Лу.Гантөмөр сайд аа, нүдээ нээ
Маргааш хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Энэ удаад Боловсролын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хичээлийн жилээ нээж, харин их, дээд сургуулийн оюутнууд ирэх даваа гаригт хичээлээ эхлэхээр болсон.
Боловсролын шинэ сайд өнгөрөгч баасан гаригт салбарынхантайгаа уулзахдаа арван жилийн хүүхдүүд есдүгээр сарын 1-нд багшдаа цэцэг барьж очдогийг болиулна гэж амласан. Учир нь үүнийг авлигын бас нэг жижиг хэлбэр, үүнээс болж багшдаа цэцэг авах боломжгүй ядуу айл өрхийн хүүхдүүд анги дотроо гадуурхагдахад хүрдэг хэмээн тайлбарласан. Уг нь бол хичээлийн шинэ жилээр багш анги даасан багшдаа сагс дүүрэн цэцэгтэй очино гэдэг лав муугийн ёс биш, харин ч хүүхэд бүрийн мөрөөдөл байж магадгүй. Гэвч нэг ангид суугаа 30 хүүхдийн тав нь л багшдаа цэцэгтэй очдог, тал хувь нь бол “дараа жил заавал цэцэг авч өгөөрэй” гэж аав ээжээсээ гуйна. Харин үлдсэн 30 хувь нь мөрөөдөөд л үлддэг. Үүнээс болж анги дотор хүүхдүүд амьдрал ахуй, чадал чинээгээрээ ялгарах, чадал багатай айлын хүүхдүүд гадуурхагдах, үүнээсээ болж сурлагын идэвхи ч гэсэн буурах сөрөг үзэгдэл гардаг тухай удаа дараа УИХ-д сонгогдож байсан Сүхбаатар дүүргийн гэр хорооллын сургуулиудаар жишээ аван сайд ярьж байна. Нэг багшид 150 мянган төгрөгөөр цэцэг авч өгч байна, айл болгон ийм чадалтай болчихсон юм уу. Үнэхээр багш нараа хүндэлмээр, баярлуулмаар байгаа бол сургуулийн захиргаа нь өөрөө цэцэг авч өгдөг болох хэрэгтэй. Хүүхдүүдээ хар багаас нь ингэж ялгаварлалд оруулаад, хүний гар цайлгаж сургаад байж болохгүй шүү дээ гэж. Үнэхээр үл анзаарагдам боловч бодууштай санаа. Гэхдээ үүнээс давж харах ёстой олон зүйл байна аа, Лу.Гантөмөр сайд аа.
Сурах бичиг бизнес мөн үү?
Монгол Улсын хуулиар ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох ёстой. Үүнийгээ дагаад хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс даадаг болсон. Харин сүүлийн үеэст анзаараад байхад энэ нь хүүхдүүдийн сургууль боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт, өрхийн төсөвт үзүүлж буй дэмжлэг гэхээсээ илүү Боловсролын яам, хэвлэлийн компаниуд хоёрын дундын бизнес болоод хувирчихсан байна. Намрын намарт хэвлэлийн компаниуд хоорондоо тендерийн хэрүүл хийхээс биш сурах бичгийн чанар, агуулгын тухай ярьдаг хүн байхгүй. Тэртэй тэргүй үнэгүй өгч байгаа сурах бичгийн чанарын тухай ярьдаг, хуудсыг нь нээж хардаг эцэг эх ч байхаа больж. Үүнээс болоод сурах бичгийн стандарт, шаардлага гэдэг юм байхаа больж, сургууль бүхэн нэг өөр сурах бичигтэй, багш болгон өөр өөр заах аргатай, нийтлэг үнэлэмж, стандарт мэдлэг гэж байхаа больсон байна. Хэвлэлийн компаниудад эрхийг нь өгчихсөн, хэвлэсэн ном бүрийг нь худалдаж авдаг болсоноос зургаан настай хүүхдийн сурах бичиг гэж газар зүйн атлас шиг том болж, хуруу зузаарав. Хичээлийнх нь программ гурван жилээр сунасан байхад сурах бичиг нь гурав дахин зузаан болно гэдэг юу гэсэн үг вэ. Бодвол намын шагналыг зохиогч болон хэвлэлийн компаниудад хуудсаар нь үнэлж өгдөг болохоор тэр биз хэн олон хуудастай ном бичиж, хэн түүний хэвлэлтийн тендерийг авсан нь хождог биз. Харин насандаа ахадсан том цүнх үүрсэн зургаан настнууд жилийн дараа гэхэд нурууны бөгтийж, шохойжоод эмнэлгийн хаалга татаж байна. Хичээл зааж байгаа багш нар нь ч гэсэн бидний багш нар “сайн суралцах нь зөв сууж сурахаас эхэлдэг” гэдгийг бага насны хүүхдүүдэд зааж сургахаа больсоны гай. Хөдлөх болгондоо мөнгө төлдөг өнөөгийн нийгэмд байтугай өмнөх нийгмийн үед эцэг эхчүүд маань хүүхдийнхээ сурах бичиг, дүрэмт хувцасыг худалдаж авч болоод л ирсэн. Харин үнэ цэнэгүй бүхнийг хэрэглэж байгаа бидний хүүхэд өөрөө үнэ цэнэтэй хүн болж чадах уу?
Хүүхдийн хувцасны үйлдвэртэй болохсон
Одоо хичээл эхэлсэний дараа сурагчийн дүрэмт хувцас гэж бас нэг том “бизнес” цэцэглэнэ. Сургууль болгон өөр өөрийн дүрэмт хувцастай байж болно гэсний балгаар сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нар гахай үүрээд Эрээн явдаг, тэндээс баахан хямд, чанаргүй материал дарж ирээд сурагчийн дүрэмт хувцас оёулах нэрээр бизнес эрхэлдэг болсон гэнэ. Ихдээ л 20-30 мянгаар үнэлж зарсан дүрэмт хувцас нь хагас жилийн насгүй, бөөсөрч ноолроод нөгөө муу хэдэн хүүхэд нь хамуутай даага шиг навсайж явах. Уг нь хүүхдийн хувцасыг биед дулаан, чийг татдаггүй, чанартай, ноосон болон даавуун материалаар хийж, загварын хувьд хөдөлгөөнд саад болохооргүй, хүүхдийн биед сайн сууж өгөхөөр ёстой гэдэг бас нэг стандартын шаардлага байдагсан биш билүү. Харин манайхны сургуулиудын сурагчиддаа оёулж байгаа дүрэмт хувцас аль ч шаардлагыг хангахгүйн дээр сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нар сургалтын чанар, хүүхдийн хүмүүжил гэдэг үндсэн ажлаа умартаад сурагчийн дүрэмт хувцас, сурах бичгээр бизнес хийдэг болсон байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн тоог нэмнэ, сургалтын чанарыг сайжруулна гэж ярьж байгаа Боловсролын шинэ сайдаас хамгийн түрүүнд сурах бичгийн чанар стандарт, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэр хоёрт анхаарал хандуулж өгөөч ээ гэж хүсэх байна. Цагдаагийн 7000 ажилтаныг хувцаслахын төлөө бүхэл бүтэн үйлдвэр тэжээж болдог юм чинь хүүхдүүдийнхээ төлөө яагаад чадахгүй гэж. Гол нь сонголттой, чанартай л байхад болоо шүү дээ.
Хувийн цэцэрлэгт хүүхдээ өгье
Өнөөдөр нийслэлд цэцэрлэгийн насны 160 гаруй мянган хүүхэд байдгаас дөнгөж 60 хувь нь цэцэрэгт хамрагддаг, үлдсэн 40 хувь нь гэртээ цоожтой үлдэх, эсвэл гудамжинд өсөх гэсэн хоёр сонголттой тулаад байгаа. Залуу гэр бүлийн ажилгүйдлийн тал хувь нь хүүхдийг нь асрах хүн байхгүй, цэцэрлэг ясли олддоггүйтэй холбоотой, энэ хэрээр өрхийн орлого буурч, амьдралын түвшин доройтож байгаа тухай ярьж, бичдэг. Хэдийгээр цөөн тооны хувийн цэцэрлэгүүд ажиллаж байгаа ч төлбөр нь өндөр. Гэр хороололд ажиллаж байгаа хүүхдийн цэцэрлэгийн сарын төлбөр 200-250 мянга, хотын төвийнх нь бол 300-400 мянга байх жишээтэй. Гэтэл жирийн дундаж өрхийн сарын орлого хэд байгаа билээ. Үүнээс болоод намрын намарт “Цэцэрлэгт хүүхэд оруулж өгөх танил тал байна уу” хэмэн эрэл сурал болж, их, дээд сургууль, цалин өндөртэй албан тушаалд зуучлах гэж байгаа юм шиг л шан харамж болдог. Цэцэрлэгүүдийн тоог нэмэх, шинээр барих нь төрийн үйлчилгээ, хүлээх үүрэг мөн боловч нэгэнт бий болчихсон хувийн цэцэрлэгүүдэд төсвөөс тодорхой хэмжээний татаас өгч, урсгал зардлыг нь ч болтугай санхүүжүүлдэг бол төлбөр нь тэр хэрээр хямдарч, эцэг эхчүүдийн нуруун дээр ирж байгаа ачаа хөнгөрөөд, төсвөөс гарч байгаа үргүй зардал ч гэсэн буураад ирэх биш үү? Хэрвээ зөвхөн төсвийн хөрөнгөөр барьж байгуулах, сургууль, цэцэрлэгүүдийг хүлээвэл энэ дөрвөн жилд лав багтахгүй. Адилхан л ард түмний хүүхдийг сургаж байгаа цэцэрлэг, багш нарт хувийн, улсын гэх ялгаа зааг тавьж, нэгийг нь тэтгэдэг, нөгөөг нь хаждаг байж болох уу. Энэ талаарх таны байр суурь, бодсон бодлого салбарын нэгдсэн бодлогын хаахна нь явна вэ гэдгийг эрхэм сайдаас асууя.
Б.СЭМҮҮН
URL: