Хоёр мянга гаруй компанид эрүүгийн хэрэг үүсгэжээ
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэггэй тэмцэх хэлтсийнхэн нэмүү өртгийн албан татвараас зайлсхийж. мөнгө завшсан хоёр мянга гаруй компанийн захирал, нягтлан бодогч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Уг хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх 2000 гаруй компанийн удирдлагууд НӨАТ төлөгчийн падаан ашиглан татвараас зайлс хийдэг байсан юм байна. Тухайлбал, хуулиндаа жилийн борлуулалтын орлого нь арван сая төгрөгөөс дээш гарсан (гардаг) аж ахуйн нэгж, иргэд НӨАТ төлдөг юм байна. Тэгээд сар бүр гүйлгээ хийсэн падаанаар санхүүгийн тайлан гаргадаг аж.
НӨАТ өгч буй аж ахуй нэгж өөрөө бараа худалдан авагч байдаг. Энэ үед түүний бэлтгэн нийлүүлэгч нь мөн НӨАТ төлөгч бол НӨАТ төлөгчийн падаан хүлээн авдаг юм байна. Тайлан гаргахдаа өөрийн борлуулалтын орлогод ногдох НӨАТ-аас худалдан авсан барааны НӨАТ-ыг хасч зөрүүг нь төсөвт төлдөг аж. Ийнхүү хэд хэдэн төлөлт хийсний дараа сардаа илүү төлөлт хийсэн мөнгөө буцааж авах эрхтэй. Үүнийг ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсаас их хэмжээний мөнгө залилсан байна. Эдгээр хууль бус үйлдлийг холбогдох газруудын хийсэн шалгалтаар тогтоосон байна. Мөн цагдаа нар компаниудын захирал болон нягтлангуудаас байцаалт авч дуусаад байгаа юм байна.
Э.ХҮРЭЛБААТАР
URL: