Олонд танигдах өмгөөлөгч тактик

Бусдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй өмгөөлөгчид нэг л биш ээ. Сүүлийн үед тэдний хийж буй үйлдэл, хэлж буй үгийг харахад үйлчлүүлэгчээ өмгөөлөх бус өөрийгөө л дээгүүрт тавих нь хэрээс хэтэрч байх шиг. Өмгөөлөгч бол аливаа хэргийн сэжигтэн, эрх чөлөөгөө хасуулсан нэгэнд хууль, эрх зүйн талаас ямар боломж байна вэ гэдгийг эрж хайх, улмаар харилцан тохиролцсоны дүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Өмгөөлөгч хуулийг хэрхэн тайлбарлаж, үйлчлүүлэгчдээ хэрхэн боломж гаргаж байгаагаас шууд хамааран үйлчлүүлэгчийн хувь заяа шийдэгддэг. Нэг үгээр хэлбэл, хэрэгт холбогдсон, эс холбогдсон нэгний хувь заяа хаашаа эргэхийг өмгөөлөгч шийддэг гэсэн үг. Гэтэл эл үүргээ умартан, асуудалд хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байгаа хэсэг бүлэг хүмүүс бас байна аа. Ямар сайндаа “Олонд танигдаж, од болъё гэвэл өмгөөлөгч хий” гэсэн үг нийтийн дунд моодонд орох вэ дээ. Нээрээ л эзэмшсэн мэргэжил, өмгөөлсөн хүнийхээ ачаар олонд танигдсан өмгөөлөгчид, тэр бүү хэл, өмгөөлөл үзүүлснийхээ ачаар хууль тогтоох дээд байгууллагад заларсан азтай аавын хүү ч бий. Ийн өмгөөлөх тактикаар өөрийгөө таниулсан эрхмүүдийн магнайд хуульч, өмгөөлөгч М.Ичинноровыг дурдаж болно.

10 МЯНГАН ТӨГРӨГ ХУЛГАЙЛСАН ЭМЭГТЭЙГ “ ААВ”-ЫНХААС ГАРГАСАН НЬ ХОЖИМ НАМ ДАГАЖ НАМИРАХЫН ЭХЛЭЛ БАЙЖЭЭ
Тэрбээр одоогоос таван жилийн өмнө хүний эрхийн талаар зоригтой дуугарч, 10 мянган төгрөг хулгайлаад арван жилийн ял сонссон Л.Ариунцэцэг гэх бүсгүйг торны цаанаас суллаж байв. Хүүхдээ тэжээхийн тулд арга буюу 10 мянган төгрөг хулгайлсан бүсгүйг өмөөрөн дуугарч байсан түүнийг олон нийт ингэж л сайнаар хүлээж авсан. Зоригтой, зорилготой бүсгүй байна гэж сайшаасан. Тэр тусмаа П.Ариунцэцэгийн ойр дотны хүмүүст бол М.Ичинноров хамгийн том ачтан нь яах аргагүй мөн. Энэхүү үйл явдлаас хойш Монголд стратегийн өмгөөлөл гэх шинэ нэр томьёо бий болж, М.Ичинноровын нэр хүнд гэрлийн хурдаар өссөн юм. Гэвч удалгүй хүний эрхийн хуульч маань иргэний хөдөлгөөнүүдтэй нэгдэн, Ж.Батзандан, О.Магнай нартай хөтлөлцөн жагсаж, эрх баригчид уруу улаан лооль шидэж явсан удаатай.

Ийнхүү жагсагчийн хувиар улстөрд хөл тавьсан тэрбээр нэг хэсэг Иргэний хөдөлгөөний намаар овоглож, төд удалгүй МАН-ын гишүүний батлах өвөртөлсөн. Гэсэн хэдий ч тэр сонголтдоо үнэнч байсангүй, өнгөрсөн хавар МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны маргааш өглөө МАХН-ынхантай нийлэн хэвлэлийн бага хурал хийж, энэ намыг дагах болсноо зарлан, их л сүржигнэсэн билээ. Харин одоо Н.Алтанхуягийн Засгийн газарт дэд сайдын суудал горилон Засгийн газарт хамтарч байгаа намуудын аль алинд нь тал засч яваа сурагтай. М.Ичинноров гэх хуульч ингэж л нам дагаж намирахын тулд хүний эрхийн өмгөөлөл ярин олны танил болсон. Харамсалтай нь тэрбээр өөрийг нь олонд таниулсан өмгөөлөгчийн ажлаа орхиж улстөр хөөх болсон ч нэг л бүтэл муутай явна.

УРВАЖ ШАРВАХ НЬ О.АЛТАНГЭРЭЛИЙН КАРЬЕРТ ХЭР НӨЛӨӨЛСӨН БОЛ
Өмгөөлөгчийн нэрээр олны танил болсон дараагийн эрхэм бол О.Алтангэрэл. Түүнийг долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн хурандаа нарт эрх зүйн туслалцаа үзүүлж байсан гэдгээр нь олон нийт андахгүй. Хэдэн жилийн турш олны нүд, чихнээс холдоогүй эл хэрэгт өмгөөлөл үзүүлэх болсон нь түүнийг ёстой л хойморт залрах телевизийн хөтлөгч лугаа нэрд гаргасан. Хурандаа нарын хэрэг шийдэгдэлгүй ихэд сунжирсны улмаас худалч хүнд өдөр алгасахгүй хэвлэлийн хурал хийж, тэр бүү хэл үйлчлүүлэгчээ хамгаалан ярьсныхаа төлөө 14 хоног баривчлуулж байсан нь түүний карьерыг багагүй өсгөсөн. Энэ хэрэгт өмгөөлөл үзүүлснээс хойш хэлэх гэснээ хэлчихдэг шавилхан залуугаас эрх зүйн туслалцаа авч, өмгөөлүүлэх хүсэлтэй хүний тоо ч эрс өссөн гэдэг.

Ийнхүү хийж буй ажлаараа нэрд гарсан залуу хуульч эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэлгүй үйлчлүүлэгчээсээ татгалзан, долдугаар сарын 1-ний хэргээс бүрмөсөн хөндийрсөнд эгдүүцэх хүн олон байв. Ямартай ч АН-ын толгой бизнесмэний башир аргад дэм болон сонин хэвлэлээр түүнийг өмгөөлсөн ярилцлага өгч байгаа нь мөн л улстөр дагахаар шийдсэнийх бололтой. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн ёс зүйг ухамсарлан, аливаа ашиг сонирхлын үүднээс бус үйлчлүүлэгчдээ ямар боломж байгааг хуулийн талаас нь гаргаж ажиллах үүргээ тэрбээр энэ удаад мартжээ. “Нам дагавал ам тосдоно” гэх сүүлийн үеийн зүйр үг шиг хэнийг дагавал юунд хүрэхээ тэр хэдийнэ гадарлачихаж.

ӨМГӨӨЛЛИЙНХӨӨ БУЯНААР ХАМГИЙН ТОМ ЗАГАС ШҮҮРДСЭН НЬ О.БААСАНХҮҮ
Эзэмшсэн мэргэжлийнхээ буянаар “тэнгэрийн умдаг атгасан” дараагийн хуульч бол О.Баасанхүү. Аль л дуулиан шуугиантай, олны хараанд байдаг хэргүүдэд өмгөөлөгчөөр ажилласан түүнийг нэг л өдөр УИХ-ын гишүүн гэж дуудуулна гэж хэн санах билээ. Авлигын хэрэгт сэжигтнээр татагдсанаа гадарлаж, хуульч өмгөөлөгчдөөр баг бүрдүүлж байсан экс Ерөнхийлөгчийн хараанд өртсөн нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш. Ерөнхийлөгч байсан хүний хэрэгт оролцох нь өөрийгөө таниулах боломж гэж өмгөөлөгч залуугийн гүйлгээ ухаан тооцоолсных биз ээ. Энэ ч үүднээс тэрбээр МАХН-ын байраар нэг бус удаа эргэлдэн, намын даргын хараанд өртсөнөөр түүний өмгөөллийн багт ажиллах бол­сон гэдэг. Ийн эксийн өмгөөлөгч болсноор нэг салбарын нөхдүүдийнх нь хэлдгээр “болсон, болоогүй захиргааны хэрэг хөөцөлдөн, дүүргүүдийн шүүх дээр өнждөг байсан” О.Баасанхүү олонд танигдах алхмаа тавив.

Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг өмгөөлөх ховорхон завшааныг атгасан тэрбээр МАХН-ын гишүүнээр элсч, батлах гардсанаар Н.Энхбаяр болон түүний намд эргэлт буцалтгүйгээр зүтгэх болсон. Хэрэг түвэгт орооцолдсон нэгэнд өмгөөлөл үзүүлж явснаас нам дагаж, улстөр хийх нь түүнд илүү ашигтай санагдсан байж болох. Энэ ч үүднээс өмгөөлөгч залууг экс Ерөнхийлөгч ивээлдээ авч, УИХ-ын сонгуулиар намын жагсаалтдаа дээгүүр эрэмбэлсэн нь хожим хууль тогтоох дээд байгууллагын суудалд тухлуулав. Улстөр хөөж, урваж, шарвасан өмгөөлөгчдөөс хамгийн том загас шүүрдсэн нь О.Баасанхүү юм. Экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаагүй байсан бол УИХ-ын гишүүний батлах жирийн нэгэн өмгөөлөгчийн халаасанд тийм ч амар ирэхгүй байлаа.

М.Өнөржаргал

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих