“Батзүү” ХХК сурагчийн дүрэмт хувцсыг Хятадад оёулдаг гэнэ
“Сайн юманд садаа мундахгүй” гэгчээр сүүлийн үед боловсролын салбарт гарч байгаа өөрчлөлт, шинэчлэлтийг дагаад янз бүрийн бизнес хийх сонирхолтой хүмүүс олширсон.
Жишээлбэл, сургуулиуд нь сурагчдынхаа дүрэмт хувцсыг сонгодог болсноор дүрэмт хувцасны нэр барьж, ашиг ологчид огцом өслөө. Сүүлдээ бизнесээ өргөжүүлэх арга нь нарийссанаар сургуулиудыг дүрэмт хувцсаа жил бүр сольдог, суралцагсад нь анги, ангиараа өөр хувцас өмсдөг болгожээ.
Тухайлбал, эцэг, эхчүүдийн зүгээс өмнөх жил ахынх нь өмсөж байсан хувцсыг дүүд нь өмсүүлэх гэхээр загвар нь өөрчлөгдчихөөд байгаа тухай гомдоллож байна.
Түүнчлэн өнгөрсөн жил өмссөн багадаагүй хувцсаа ахиад өмсөх гэхээр дэвшин орж байгаа ангид нь өөр өнгийн хувцас өмсөх ёстой гэсэн шаардлага тавьдаг гэнэ. Одоогоор хичээл эхлэх арай болоогүй байгаа учраас энэ тухай сургуулиудаас нь тодруулах боломж байсангүй.
Энэ талаар дүрэмт хувцасны “Батзүү” ХХК-ийн худалдагчид “Манайх нэг сургуультай хоёроос илүү жилээр гэрээ хийж байгаагүй. Бидэнд аль сургууль ямар компаниас хувцсаа авах нь чухал биш. Гэхдээ сүүлийн үед манайхыг зорих хүмүүсийн тоо олон болсон. Сургуулиараа, аймгаараа, бүр ангиараа хүртэл ирж захиалга өгч байгаа” гэсэн юм.
Энэ мэтээр дүрэмт хувцсаа сонгох байдал нь бүр туйлширч, сүүлдээ анги, бүлгээрээ хүртэл дур мэдэн захиалаад эхэлжээ. Тэгэхээр дүрэмт хувцсаа хэрхэн сонгох нь тухайн сургууль, сурагчдын өөрсдийн хэрэг болж таарлаа. Гэхдээ бид үүгээрээ гадныхныг санхүүжүүлээд сууж байгаа юм биш биз.
Одоогоор ЕБС-ийн дүрэмт хувцсыг “Амно”, “Их шаглаа”, “Батзүү”, “Төмөр трейд” зэрэг 10 орчим компани нийлүүлж байгаа. Гэтэл эдгээр компанийн дүрэмт хувцас чанарын шаардлага хангадаггүй аж. НМХГ-аас хийсэн шалгалтаар дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниудын 71.4 хувь нь үйлдвэрлэл явуулах ажлын байргүй, мэргэжлийн загвар зохион бүтээгч, технологич, оёдолчин байхгүй, хувцасны материалын бүтцийг лабораторийн шинжилгээнд огт хамруулдаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байдаг.
Дээр нь энэ компаниуд шаардлагатай дүрэмт хувцасны дөнгөж 10 хувийг л хангадаг байна. Харин үлдсэн сурагчид нь Хятадын чанарын шаардлага хангаагүй хувцас худалдаж авахаас аргагүй болдог.
Үнэндээ эдгээр компаниас өөрийн гэсэн дүрэмт хувцасны үйлдвэртэй компани байна уу, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй байна. Монголдоо томоохонд тооцогддог “Батзүү” ХХК-ийн хувьд л гэхэд хаана дүрэмт хувцсаа үйлдвэрлэдэг нь тодорхой бус.
Тус компанийн гол үйлдвэрлэлээ явуулдаг 100 айлын салбарт очлоо. Энд бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас 25000, дунд ангийнх нь дунджаар 30000 төгрөгийн үнэтэй байв. Бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас л гэхэд 4-5 янз байх аж. Энэ талаар тодруулбал, нэг ижил хэмжээтэй өөр дүрэмт хувцаснуудыг тус тусад нь кодолсон байна. Харин сургуулиуд энэ хувцаснуудаас сонголтоо хийж, сурагчдадаа кодыг нь зааж өгдөг аж.
Худалдагчид нь “Манайх хувцасны материалаа Шанхайгаас татдаг. Энэ нь хүүхдийн эрүүл ахуйд тохиромжтой ноосон даавуун материал. Одоогоор зах зээлд хамгийн доод үнэтэй дүрэмт хувцас нь манайх байгаа. Харин зах дээр манай нэрийг барьж, дүрэмт хувцас зарах тохиолдол гарч байна” гэсэн юм.
Гэхдээ тус 100 айлын салбарт бүх дүрэмт хувцсаа үйлдвэрлэдэг гэхэд эргэлзээтэй. Учир нь тэдний байгаа байдал энгийн оёдлын цехээс илүүгүй харагдаж байв. Иймээс тэднийг үйлдвэрлэлээ хаана, хэрхэн явуулдаг талаар тус компанийн захирал Ж.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Бид хувь хүн, оёдлын компани, цехүүдтэй гэрээ байгуулж, хувцсаа оёулдаг. Иймээс манай салбар хаа сайгүй байгаа” гэсэн юм.
Харин “Нарантуул” худалдааны төвийнхний хувьд түүнээс өөр бодолтой байв. Тэд “Батзүү” компанийн хаягтай бага ангийн сурагчдын дүрэмт хувцсыг 15-18 мянган төгрөгөөр зарж, байсан юм. Харин материалын хувьд арай л нимгэн байв.
Эдгээр дүрэмт хувцсыг Хятадаас 8-9 мянган төгрөгөөр худалдаж, авдаг байна. Тэд “Энэ бол Оросын дүрэмт хувцасны загвар. Бид өмнө нь яг ийм дүрэмт хувцсыг гараараа хийж зардаг байсан юм. Гэтэл “Батзүү” компани бидний патентыг авчихсан. Тэгээд дараа нь Хятадад нөгөө патентаа алдчихлаа” гэж байв.
Бага ангийн сурагчийн нэг дүрэмт хувцас оёход эрэгтэй загварт 10000, эмэгтэйд нь 8000 төгрөгийн материал ордог байна. Нэг хүн бүтэн жилийн хугацаанд 5-10 мянгыг оёдог. Тэгэхээр нэг дүрэмт хувцсыг 8-10 мянган төгрөгийн өртгөөр оёод 15-18 мянгаар зарах боломжтой аж. Харин одоо Хятадаас 8-9 мянган төгрөгөөр авах боломжтой учраас өөрсдөө оёж, цаг алдах шаардлагагүй болсон гэнэ. Тэдний зарим нь “Батзүү” ХХК сурагчийн дүрэмт хувцсыг Хятадад оёулдаг” гэж байв.
Тэгвэл Хятадаас 8-9 мянган төгрөгөөр худалдаж авдаг дүрэмт хувцас энд 25000-30000 төгрөгөөр зарагддаг гэж бодвол нэг хувцаснаас дунджаар 17000-21000 төгрөгийн ашиг олдог гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд нэг жилд нийтдээ 40 гаруй мянган сурагч ЕБС-ийг төгсдөг. Энэ хэрээр ийм хэмжээний хүүхдүүд ЕБС-д элсэн суралцдаг гээд бодохоор сурагчдын дүрэмт хувцаснаас олдог орлогын хэмжээ толгой эргэм их мөнгө гарах нь ойлгомжтой.
БШУЯ-наас 2013-2014 оны хичээлийн жилд ЕБС-ийн дүрэмт хувцсыг нэгдсэн нэг загвартай болгоно гэж байгаа. Энэ үед нарийн зохицуулалт хийхгүй бол дээрхийн адил үндэсний үйлдвэрлэл нэрээр хэдхэн компанийг тэтгэж, гадныхныг санхүүжүүлэх болчих вий дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
URL: