Монголбанкны ерөнхийлөгч гэж хэн бэ?
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ гэсэн мэдээлэл гараад байгаа.
Гэхдээ яг одоогоор Л.Пүрэвдорж албан ёсоор өргөдлөө өгөөгүй байгаа ч ерөнхийдөө төв банкны ерөнхийлөгч өөрчлөгдөх нь нэгэнт тодорхой болоод байгаа аж.
Сонгуулийн үр дүнгээр засаг солигдоход яам, агентлагуудын удирдлагыг өөрчлөх нь нэгэнт тодорхой процесс байдаг. Тэр ч хэрээр яамдын бүтэц үйл ажиллагааг ч өөрчилж байгаа. Харин Монгол Улсын төв банкны хувьд улс төрөөс хараат байж улс орны мөнгөний бодлогыг тодорхойлох тусгай чиг үүрэг, эрх мэдэлтэй байгууллагын хувьд удирдлага нь солигдоно гэдэг анхаарал татам мэдээ зайлшгүй мөн. Тэр тусмаа хуульд заасан зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа Монголбанкны ерөнхийлөгч яагаад өргөдлөө өгч ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаа нь анхаарал татам асуудал нь мөнөөс мөн. Нөгөө талаас байнга л шахам шүүмжлэлийн бай болдог төв банкны удирдлагыг солих нь зүйтэй гэсэн байр суурь ч сонсогддог. Тэгвэл өнөөдөр албаа хүлээлгэж өгөх гэж байгаа гэгдэж буй төв банкны ерөнхийлөгч өнгөрсөн жилүүдэд ямар ажил хийв ээ гэдгийг эргэн харах нь зүйтэй байх.
Өдгөөгийн төв банкны ерөнхийлөгчийг ажлаа хүлээж авч асан 2009 оны нэгдүгээр сар дэлхий нийтээр ширвэгдсэн 2008 оны санхүүгийн хямралын дараахь хүнд нөхцөлд Монголын инцляци 32 хувьд хүрч, төсвийн данс улайж шилжилтийн буюу 1990-ээд оных шиг төсвийн байгууллагын ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй шахам хэмжээнд хүрээд байв. Яг энэ үед мэргэжлийн банкир бус хүнийг төв банкны ерөнхийлөгчид томилов хэмээн мундахгүй шүүмжлэл өрнөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Дэлхийн санхүүгийн хямралын сүүл Монголыг хэзээний нэрвээд байсан энэ үед ч “Хямрал Монголыг дайрахгүй” хэмээн улайхгүй мэтгэлзэж байсан улстөрчид ч өнөөдөр их улс төрийн тогоонд тэлчилж л байгаа. Нэгэнт хямралын сүүдэрт нэрвэгдсэн Монгол Улс 2010 онд Олон улсын валютын сантай хамтран эдийн засгийг тогтворжуулах Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хямралын нөлөөллийг харьцангуй бага хугацаанд даван туулж чадсан гэдэгтэй бол өнөөдөр хэн ч маргахгүй. Үүний зэрэгцээ мөнгөний бодлогыг чангатгах, олон улсын санхүүгийн зах зээлийн харилцааг сайжруулах гэх мэтээр төв банкны баримталсан бодлого хямралыг даван туулах бас нэгэн тулах хүч нь болсон гэдгийг үгүйсгэх аргагүй билээ. Жил жилийн намарт УИХ-аар мөнгөний бодлогыг хэлэлцэхэд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэмээх нөхөр чуулганы танхимд загнуулж л суудаг. Гэсэн ч бэлэн мөнгө тараах улстөрийн амлалтыг эсэргүүцэж, бэлэн мөнгөний хэт нийлүүлэлтийн урсгалыг сөрөх, инфляцийг тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний хатуу бодлого тулгаж байсан Монголбанк тухайн үедээ хамгийн их шүүмжлэлийн бай болж байсан. Өнөөдөр ч гэсэн албаа хүлээлгэн өгөх гэж буй Л.Пүрэвдоржоос “Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн чинь яалаа?” гэж ам асуух асуулт бий.
Тэгвэл Л.Пүрэвдорж ямар сан хөмрөгтэй төв банкийг дараагийнх нь удирдлагад хүлээлгэн өгөх гэж байгаа вэ гэдгийг албан тооноос харахыг хичээе.
Өнөөдрийн байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 22,2 хувиар өсч 7051,2 тэрбум төгрөг, хадгаламж 28,2 хувиар өсч 4367,6 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 38,8 хувиар өсч, 6,3 их наядад хүрсэн. Жижиг дунд үйлдвэрийн зээл өмнөх оны мөн үеэс 36 хувиар, ипотекийн зээл 58 хувиар, гадаад валютын албан нөөц өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 2909,7 хувьд өссөн байна.
Энэ бүхэн мэдээж албаны ерөнхий үзүүлэлтүүд. Зөвхөн удирдлага солигдохын өмнө хойно, улстөржсөн хараал, магтаалын аль алиныг бялхуулалгүйгээр тоон үзүүлэлтийг эргэн нэг сануулах нь зүйтэй байх хэмээн дурдав.
Нөгөө талаас өнөөдөр Монгол Улсын хувьд бэлэн мөнгө тараасныхаа хэрээр улсын төсвийн данс улайдах шахсан, инфляци хөөрөгдөх аюул тулганд дүрэлзсэн хэвээр, дэлхийн ялангуяа өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засгийн байдлаас улбаалаад удтал найдан хүлээж байсан уул уурхайн салбарын орлого хомсдож магадгүй эгзэгтэй цаг үе нүүрлээд байгаа. Тэр хэрээр Монгол Улсын төв банкны удирдлага солигдсон ч эс солигдсон ч, Л.Пүрэвдорж эсвэл өөр хэн нэгэн байлаа ч мөнгөний бодлогыг туйлын зөв зохистойгоор тодорхойлж, магадгүй 2008 оных шиг хямралаас урьдчилан сэргийлэх үүрэг ногдож буй. Тийм ч учраас төв банкны удирдлагын халаа, сэлгээ яригдаж буй энэ үед төв банкны үүргийг дахин сануулья юу гэв. Төв банк хэмээх нь ямар нэгэн улс төрийн хүчин нөлөөллөөс хамгийн холуур ангид байж, бие даасан, бусдаас үл хараат үүргээ биелүүлэх ёстой онцгой байгууллага. Тийм ч учраас төв банкны удирдлага солигдож, хэний хэн ч томилогдсон байж болох ч төв банкны чиг үүргээ алдалгүй биелүүлж, төв чигч байх ёстойг сануулсуу.
Дээр дурдсанчлан өдгөөгийн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх нь нэгэнт тодорхой болж байгаагийн зэрэгцээ дараагийн ерөнхийлөгчид томилогдох магадлалтай эрхмүүдийн нэрийг аль хэдийнэ чимээлээд эхэлчихсэн. Тэдгээр эрхмүүдийн хэн нь төв банкны удирдагчийн үүргийг хамгийн сайн биелүүлж чадах талаарх дуусашгүй маргааныг энд үл хөндөн Монголбанкны ерөнхийлөгчөөр хэн ч томилогдсон байлаа гэсэн улс төрөөс ангид хараат байж, Монголын санхүүгийн амин судас мөнгө санхүүгийн бодлого, санхүүгийн зах зээлийн гольдрол, цаашилбал эдийн засгийн ноён нурууг алдаагүй тодорхойлж чадагч байгаасай гэж найдаж буйгаа билээ.
Эх сурвалж “Ардын эрх” сонин А.Амар
URL: