“Амиа хорлогчдын 60 хувь нь эрэгтэйчүүд байдаг”

Хоногт нэг хүн амиа хорлодог тухай мэдээ цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Н.Төгсбаяраас тодрууллаа.

-Амиа хорлох үзэгдэл өнгөрсөн онтой харьцуулахад ямар хэмжээнд байна?
-Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 37.2 хувиар буурсан гэсэн судалгаа байна. Гэхдээ сүүлийн хэдэн cap амиа хорлолт эрс нэмэгдэж байна. Тухайлбал, наймдугаар сарын 15-ны байдлаар гурван өдөр л амиа хорлосон тохиолдол бүртгэгдээгүй.

-Ямар насныхан амиа хорлох нь их байна?
-18-30 насны хүмүүс ихэнх хувийг эзэлж байна. Он гарсаар өсвөр насны хүүхэд амиа хорлох тохиолдол тав гарсан. Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд амиа хорлох ноцтой шалтгаан байдаггүй боловч эцэг эхдээ загнуулж, зодуулснаасаа болж амиа хорлодог. Мөн амиа хорлосон хүмүүсийг архи ууснаас ийм үйлдэл хийсэн гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ архи нөлөөлсөн зүйл байдаггүй. Эртнээс бодож төлөвлөсөн байдаг.

-Ихэвчлэн ямар аргаар амиа хорлож байна?
-Ер нь ихэнхдээ тайвшруулах эм ууж амиа хорлодог. Хүний амь насанд аюултай эмийг эмчийн жороор өгөх ёстой байдаг. Гэхдээ өнөөдөр тэр бүр эмчийн жорын дагуу үйлчилдэг эмийн сан
алга. Харин тэдэнд хариуцлага тооцох хууль эрх зүйн үндэс байхгүй.

-Амиа хорлосон гэх хэрэг гадны нөлөөтэй байсан тохиолдол гардаг уу?
-Тийм тохиолдол гардаггүй. Ихэнх нь л ямар нэгэн зүйлийг тэвчих чадваргүйгээс болж амиа хорлодог. Манай улсад амиа хорлож байгаа хүмүүсийн ихэнх нь жижиг шалтгаан байдаг. Тухайлбал, хоёр хүн маргалдахад нэг нь амиа хорлох жишээтэй. Тэдний 60 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг.

Л.Хишиг

”Нийслэл маймс”


URL:

Сэтгэгдэл бичих