Б.Жавзмаа шигшээ наймд шалгарлаа
“Лондон-2012″ паралимпын XIV наадмын гуравдахь өдрийн тэмцээн эхэлж байна.
Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас жудогийн -60 кг А.Мөнхбат барилдаж есдүгээр байр, өчигдөр эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Лхамсүрэн 14-р байрт шалгараад байсан бол өнөөдөр манай байт харваа, жудогийн тамирчид өрсөлдөөний талбарт гарлаа.
Байт харвааны тамирчдын хувьд тэмцээний эхний өдөр (08.29) хувийн урьдчилсан харваанд ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII байр, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байраар шалгарсан. Улмаар өнөөдөр болсон хасагдах шатны харваанд ОУХМ Б.Жавзмаа IX байраар шалгарсан Тайландын тамирчинтай учраа таарч 6:4 (26:25, 26:26, 21:22, 25:25, 26:20) ялалт байгуулж шигшээ наймд Хятадын тамирчинтай оноолт таарчээ. Хятадын тамирчны хувьд урьдчилсан харваанд 581 онож I байраар шалгарсан бөгөөд улмаар Францын тамирчинг 6:0-оор буулган авсан байна. ОУХМ Б.Жавзмаа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө маргааш (09.03) харвана.
Мөн урьдчилсан харваанаас ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 оноогоор XI байраар шалгараад байсан бөгөөд тэрбээр хасагдах шатанд VI байраар шалгарсан Их Британы тамирчинтай оноолт таарч, 2:6 (23:27, 23:25, 24:20, 23:24)-ийн харьцаагаар ялагдлаа.
Мөн жудо бөхийн -90 кгд Д.Ганбат эхний тойрогт гоц мөргөөд байсан бөгөөд удаах барилдаанд Кубын бөхөд ялагдсан боловч дагах барилдаанд Украйны бөхийг ялснаар Ираны бөхтэй барилдахаар болоод байна. Манай бөх Ираны бөхийг ялвал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.
URL: