой, түүний дараа шүүх шийдвэрлэх байжээ гэж үзсэн. Тодруулбал, С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцээгүй, харин архи, бусад эд зүйлс, мөнгө тараасан, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоосны дараа шүүх шийдвэр гаргах ёстой, энэ журмаар асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж шийдвэр гаргасан. Тиймээс энэ журмаар цаашид Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс болон холбогдох бусад хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдээд байгаа юм.  Гэвч шүүх хурлын тов хараахан тодроогүй байна.

Монгол Улсын шүүхээр аливаа асуудлыг шийдэх дундаж хугацааг 1,5-2 жил гэж гадны судалгааны баг тогтоосон байдаг. Адгийн зарга арав хоног гэгчээр мөрдөн байцаалтаас шүүхэд шилжих, шүүх хянан хэлэлцэх, шүүхийн албан ёсны шийдвэрийг талууд бичгээр гар дэрээ хүлээн авснаас хойш 14 хоногийн дараа давж заалдах, давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд хэрэгтэй танилцах, дахин мөрдөн байцаалтад буцаах, харьяаллыг өөрчлөх, эргээд дахин шат шатны шүүхээр орох гээд хуульд заагдсан хугацааг хамгийн богиноор тооцоход энэ шүү дээ. Шүүх хурал янз бүрийн шалтгаанаар хойшлогдох гэх мэтчилэн та бидний мэдэх шалтгаанаар хэрэг үүнээс ч илүү удаанаар сунжрах нь байдаг.

Харин сонгуулийн гэх тодотголтой энэ хэргүүдийн хувьд нэгдүгээрт түргэхэн шийдэгдээсэй гэсэн хүлээлт байгаа, хоёрдугаарт дахин мөрдөн байцаалтад буцаах гэх мэт эргэлзээтэй асуудлууд үгүй учраас удахгүй шийдэгдэх байх гэж найдацгаая. Гэхдээ өнөөдөр бас улстөрийн гэх тодотголтой хэргүүдэд улстөрийн нөлөөлөл ч бас тусах магадлал өндөртэй. Өөрөөр хэлбэл, хүсвэл эдгээр хэргийг гэрлийн хурдаар шийдэх ч магадлалтай хүсэхгүй бол боломжит бүх нөхцлөөр удаашруулах, тэр бүү хэл аль нэг улстөрийн хүчний хүсэл шийдвэрт нөлөөлж болзошгүй гэдгийг сануулах юун.

Ямартай ч ирэх орон арваннэгдүгээр сард болох дахин санал хураалт хийгээд, орон нутгийн сонгуулийн өмнө ядахдаа УИХ-ын сонгуулийнх нь маргаантай асуудлууд шийдэгдчихсэн байгаасай гэж найдсуу. Өмнөх 2008-2012 оны парламентын үед мөн л сонгуулийн санал хураалтын үеийн маргаан даамжирсаар жил гаруйн дараа л парламент нэг юм бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдахаар болж,  байсныг бас эргэн сануулсуу.

Д.ЖАРГАЛ, А.АЛТ


URL:

Сэтгэгдэл бичих