“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат ЖДҮ-ийн зээлээс завшжээ
Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор өнгөрсөн хугацаанд 300 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулаад байна.
Гэвч зарцуулсан мөнгөний дүнгээр үйлдвэр босч, ажлын байр нэмэгдэхгүй байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шүүмжилж байна. Төрөөс барьж байгаа бодлого нь зарцуулсан мөнгөтэйгээ уялдахгүй байгаа учраас энэ салбарын зээлээс 731 сая 441мянган төгрөгийн зөрчил илэрсэн гэнэ.
Жижиг, дунд үйлдвэрүүдэд олгогдох зээл томчуудын гарт орсон баримт ч эхнээсээ дэлгэгдэж эхлээд байна. Тухайлбал, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь гурван өөр жижиг компаний нэр дээр зээл авч нэгэн зүйлд зарцуулсан болох нь 2011 Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрчээ. Тодруулж хэлэхэд Сэлэнгэ аймгийн “Гацуурт” ХХК нь 2 000 тонн хүнсний ногооны агуулах барихаар нэг тэрбум төгрөг, харин “Баяндулаан-Уул” ХХК бас мал нядлах, мах ангилан боловсруулах зориулалтаар нэг тэрбум, “Шаргал тариа” ХХК гурилын үйлдвэр барих зориулалтаар 500 сая төгрөг ЖДҮ-ийн зээлээс авсан бөгөөд энэ нь нийтдээ 2 тэрбум 500 сая төгрөг болж байгаа юм. Зээлэнд тавигдсан барьцаа хөрөнгө болоод батлан даалтын захирлын нэр бүгд “Гацуурт” ХХК захирал Л.Чинбатын нэр дээр байгаа бөгөөд хэн ч харсан гурван өөр компани, гурван өөр зориулаттай зээл хүссэн өргөдөл өгсөн хэдий ч компаниуд нь Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутагт нэг хашаанд байршиж, байгааг нууха аргагүй. Жижиг дунд үйлдвэрийн сан болоод арилжааны банкууд улаан цайм ийм булхайг мэдээгүй өнгөрсөн нь бас л эргэлзээ дагуулж байна. Хатуухан хэлэхэд жижиг дунд үйлдвэрийн бодлогыг төр биш арижлааны банкууд тодорхойлоод байгаа гэхэд болно. “Монгол алтан тоос” ХХК эргэлтийн хөрөнгө буюу түүхий эд худалдан авах зориулалтаар 2010 онд 5 жилийн хугацаатай 850 сая төгрөгийг авсан гэх боловч өнөөдөр зээлийн мөнгөөр худалдаж авсан түүхий эд нь алга байгаа гэнэ.
Duulian.mn Ө.Ананд
URL: