“SALE”-д сэтгэл татах юу ч байдаггүй

Монголчууд их өгөөмөр улс шүү. Үе үе яагаад ийм “гар султай” болдгийг нь гайхдаг юм. Ингэхдээ бүүр хамгийн их мөнгө олж, бизнесийн өндөр ашигтай ажиллаж болох цаг хугацаагаар “SALE” гэж бичээд л дуусаа.

Өнөөх халуун, хүйтэнд гахай үүрч, хамаг хөлс хүчээ урсгаж вагонд чихэлдэн байж бий болгосон хөдөлмөр, “SALE”-тэй хэдхэн өдөрт л үрэн таран болох нь тэр. Яахаараа брэндийн бараа хүртэл энэ үеэр хямдардаг байна аа. Бүүр 10-70 хувь хямдардаг нь яагаад вэ. Цаад гутал, хувцас үйлдвэрлэгч брэндүүд нь хүртэл Монголчуудыг өрөвдсөндөө “үйлдвэрийн үнээр зарчих” гээд зөвшөөрөл олгочихдог юм болов уу.

Яагаад заавал худалдан авагчийн хамгийн их хэрэгцээтэй өдрүүдээр хямдралтай худалдаа ихэдчихдэг юм бол. Хичээлийн шинэ жилийн үеэр бол хаана л бол хаана 10-70 хувийн хямдрал бүх төрлийн барааны өмнө өлгөөтэй харагддаг. За тэгээд шинэ жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, хүүхдийн баяр, наадам…гээд хямдралтай худалдаатай өдрүүд Монголд олон. Энэ нь эрэлт дагасан нийлүүлэлтийн хууль гэхээсээ иргэдийг хуурсан зальжин худалдаа гэчихвэл нэг их буруутахгүй л болов уу.

Учир нь хорооллын нэг захаас нөгөө зах хүртэлх хэсэгт худалдаа наймаа хийдэг хаалга, лангуу болгон “SALE” заралчихжээ ойрын өдрүүдэд. Нийслэлдээ л овоо үйлчлүүлэгчидтэй бараа бүтээгдэхүүн нь тэрүүхэндээ бас ч гэж хөөрхөн үнэтэйдээ тооцогддог “Билэг” их дэлгүүрийн гадна талбайд 21 мянган төгрөгт очерлож байна уу гэж андуурмаар хүн хөл бужигнасаар лав гурав хонолоо.

Учир нь хавар, намрын гутландаа “SALE” зарлачихаад байгаа юм гэнэ. Ёстой л “шуурч” байна аа тэнд. Арга ч үгүй дээ 10-50 хувь хямдарсан үнээр гуталтай болчих хүсэл хэнд ч байх. Харамсалтай нь эхний лангууг дуусгаад л сэтгэл гонсойв. Учир нь үйлчлүүлэгчдийн яриа нөлөөлөв үү, үнийн өөрчлөлтийг ерөөс мэдэрсэнгүй юу аль нь болохыг хэлж чадахгүй юм. Юутай ч хямдарсан байх боломжит үнэд тохирсон гутал олж эс чадав. Хүмүүс гоёмсогт нь хууртаж дэмий л гуталнуудыг барьж үзэж, эргүүлж тойруулна. Эргэлдсэн их хүн байгаа нь л үнэн болохоос мөнгө төлөөд сонирхсон гутлаа авч байгаа хүн нэн ховор байлаа.

Ингээд бодож эхлэв. “SALE” гэдэг үгэнд сэтгэл татагдахын хэрэг байна уу гэж. Гутлын уланд бичсэн анхны үнийг л “өндөр” тавьчихвал хэдэн хувиар ч үнээ буулгасан алдагдалд ордоггүй алтан санаа бол наймаачдынх юм байна. Тэдний хөлс хүч, зардлыг тооцож үзвэл яаж ч бодсон брэнд үйлдвэрүүд Монголын “тусгай” худалдаатай өдрүүдэд зориулж “үйлдвэрийн” үнээр бараагаа зарах зөвшөөрөл олгодоггүйгээс гадна Монголын ченжүүд иргэддээ бизнесээ хэзээ ч доогуур үнэлдэггүй, үнэлэх ч үгүйг ойлгов.

Тэд “гар султай” биш юм. “SALE” гэдэг нь зүгээр л сэтгэлийн хөдөлгөөнд автамхай Монголчуудын сэтгэхүйгээр “тоглож” байгаа компьютерийн “Ариал Мон” шрифтээр бичсэн ухуулгын шинжтэй үг юм байна. Итгэхгүй бол та өөрөө үзээрэй. 10-50 хувийн хямдралтай гэж байгаа юм, тэр гуталнууд. Хямдрал зарлаагүй байхдаа лангуун дээрх үнэ нь 190 мянга байсан гэнэ. 10-50 хувийн хямдралаар борлуулагдаж байгаа үнэ нь 120 мянган төгрөг болжээ. Гэтэл яг долоо хоногийн өмнө хямдраагүй, лангуун дээрээ яг 120 мянган төгрөгөөр зарагдаж байсныг нэгэн үйлчлүүлэгч худалдагчид улайтал нь хэлж тэрүүхэндээ л бухимдлаа илэрхийлэв.

Яагаад ч юм тэр эгчийг дагаж хэсэг гомдов. “Хямдрал” гэсэн хаяг хараад л хууртаж хэтэвч дэх хэдэн бор цаасаа дуустал үрдэг Монгол хүний сэтгэхүйг ашиглах наймаачдад дургүй хүрэв. Нээрээ ч тийм дээ. Яаж ч бодсон наймаачид гэдэг бол бизнес сэтгэхүй нь өндөр хөгжчихсөн биднээс яалт ч үгүй хувь илүү бодол, сэтгэхүйтэй улс юм гэсэн бодлоор өөрийгөө аргадав. Үгүй бол оёдол нь ханзарсан, размергүй, загварын сонголтгүй, лангуун дээр байсаар элэгдэж гандсан тийм л хувцас, бараа бүтээгдэхүүн жинхэнэ утгаараа хямдардаг юм байна. Үнэн ч гэсэн хатуу сонсогдож мэднэ шүү. “SALE” гэх үгэнд сэтгэл татах юу ч байдаггүй юм байна, Монголчуудаа.

М.Мөнхтунгалаг

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих