Х.Баттулга: Шинэ онгоц авна
“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын хэсгийнхнийг өчигдөр Ерөнхий сайд албан өрөөндөө хүлээн авч уулзаж, орон сууцны зээлийн хүүг бууруулах судалгааг авч хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулж Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас дараах тодруулгыг хийлээ.
-Орон сууцны зээлийн хүүг бууруулах асуудлаар ажлын хэсгийн төвшинд ярилцлаа. Ерөнхий сайдын зүгээс ямар чиглэл өгөв?
-Орон сууцны урт хугацаат зээлд иргэдийг хамруулахад хүү чухал байгаа. Олон улсын хэмжээнд буюу моргейжэд авчирхад зээлийн жилийнх нь хүү зургаан хувь руу буух ёстой гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өмнө өгсөн байсан. Сая энэ асуудал дээр Монголбанк, арилжааны банкууд хувилбаруудаа яриад, ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдье гэсэн тохиролцоонд хүрлээ.
-Зээлийн хүүг бууруулахын тулд зөрүү мөнгийг нь улсын төсөвт суулгана гэсэн асуудал яригдаад байгаа. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Бусад орны туршлагыг харахад иргэд рүү хандсан орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зээлийн хүүний зөрүүг улсаас татаасаар дэмждэг. Орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу буулгалаа гэхэд, амьдрал дээр банкны зээлийн хүү 12 хувь байвал зургаан хувийг татдаг ч юм уу. Найман хувь гэвэл хоёр хувийг татдаг ч юм уу. Тэгж явах ёстой.
-Улсаас зээлийн хүүгийн зөрүүг өгье гэж тооцоход хэдий хэмжээний мөнгө шаардаж байна вэ?
-Орон сууцны хөтөлбөрөөсөө л шалтгаална. Том хөтөлбөрт том мөнгө л гарна.
-“4000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн төрийн албан хаагчдад квот олгох замаар урт хугацаат орон сууцны зээлийг шийдэж байна. Хувийн хэвшлийнхнийг хамруулах тал дээр хэр нааштай алхмуудыг хийх вэ?
-Төрийн албанд 140 мянган хүн ажилладаг. Тэдний 70-80 хувь нь орон сууц хүссэн байдаг. Тэгэхээр 4000 гэдэг бага квот л доо. Одоогоор энэ квот дуусаагүй байгаа. Ер нь тодорхой орлоготой хүмүүст урт хугацаат орон сууцны зээлд хамруулах ёстой.
-Квотыг байхгүй болгох арга бий юу?
-Квот байхгүй л байх ёстой юм. Гэхдээ 2009 онд тохиосон эдийн засгийн хямралаас барилгын салбараа гаргахын тулд ашиглахад бэлэн болчихсон байсан 4000 орон сууц гэдгээр квот тогтоосон юм. Хэрвээ ашиглалтад ороход бэлэн болчихсон 10 мянган орон сууц байсан бол квотыг мөн 10 мянгаар тогтоох байсан. Өөрөөр хэлбэл, 4000 гэдэг квотыг бид тогтоохдоо Барилгын холбооноос санал болгосон борлогдож болох орон сууцны тоогоор гаргасан хэрэг. Тийм учраас 100 мянган айлын орон сууц баригдлаа гэхэд 100 мянгаараа л зарагдах ёстой.
-“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэзээ эхлүүлэх вэ?
-Энэ хавраас л эхлүүлэх гээд байна даа.
-Япон улсад гамшиг болохоос урьтаад тус улс руу зорчих онгоцны тийз авчихсан иргэд түүнийгээ одоо буцаах гэхээр торгууль төлөх ёстой гэсэн шаардлага тавих болсон тухай гомдол ирэх боллоо. Торго гэсэн юм уу?
-Торгохгүй.
-Тэгвэл хуулинд энэ асуудлыг хэрхэн заасан байдаг юм бэ?
-Хуулиараа бол торгуультай. Онгоцны тийз авчихаад зорчихгүй бол нөгөөхийг нь борлуулж чадахгүй. Ингэснээр компани орлогогүй болж байгаа байхгүй юу. Тийм учраас торгууль ногдуулна гэж заасан байдаг
.
-Гамшиг үүссэн тохиолдолд хэрхэн зохицуулсан байдаг юм бэ, тэгвэл?
-Торгууль ч шалихгүй шүү дээ, бага юм байдаг.
-Японд байгаа иргэдээ хоёр ч удаа агаарын хөлгөөр авчирлаа. Цаашид хэдэн хүн авчрах вэ?
-Цаашид гэдэг бол хэцүү. Одоо Японд нөхцөл байдал ямаршуу байна вэ гэдгийг тодорхойлохгүй бол. Өнөөдрийн нислэг хуваарийн дагуу явж байгаа. Ирэх баасан гаригт нэг нислэгийн хуваарьтай. Долоо хоногтоо хоёр удаа МИАТ-ынхан Япон улс руу нислэг үйлддэг. Анх газар хөдлөхөд бид маш яаралтайгаар Япон улсад байсан иргэдээ татсан. Одоо бол хуваарийн дагуу нислэг үйлдэнэ. Гэхдээ гамшгийн бүс дээр яг одоо 90 орчим монгол иргэн байна гэсэн албан ёсны тоо гарсан. Тэдэнтэй Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулаад Монгол Улсын Гадаад харилцааны яам холбоо барьж, байгаа. Тэр гамшгийн бүс руу автобус явуулсан гэсэн. Тэднийг эх орондоо авчрах тохиолдолд онгоц хөөргөх асуудал гарна. Бусад тал дээр гайгүй.
Нэг зүйлийг зориуд анхааруулмаар байна. Манай хэвлэл мэдээллийнхэн хоорондоо өрсөлдөөд, аль болох сенсацитай мэдээлэл цацах гээд иргэдийг сандаргаад байна. Үүнд анхаарч, бодит мэдээлэл цацаач гэдгийг хүсэх байна. Нөгөө талаас Засгийн газраас хэвлэлийнхнийг бодит байдалтай танилцуулах зорилгоор МИАТ ХК-тай хамтраад телевизүүдээс сэтгүүлч нарыг Япон улс руу явуулж, сурвалжлага хийлгэж эхэлсэн. Зардлыг нь даагаад. Ингэж ажиллахгүй бол сенсаци хөөгөөд иргэдээ бухимдуулаад, асуудлыг хүндрүүлээд байх юм.
-Онгоцны хүрэлцээ хэр байгаа вэ. Хоёрхон онгоцтой болохоор олон улсын нислэг үйлдэхэд хүрэлцээ муу хүндэрч мэдэхээр байна гэж дуулдсан?
-Бид чинь улс орныхоо эдийн засгийн чадавхиас хамаарч хоёрхон “Бойнг”-той байгаа. Энүүгээрээ л бүх ажлыг амжуулж байна. Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ компани боломжоороо асуудлыг зохицуулж байна. Тухайлбал, Солонгосын талтай ярилцаад Сөүлд бөөгнөрсөн 200 иргэнээ онгоц түрээслээд татаад аваад ирсэн. Энэ хооронд МИАТ ХК Москва, Герман, Бээжингийн нислэгүүдийг зогсоогоогүй зохицуулаад л ирлээ.
-Цаашид шинэ онгоц авах уу?
-Энэ байдал дээр бид дүгнэлт хиймээр юм билээ. Шинэ онгоц авах ёстой. Өмнө нь шинэ онгоц хол сонсогддог байсан боловч, авах шаардлагатай юм байна гэдэг нь сая болж өнгөрсөн үйл явдлаас ойлгогдсон болов уу. Манайханд нэг зовлон байдаг, онгоц авах нь гэсэн сургаар тэр авах гэж байна, энэ авах гэж байна, тэр шахчихлаа гэсэн яриа их гардаг. Гэхдээ энэ мэт яриаг хаяад онгоц авах хэрэгтэй, хэлэлцээрүүд хийгээд эхэлчихсэн.
URL: