“Увсын хоёр”-ын улаан луйвар

Хуучин МАХН гэдэг нэртэй байсан энэ удаагийн сонгуульд МАН нэрээр орсон улс төрийн хүчин сонгууль бүрт зүсэн бүрийн луйвар хийх нь дийлдэхээ болив. Олон төрлийн луйвар дотроос сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах нь бүүр дархан мэх болоод гаршчихсан аюул тарьж байлаа. Сонгогчдын  саналыг мөнгөөр худалдаж авах мэхийг 2008 онд хамгийн гарамгай хийсэн гишүүнээр Б.Чойжилсүрэн тодордог. Энэ л мэхийг хориглохын тулд Сонгуулийн шинэ хуульд бүр хатуу заалт орууллаа. Мөнгө тараасан нь баримтаар илчлэгдээд, гэрчлэгдвэл, баримтаар нотлогдох юм бол юун УИХ-ын гишүүн манатай, төрийн эрхийг хууль бусаар авсанд тооцогдож, шоронд хийх хатуу заалт орууллаа. Сонгогчдыг худалдаж авах зорилгоор бэлэг сэлт өгөх, төрийн албан тушаалтан, төрийн унаа машин хөлөглөн сонгуульдсан нь тогтоогдвол нэр дэвшигчтэйгээ хамт унах хууль үйлчилж эхлэв. Сонгогчдыг мөнгөөр цохиод санал аваад сурчихсан нэр дэвшигчид хуулийн энэ заалтаас үнэндээ айсан. Айхгүй ч гэсэн аягүйцсэндээ хуульд хавчигдаад хөдлөөгүй.

 

Тэгээд сонгууль болохоор л улс даяар баруун, солгойгүй мөнгө цацаж баярлдаг гишүүд аргагүйн эрхэнд гэмт үйлдлээ бараг зогсоосон гэж хэлж болно. Бүрэн зогсоогүй ч гэсэн түмний нүдэн дээр ил хавтгайд нь “мөнгөн бороо” оруулахаа больсон байлаа. Сонгуулийн шинэ хуульд нэмэгдэж орсон сонгогч олны дэмжлэгийг хүлээсэн бас нэг заалт бол хэн нэгэн нэр дэвшигч өөртөө саналаа өгөөрөй гэж мөнгө өгвөл, өгсөн мөнгийг нь авсан иргэн шударгаар илчилбэл тэр мөнгө 10 дахин өсөх заалт бий. Сурсан юмыг сураар байтугай, хуулиар ч боож болдоггүй гэж тооцсон юм уу даа. Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мөнгө тараасныг гэрчилсэн хүмүүс өгсөн 100 мянган төгрөгийг нь бариад хуулийн байгууллагын үүдэнд дугаарлах боллоо. Бас ингэж өгсөн гэсэн өргөдөл нотлох баримт нь гурван хуруу зузаан болжээ. Ээлжит сонгууль болгоны дараа унасан бөхийн шалтаг, хардалт сэрдэлт, сэжиг, зарга зайлхай бишгүй л гардаг. Хууль шүүхийнхэн эрүүгийн хэрэг үүсгэж шүүрээд авчихаар баримтгүй явган яриа, шальтай шальгүй зарга зайлхай өрнөснөө тэгсхийгээд тасардаг даа. Тэгвэл хамгийн хөдлөшгүй баримттай, улайм цайм сонгогчдын саналыг худалдаж авсан нь хангалттай олон гэрчтэйгээр нотлогдсон.

Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар байна. Увсаас тодорсон энэ хоёр нэр дэвшигч хуулиас айлгүйгээр дэндүү улайм цайм хийгээд гардуулчихаж. Увсын олон сонгогч, уулзсан учирсан хүн бүр Хүрлээ, Чойжоо хоёр мөнгө тараасан гэх баримтыг дэлгэн, мөнгө авсан өдөр, цаг хэнээс, хаана авснаа нүдэнд харагдтал өнгөтөөр ярина. Тэд Хүрлээ. Чойжоо хоёр (Мануудыг басамжилсан уу, доромжилсон уу 100 мянган төгрөгийг тараасан, бүүр хавтгайд нь өгсөн гээд л яриагаа эхэлнэ). Увсын ард түмний нэг онцлог байна. Амьдралаар сайнгүй ч гэсэн санал өгөх эрхээ 100 мянгаар худалдахгүй гэсэн иргэн олон байлаа. Тэд мөнгө авчихаад дуугүй гүрийгээд, нуугаад байгаагаа шүүмжлэх аястай. Уг нь зөв шүү дээ. Сэтгүүлчийн камераар бичиж баталгаажуулсан баримт ч олон байна. Бичиж өгсөн тодорхойлолт өргөдөл хөвөрнө. “2008 оны сонгуульд нэр дэвшигч Чойжилсүрэн өрсөлдөгчөө ялж сонгогдохдоо хүн бүрт 10 мянган төгрөг өгсөн. Тэр жил сум, багийн, төвийн амбаар болгоны сүүдэрт суучихаад л хүн бүрт мөнгө өгч УИХ-д сонгогдооныг мэдэхгүй хүн манай энд байхгүй. Тэгээд л дөрвөн жил алга болоод эргэж ирснээ мөнгөө өсгөөд 100 мянган төгрөг өгөөд явах юм. Биднийг жинхэнэ доромжилж байна” гэж ам уралдан тайлбарлана. Жишээ нь, Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн 12 айлын аравт нь зуун мянгыг өгчээ. Хэл ам болоод баригдаад ирсэн чинь мань хоёр ийн аргалжээ. Түрээсийн гэрээ байгуулсан юм” гэж өчжээ. Нэг дор айл саахалт байгаа айлуудтай юуг нь мөнгөөр турээсэлж авдаг байна аа. Уншигч танд эдгээр иргэдийн Увс аймгийн Сонгуулийн хороо, Тагнуулын газар, шүүх прокурорт гаргасан мөнгө тараасныг гэрчлэх өргөдлийг бүрэн эхээр нь хүргэхэд манай сонины талбай даанч хүрэлцэхгүй нь харамсалтай. Увс аймгийн Тагнуулын газарт зургадугаар сарын 24-нд М.Ширнэн, Х.Баярсайхан, Ч.Сосорбурам, М.Хүүхээ, М.Шижгэрбат, Ч.Отгонсүрэн. Ж.Далай, М.Отгонхүү нарын найман иргэн Б.Чойжилсүрэн, С.Хүрэлбаатар нараас зуун мянган төгрөг авснаа бичин өргөдөл гаргажээ. Эдгээр иргэд дээрх хоёр нэр дэвшигчийг сонгуулийн хуулийн 35-ийн 18.10 дахь заалтыг зөрчсөнийг мэдүүлээд, үнэн зөвөөр нь шалгаад өргөдөлд заасан мөнгийг арав нугалж өгөхийг хүссэн байна. Тагнуулынхан шалгаад хууль зөрчсөн байх магадлалтай гэж тойргийн хороонд албан ёсоор анхааруулжээ. Тайлбарлавал, хэрвээ эдгээр иргэн нэр дэвшигчийг мөнгө тараасан гэж гүжирдсэн бол өөрсдөө шоронд орно. Өргөдлийг шалгаад “Увсын хоёр” мөнгө өгсөн нь үнэн бол иргэд 100 мянгаа сая болгож авна. Харин нэг хүнд сая төгрөг болж очно гэсэн үг. 20 мянган хүнд 100 мянган төгрөг тарааж болно оо. Томчууд хоёр тэрбум төгрөгт хотойхгүй. Харин 20 мянган хүн бүрт сая төгрөг төлөх болбол Хүрлээ, Чойжоо хоёр бэлтэй ч гэсэн сүйрнэ биз дээ. (Олны ярих нь 100 мянгыг 20 мянган хүнд өгнө гэж тооцоолон тараасан гэнэ). Энэ бүхний учрыг олох их ажилтай Увсын хуулийнхнаас эхлээд улсын хэмжээний хуулийнхан нүүр туллаа. Зуун мянган төгрөг авсан Мандалын Очир ийн тодорхойлжээ. Улаангомын 11 багийн 1-6 тоотод оршин суудаг. Ардын намын ухуулагч Үржинхүү гэнэт утсаар ярьсан. Би мөнгө авсан. Тэд мөнгө өгөхдөө Чойжилсүрэнгээ дэмжээрэй, Хүрэлбаатарыг дэмжих эсэхийг өөрөө мэдээрэй гэснийг батлан бичиж байна. Мөн Увс аймгийн 15 дугаар тойргийн хорооны дарга М.Гэжээд иргэн Чойжир овогт Сосорбурам өргөдөл бичиж хууль зөрчөөд байгааг сануулж бүр хоёр дахин мөнгө авснаа илчилжээ.

Мөн тойргийн хорооны даргад иргэн Дэмбэрэл нар өргөдөл гарган хууль зөрчсөнийг хатуу сануулан мөнгө тараагаад байгааг нь баримтаар хүргүүлжээ. Мөнгө тараасныг нь гэрчилсэн баримтыг Увс аймгийн 15 дугаар тойргийн хорооны дарга гишүүдэд зургадугаар сарын 24-нд Тариалан сумын Бургастай багийн иргэн Мулзаа овогтой Отгонхүү, М.Хүүхнээ, М.Жавзан нар гэрчилж 100 мянган төгрөг авснаа өчжээ. Иргэн Ж.Далай, А.Эрдэнэ-Очир, Б.Долгор, Х.Баярсайхан нарын олон иргэн энэ хууль зөрчсөн бусармаг явдлыг нотлон тойргийн хороондоо бичин шалгуулж тогтоож өгөхийг хүсэн тодорхойлолт, өргөдлөө хүргүүлсэн нь энэ байна. Энд дэлгэж байгаа баримтаар бүгд 30 гаруй хүн сонгогчдын саналыг худалдаж авсныг гэрчилж, цаг алдалгүй шалгаж тогтоохыг хүсчээ. Увс аймгийн сонгуулийн хороо хуралджээ. 11 гишүүний зургаа нь Хүрлээ, Чойжоо хоёрыгоо юу ч гэсэн сонгогдсонд тооцоод явуулчихъя гээд тогтоол баталчихсан байна. Харин Ж.Эрдэнэсүрэн, Д.Баяраа нарын таван гишүүн татгалзжээ. Сонгуулийн ерөнхий хороо ч гэсэн туйлын хариуцлагагүй гэхэд багадахаар хандсан. Сонгуулийн ерөнхий хороо мань хоёрыг шүүхийн шийдвэр гартал гишүүнээр тооцох ухааны юм ярьж байсныг санаж байна. Шинээр сонгогдсон гишүүдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барихын урьд өдөр “Увсын хоёр”-ыг шалгаж болно гэж байснаа, юу нь хатгасан юм бүү мэд гэнэт батламжлуулахаар дээрх хоёрын нэр ороод ирсэн байдаг. “Увсын хоёр”-ын улаан луйвар хийсэн баримт нь зөвхөн мөнгө тарааж Сонгуулийн хууль зөрчсөн төдий биш юм. Төрийн албаны унаа машин хэрэглэн өөрийнхөө машины дугаарыг зүүгээд төсвийн хөрөнгөөр сонгуульд явсан. Төрийн албанд ажилладаг өөрийнхөө туслахуудаар мөнгө тараах бусармаг үйлдлээ хийлгүүлсэи нь газар дээрээ баригдчихсан гээд тоочоод байвал барахааргүй баримтууд ундарна. Тэд сонгуульд 04-08 дугаартай Төрийн өмчийи хорооны 07-52 дугаартай Газрын тосны хэрэг эрхлэх газрын том жийпүүд хөлөглөжээ. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар тангараг өргөсөн төрийн албан хаагч О.Чинбат, Я.Баттогтох нараар хууль бус үйлдэл хийлгэсэн иь эдгээр залуусыг ял эдлэхэд хүргээд байна. Тэдний Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл үүгээр хязгаарлагдсангүй. Увс аймгаас Улаанбаатарт сурч байгаа оюутнуудыг хамарчээ. Тус аймгийн 13 сумын 260 оюутанд тус бүр 155 мянган төгрөг өгсөн мэдээ байна. Мөнгө өгсөн оюутнууд нь илчлэгдэж, мөнгө авснаа хүлээх гэхээр нүгэл үйлдэгчид сандрахдаа зарим оюутныг гэрт нь хариулалгүйгээр хонуут өнжүүт байлгаж хүн барьцаалсан гэмт хэрэгт орох шахав. “Увсын хоёр”-ын улаан луйврын теле бичлэг, иргэн Г.Цэгээгийн гэрт болсон үйл явдлыг зурагт, радиотой айл бүр үзсэн. Иргэн Г.Цэгээ гэртээ байж байтал Увсын хоёр-ын ухуулагчид танай байрыг түрээсэлнэ гэж мөнгө барьж орж ирнэ. Г.Цэгээ шударга нэгэн тулдаа телевиз дуудна. 100 мянган төгрөг тараагчдаас нэг нөхөр нь амжиж зугтаана. Нөгөө нь газар дээрээ үйлдэл дээрээ баригдаад гөлөлзөн сууна. Энэ бол зөвхөн бичлэгт өртсөн нэг л баримт. Ийм баримт нэгээр дууссангүй ээ Увсын иргэд “МАН-ын хоёр биднийг улайм цайм доромжилсон, тэгээд улаан амьтай нэг юм гарсан” хэмээн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатар нарын эсрэг тэмцэж байна. Тэднийг Увс аймгийн захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч У.Бадамсүрэн, Увс аймгийн сонгуулийн 15 дугаар тойргийн хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгээд ид шалгаж байна. Мөн Увс аймгийн тагнуул, прокурор, шүүхэд хандан шат дараалан дороос нь эхлэн явж байна. Удахгүй “Увсын хоёр”-ын улаан луйврын хэрэг Улаанбаатар хот. УИХ-д орж ирэх магадлалтай.

Г.ДАШРЭНЦЭН


URL:

Сэтгэгдэл бичих