“Жигүүр Гранд”-ын захирал Д.Баттөрд зодуулсан хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ
“Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөр энэ сарын 24-ний өдөр өөрийн үйлчлүүлэгчээ бие хамгаалагчидтайгаа нийлж зодож, танхайрсан талаар манай сайт мэдээллэсэн. Тэгвэл өнөөдөр “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөрд зодуулсан гэх Ч.Энхболдын ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Ч.Энхболдын эхнэр н.Норжинсүрэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу. “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөр яагаад танай нөхрийн зодох болсон бэ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхгүй юу?
- Манайх “Жигүүр гранд” компаний үйлчлүүлэгч. Энэ компаниас нийт тэрбум орчим төгрөгийн орон сууц, үйлчилгээний объект худалдан авсан. Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 24-ний өдөр манай нөхөр хоолой нь сөөхөн, чичирхийлсэн байдалтай над руу утсаа “Жигүүр гранд” компанийн захирал Д.Баттөр намайг зодчихлоо” гэж ярьсан би тэр даруй очиход манай нөхрийн энгэр, заам шороо болчихсон байсан. Тэр өдөр нөхөр маань хоёр жилийн өмнө худалдаж авсан байрны Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээгээ авахаар явсан боловч гэрчилгээ одоо болтол гараагүй. Энэ асуудлаар Ч.Энхболд тус компанийн менежертэй уулзахаар явсан юм. Энэ үед захирал Д.Баттөр бие хамгаалагчдын хамт хохирогч Э-г хүсэлт тавьсных нь төлөө, ажлын өрөөндөө чирч оруулан, жолооч, бие хамгаалагчаар бариулж байгаад зодсон байсан. Тэр өдөр Д.Баттөр захиралийн танхайрсныхаа дараа бие хамгаалагчдын хамт салхинд гарч, жимс түүхээр явсан юм билээ.
-Таны нөхрийг “Жигүүр гранд”-ынхнаас их хэмжээний мөнгө нэхсэн тухай мэдээлэл гарч байна. Энэ мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Ямар ч төлбөр мөнгө нэхээгүй. Мөн “Жигүүр гранд” компанид ямар ч 15 сая төгрөгний өргүй гэдгээ албан ёсоор мэдэгдмээр байна. 15 сая битгий хэл 15 мянган төгрөгний өргүй гэдгийг баталсан шүүхийн шийдвэр ч миний гарт байна. Бид “Жигүүр гранд”-ийн компанийн нэр төрд халдах гэсэндээ энэ мэдээллийг хийгээгүй. Харин эрх мэдэлтэй хүн хэн дуртайгаа зодож болохгүй шүү дээ гэж хэлмээр байна.
-Хохирогч Ч.Энхболд, Д.Баттөр нарын хооронд хуучин өс хонзон байсан юм уу?
-Үгүй ээ. Бид 2011 оны 9 сараас Гранд палазад компанийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сард манай нөхрийг гадаадад байх хойгуур “Жигүүр гранд”-ийн 12 хамгаалагч залуу оффис руу нь дайран орж ирсэн тухай манай нөхрийн компанийн ажилчид ярьж байсан. Уг нь энэ байрны талбай нь миний өөрийн худалдаж авсан өмч учир талбайн түрээс төлөх ёсгүй.
-Хэргийг аль дүүрэгт шалгаж байгаа вэ. Хохирогчын биеийн байдал одоогоор ямар байна?
- Сүхбаатар дүүргийн Цагдаагий хэлтэст шалгаж байна. “Жигүүр гранд” компанийн захирал Б.Баттөрд зодуулсан манай нөхрийн биеийн байдал тийм ч сайн биш шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дүгнэлт нь хараахан гараагүй байгаа. Гэхдээ тархи, нуруу нугасны гэмтэл гэдэг чинь “битүү” гэдэг утгаараа хамгийн аюултай шүү дээ.
Б.Дэжид
medeemn
URL: