Э.Цолмонбаяр: “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг тоглох нь бидний мөрөөдөл
“Tv cocktail” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяртай ярилцлаа.
-”Tv cocktail”-ийнхан шинэ жүжиг тоглохоор болсон тухай яригдаж байна. Ямар жүжиг юм бэ?
-Залуу уран бүтээлчдийн хувьд юм юмыг л хийж үзмээр санагддаг. Коктейл гэдэг олон амтат дарсыг нэгтгэн нэгэн сайхан амт бий болгосныг хэлдэг. “Tv cocktail” хамтлагийнхан маань мөн урлагийнхаа салбарт шинэ амт мэдрүүлэхийг хүсдэг. Урлагийн сургууль төгссөн хүн бүр драмын жүжигт тоглохыг мөрөөддөг гэхэд болно. Гэхдээ хичнээн хүсээд ч тоглож чадахгүй байгаа хүмүүс олон бий. Бид мөрөөдлийнхөө нэг хэсэг болгож Францын зохиолч Эрик Эммануэл Шмицийн “Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжгийг тоглохоор боллоо. Нэрнээсээ эхлээд жүжиг маань их сонирхолтой байгаа биз.
-Яагаад энэ жүжгийг сонгох болов?
-Бидний танил эгч анх зохиолыг нь уншуулсан юм. Зохиол маань бидэнд таалагдсан. Тийм болохоор найруулагчдаа хэлээд гаднаас жүжигчид урьж тоглуулж байгаа.
Анх зохиолоо уншаад бид дотроо их зүйлийг бодсон. Уран бүтээлч хүн хүнд ухаарал, баяр баяслыг өгдөг байх ёстой. Энэ жүжгийг олон залуус үзэж чадах юм бол хүн бүр өөрийн гэсэн бодлыг тээж гарахаас гадна амьдралыг арай утга төгс харж эхэлнэ гэж бодож байна. Хүнд сайн сайхан зүйлсийг өгч чадахаар жүжиг байсан тул бид ямар ч аргаар хамаагүй тогломоор санагдсан. Уг жүжгийг “Tv cocktail” тавьж байна гэдэгтээ сонирхолтой байх нь уу, үгүй юу гэдэг нь сонин биш. Хэн хэн дүр бүтээх нь ч хамаагүй. Харин тухайн уран бүтээлчид зохиолчийн бичсэн санааг хүнд хүргэхдээ л гол нь байгаа юм. Шууд хэлэхэд энэ жүжгийг үзсэнээрээ “Нээрээ би яаж амьдарч байна. Яаж амьдрах ёстой вэ. Би хэн билээ” гэдгээ хүмүүс бодох байх. Бид ашиг олохдоо гол нь биш. Олон залуус ухаарал аваасай гэдэг үүднээс хүн болгоныг үзээсэй гэж хүсэж байгаа.
-Намар болохоор театр болгон тоглолттой байж таардаг. Тоглолтоо хаана хийхээр төлөвлөсөн бэ?
-Манай дуурь, бүжгийн эрдмийн театр Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдсан уран бүтээлчдийг төрүүлсэн. Энэ сайхан гэрэл гэгээ цацарсан театрт бид уран бүтээлээ тавина. Найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа. Ж.Сэнгэдорж найруулагч Монголын анхны сериал болох “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Цагаан шөнө”, “Бодлын хулгайч”, “Адам” зэрэг уран сайхны киног найруулсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа найруулагчийн дэргэд олон жил явсан болохоор асар туршлагатай найруулагч болсон. Ж.Сэнгэдорж маань 10 гаруй жил жүжиг тавиагүй байж байгаад энэ удаа бидэнтэй хамтарч “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг тавихаар боллоо. Бидэнд бас нэгэн мөрөөдөл байдаг байлаа.
-Тэр нь юу юм бэ?
-Бид Амбий, Бооёо, Хүрлээ ахаас эхлээд дээд үеийнхээ уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийх юмсан гэж боддог байсан. Найруулагч маань энэ жүжигт Амбий ахыг тохирно гэсэн. Амбий ахад санал тавихад зохиолоо уншаад “давай” гоё жүжиг байна. Хамт тоглоно гэсэн. Мөн Б.Навчаа эгч саналыг маань сайхан хүлээж авсан. Нэг сонин хүн бий. Амбий, Бооёо ахтай хамт СУИС-ийн жүжигчний анги төгссөн, Хүүхэд залуучуудын театр гэж байхад олон жүжгийн гол дүр бүтээсэн Эрдэнэ-Очир ах оролцох болно.
-Танай хамтлагаас ямар хүмүүс оролцох юм?
-Өскө, Аюуш, Энхбаяр гурав маань тоглохоор болсон.
-”Tv cocktail” хамтлаг жил жилийн намар инээдмийн уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгодог байсан. Өнөө жилийнх нь энэ жүжиг болж байна уу?
-Манайхан кино урлаг руу ороод “Сайн уу амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай” гээд гурван уран сайхны кино хийсэн. Хамтлагийнхаа зүгээс энэ намар үзэгчдэдээ барих бэлэг энэ жүжиг болж байгаа юм. Энэ зуны турш жүжгийнхээ зохиол дээр ажиллалаа. Тайз, хувцсаа хэнээр хийлгэх вэ, найруулагч, жүжигчдээ хэрхэн сонгох вэ гээд ажил ихтэй байлаа. Өнөөдөр бид “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ синдромдож байна.
-Уг жүжигт юуны тухай өгүүлдэг юм бол?
-Хамаагүй ярьчихвал зангилаа нь тайлагдчих гээд байдаг жүжиг байгаа юм. Амьдрал бол хүнд өгсөн хамгийн том бэлэг. Хүн энэ орчлонд нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Ганц амьдрах насандаа хүн шиг сайхан амьдар. Өөрт байгаа сайхан бүхнээ өрөөл бусдад өгч байж хүн байхын утгыг бүрдүүлнэ гэсэн санаатай. Амьдрал хүнд өгсөн бэлэг учраас нэр алдар, хөрөнгө мөнгө юу ч биш. Өглөө болгон босохдоо нарыг хараад өөрийгөө амьд байгааг мэдрэх хамгийн сайхан. Тунгалаг өглөөний нарыг алгандаа тосоод энэ орчлонд хэн нэгэнд би хэрэгтэй байгаа бол тэр хүнд туслахаар зоримог алхах минь хүртэл амьдралын бэлэг. Хэн нэгэндээ харамгүй хайр түгээж, илчинд нь дулаацах хэрэгтэй.
Энэ жүжиг маань өнөө цагт ус, агаар мэт үгүйлэгдэж байгаа зүйлсийг харуулсан. Өмнө нь бид жүжгийн зохиол зөндөө л уншиж байсан хэдий ч таалагдаагүй. Өнөөдөр ахуйн жүжгүүд ихээр бичигдэх болж. Мөн түүхэн жүжиг байна. Даанч тэр түүхэн жүжигт нь бид тохирохгүй юм. “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг уншаад дуу нэгтэйгээр “Энэ жүжгийг тоглоё” гэж орилолдсон. Тийм болохоор нэгдүгээрт бид энэ жүжгийн тоглох цаг нь иржээ гэж бодсон. Үнэхээр тохироо нь бүрдсэн. Энэ хайр, дурлал хийгээд ахуйн тухай жүжиг биш болохоор олон хүн ирж үзэх биз ээ. Жүжиг маань арай л том сэдвийг хөндөн харуулна. Зохиолч нь үнэхээр энэ цаг үед амьдарч байгаа хүмүүст зориулан бичсэн юм билээ.
Өнөө цагт хүн чанар гэдэг зүйл газрын хөрснөөс хурдацтай арчигдах гээд байна. Үүнийг бид үлдээх хэрэгтэй. Хүмүүс хайрыг зүрх, сэтгэлээс бус хэтэвчнээс, машинаас хайдаг цөвүүн цаг ирээд байгаа энэ үед гэгээрэл бидэнд ач тусаа өгнө.
-Нээлтээ хэзээ хийх вэ?
-Ирэх сарын найманд нээлтээ хийхээр төлөвлөчихөөд байгаа.
-”Хоёр ертөнцийн буудал” жүжиг Европыг байлдан дагуулж байгаа сураг байсан?
-Энэ жүжиг маань 1999 онд бичигдсэн. Түүнээс хойш Орос, Болгар, Герман, Итали, Испани гээд Европын улсуудаар өнөөдөр ч тоглогдож байна. Зохиолчтой нь холбоо барихад Ази тивд анх удаа тавигдах гэж байгаа нь энэ гэсэн.
Уг жүжиг маань цаг хугацааг даван туулаад, үнэхээр хүмүүсийн амьдралыг өөрчилж чадаад “Ромёо, Жульетта”, “Гамлет”, “Отелло” шиг зохиол нь мөнхөрвөл Азид анх удаа Монгол Улсад “Tv cocktail” хамтлаг тавьж байжээ гэнэ. Жүжиг маань өөрөө сайн зохиолтой болохоор үлдэх байх гэдэгт эргэлзэхгүй байна.
-Анхны жүжгийн уран бүтээл болохоор сэтгэл дэнсэлж байгаа биз. Ахин жүжиг тоглох уу?
-Энэ жүжгийг хүмүүс хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй. Бага зэрэг сэтгэл догдолж байна. Мөн түгшихийн хажуугаар айж байна. Тайзны бүтээл гэдэг шууд тоглогддог болохоор алдах эрхгүй. Киног монтажлаад ахин зураг авч болдог.
Бид хийх ёстой учраас л үүнийг хийж байгаа юм. “Хоёр ертөнцийн буудал” жүжиг хэрхэн үзэгчдэд хүрэхээс шалтгаалан дараагийн уран бүтээлээ сонгоно.
Манайхан жүжгийнхээ хажуугаар нэг хүүхэлдэйн кинон дээр ажиллаж байгаа. Жүжгийн нээлтээ хийсний дараа хүүхэлдэйн кинондоо түлхүү анхаарал хандуулна. Яагаад заавал хүүхэлдэйн кино хийх гээд зүтгээд байсныг хүмүүс удахгүй мэдэх болно. Олон хамтлаг, продакшнууд олон сайхан уран бүтээл хийж байна. Уран бүтээлийн тэр том давалгаан дунд нэгэн жижиг давалгаа болон явахыг хүсдэг.
Магадгүй дүү нар маань манай хүүхэлдэйн киног үзээд өөрийн гэсэн үндэсний үлгэрийн баатартай болж болно.
-Заавал яагаад гадаад жүжгийн зохиолыг сонгов. Монголын уран бүтээлчид сайн зохиол гаргахгүй байна уу?
-Монголын зохиолчдынхоо зохиолуудыг уншсан. Жүжгийн тайзан дээр хоёрхон цагийн дотор хүний амьдралыг харуулна гэдэг хэцүү. Үүнийг үзэгчдэд ойлготол, үнэмштэл бичнэ гэдэг амаргүй байх. Сүүлийн үед бичиж байгаа залуучуудын зохиолыг уншихад ахуйгаасаа салж чадаагүй гэдэг нь ажиглагдсан. Анхны уран бүтээлээ арай өөр хэлбэрээр тавьсан нь дээр гэж бодоод энэ зохиолоо сонгосон юм.
-Жүжиг тоглоно гэдэг хэр санагдаж байна. Бэлтгэлийн явцаас эхлээд мэдрэгдсэн байлгүй?
-Аймаар мөртлөө аймаар гоё байна. Үнэндээ айхаас хэтэрсэн зүйл болж байгаа юм. Анхандаа нэг л санаанд бууж өгөхгүй байсан шүү. Энэ хэдийгээ бэлтгэл хийж байгааг хараад сайхан л санагдсан. Нээлтийн өдрөө тэсэн ядан хүлээж байгааг мэдэрсэн байлгүй.
-Эднийгээ хараад гэж. Та оролцохгүй юм уу?
-Манай хамтлаг эл жүжгийг тавьж байна гэхээр бүх уран бүтээлчид оролцоно гэж ойлгож болохгүй. Миний хувьд продюссерээр ажиллаж байгаа. Нөгөө гурав маань жүжигтээ тоглоно.
-Өскө та хоёр рекламны мангас болжээ. “Hot chinjuu” нэвтрүүлэг ахин гарах болов уу гэсэн хүлээлт байна?
-Бидний хувьд “Hot chinjuu” нэвтрүүлгийг хийж байгаад “Tv cocktail” нэвтрүүлэг хийсэн. Нууцгүй ярихад энэ нэвтрүүлгээс хөндийрмөөр санагдсан юм.
-Яагаад?
-Манайхан телевизээсээ хэдэн төгрөг аваад яваад байж болно. Зарим зүйлийг түр орхих шаардлага гардаг. Олон хүмүүс бидэнд “Нэвтрүүлгээ хийгээч ээ” гэсэн санал ирүүлдэг.
Нэвтрүүлгээ нэг л өдөр шууд зогсоогоод кино урлагт орсон. Киноноосоо ингээд жүжиг рүү орж байна. Уран бүтээл гэдэг тэр бүр буцлаад байдаг зүйл биш юм. Хүнээс зохиол авч нэвтрүүлгээ хийдэггүй байсан. Бүх зүйлээ өөрсдөө хийдэг байсан болохоор гоё санаа орж ирэхийг хүлээнэ. Жүжиг, хүүхэлдэйн киноныхоо дараа телевизийн уран бүтээлдээ орно. Гэрээ хийгдсэн болохоор 12 дугаар сараас үзэгчдийн хүртээл болно.
-Та бол “Харцага” багийн улаан фэн. Багадаа сагсан бөмбөг тоглодог байв уу?
-Надад спортын найзууд олон бий. Би чинь багадаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Сагсан бөмбөг тоглох дуртай байсан ч намхан нуруунаасаа болоод сургуулийнхаа шигшээд багтдаггүй байсан. Хаана л сагсны талбай байна тэнд л гүйж явдаг хүүхэд байв.
-Чөлөөт бөхөөр тэмцээнүүдэд оролцож байв уу?
-Оролцолгүй яахав. Дүүргийн хоёр удаагийн аварга болсон. Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар бид хоёр багын найзууд. Дээд, доод жиндээ барилддаг байсан. Хоёулаа л сургуулийнхаа нэрийг дүүрэгт гаргадаг тамирчид байлаа. Миний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнээс хараахан медаль хүртэж чадаагүй. Харин Б.Наранбаатар маань дэлхийн хэмжээний бөх болсон.
Сагсан бөмбөг тоглоход, тоглолтыг үзэхэд их сайхан. “Харцага” багийг “Азарга” нэртэй байхаас нь дэмжиж ирсэн. “Харцага”-д Давхарбаяр гээд манай найз тоглодог болохоор ялалт, ялагдлын сайхан, муухайг тэдэнтэйгээ хамт хуваалцдаг.
-Таныг нэг хэсэг хамтлагийнхаа Н.Цэнд-Аюуштай гэр бүл боллоо гээд байсан. Өнөөдрийг хүртэл үнэн, худал нь мэдэгдэхгүй юм?
-Миний гэр бүл бусад хүмүүст тийм хамаатай байдаг юм болов уу гэдгийг мэдэхгүй. Өскө, Энхбаяр хоёр эхнэртэй болоод Цэнд-Аюуш бид хоёрыг хүнтэй суухгүй болохоор хоорондоо учиртай гэж бодсон шиг байгаа юм. Түүнээс ямар нэгэн нууц юм байхгүй.
Одоогоор би гэр бүлээ зохиож амжаагүй л явна. Гэхдээ амьдарвал амьдарчих бодолтой үерхэж байгаа бүсгүй байна. Гэр бүл, үр хүүхдийг худалдаад авчихдаг зүйл биш. Хүн амьдарч байх хугацаандаа амьдралаас авдаг хамгийн том бэлэг бол гэр бүл гэж боддог.
Манайхан эртнээс “Заяаны хань зам дээр” гэж хэлдэг байсан. Би найз нартайгаа зам дээр гарч ирчихээд тоглоомоор “Хань олдтол нь замаар явна даа” гэж хошигнодог байлаа. Одоо бидний хувьд урлагт гаргасан зам мөрөө улам тодотгох, өөрсдийгөө хөгжүүлэхээс эхлээд олон ажил байна.
Э.ЭНХБОЛД
URL: