”Петро Чайна Дачин Тамсаг” компанийн монгол ажилчид ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

“Монголын тээвэр холбоо газрын тосны ажилчдын холбоо”, “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ны үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Сэтгүүлчдэд хандах болсон шалтгаан нь Дорнод аймгийн Матад суманд газрын тосны олборлолт хийдэг “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК нь 100 хувь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани аж.

Тус компанитай гэрээ байгуулан ажиллаж буй 300 гаруй Монгол ажилчдын цалин хөлсийг сүүлийн 4-5 жил нэмээгүй бөгөөд мөн байрлах орон сууц, ээлжийн амралт , нийгмийн асуудал зэргийг шийдээгүй ажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож, дээрээс нь хээрийн нэмэгдлийг нэмж олгодог. Гэтэл дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2-3 дахин өссөн бөгөөд тус компани ч мөн адил сард 10 мянган врант газрын тос олборлодог ба энэ нь нэг сая доллар гэсэн үг юм байна . Мөн уул уурхайн салбарын ажилчдын цалин өнөө үед 1000 ам.доллараас дээш болсон, дэлхийн газрын тосны компаниудын цалингийн доод хэмжээ 2000 доллар байдаг ажээ.

Үүнийг харгалзан тус компани ажилчид удаа дараа “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д цалингаа 50-иас дээш хувиар нэмүүлэх шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл тодорхой хариу өгөөгүй байна. Иймээс 300 гаруй Монгол ажилчид ирэх сарын 15-ныг хүртэл харгалзаж үзэх бөгөөд хэрэв тодорхой шийдэлд хүрэхгүй бол ажил хаялт зарлах аж. Хэрэв ажил хаялт зарласан тохиолдолд Монгол Улс нэг ч литр газрын тос экспортлохгүй бөгөөд үүнээс шалтгаалан гарах хохирлыг тус компани бүрэн хариуцах гэнэ. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монгол Улсын төсөвт их хэмжээний мөнгө ордог тул Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг онцгой анхаарах ёстойг ч тэд хэлж байсан юм.

О.Тайвансайхан

”Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих