ОХУ БАЙГАЛЬ НУУРТАА ХОЁР ИХ НАЯД, ХАРИН МАНАЙХ ХӨВСГӨЛДӨӨ 10 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ
ОХУ-ын Засгийн газар Байгаль нуураа хамгаалахад 58 тэрбум рубль буюу хоёр их наяд орчим төгрөг төсөвлөжээ. Тус улсын Байгаль орчны сайд Сергей Донскойн мэдээлснээр Байгаль нуурыг хамгаалах найман жилийн хөтөлбөр боловсруулсан байна. Тэр их хөрөнгийг Холбооны төсөв, бүс нутгуудын болон төсвийн бус эх сур валжуудаас хэдийнэ бүрдүүлжээ. Түүний тал орчим хувийг нуурын усыг цэвэршүүлэх, 20 хувийг нуурт байгаа хаягдлыг цэвэрлэхэд зориулах аж. Жил бүр Байгаль нуурыг зорин ирдэг хэдэн зуун мянган жуулчин эргийн дагуу их хэмжээний хог хаягдал бий болгож, улмаар нуурын эко системд заналхийлэх болсон. Тиймээс дэлхийн цэнгэг усны тавны нэгийг агуулдаг хамгийн том нөөц болох Байгалийг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг нь хадгалахын тулд хойд хөрш энэ мэт дорвитой алхам хийсээр байгаа билээ.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газар цэнгэг усны нөөцөөрөө Байгалийн дараа ордог Хөвсгөл нуураа хамгаалахын төлөө юу хийж, хэдэн төгрөг төсөвлөдөг юм бол? Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр “Зөвхөн Хөвсгөл нуурын хамгаалалтад зориулж Засгийн газраас хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй. Улсын тусгай хамгаалалтад авсан тэр орчмын таван газрыг хамгаалахад төрөөс 140 орчим сая төгрөг төсөвлөсөн байдаг. Үүний 80 гаруй хувийг нь байгаль хамгаалагч, ажилтан, ажилчдын цалин хөлсөнд зарцуулдаг. Үлдсэн 20 орчим хувийг техник, төхөөрөмж, бензин, түлш болон Хөвсгөлийн хамгаалалтад зарцуулдаг. Ингээд бодохоор яг нуураа хамгаалах ажилд 10 хүрэхгүй хувийг л зарцуулдаг байх. Манай байгууллага 50 байгаль хамгаалагчтай байх ёстойгоос одоо 32 хүнтэй л ажиллаж байгаа нь нөгөө л мөнгө санхүүгийн асуудалтай холбоотой. Тэгэхээр нуурыг хамгаалах ажил ямар байх нь тодорхой. Одоо шинэ Засгийн газар энэ тал дээр илүү анхаараасай” хэмээсэн.
Хөвсгөл далайгаа ариун, цэнгэгээр нь хамгаалж, хадгалан үлдээхэд анхаарч, энэ асуудалд ач холбогдол өгөн, төр болон олон нийтийн анхаарлыг тэр зүгт хандуулах зорилгоор “Өнөөдөр” сонин байнгын булан хөтлөн явуулдаг билээ. Энэ асуудлыг 20 гаруй жилийн өмнө анх хөндөж, гаргаж тавьсан хүн ч манай сониныг үндэслэгч Бал эрхлэгч. Тэгвэл Хөвсгөл далайг хамгаалахад Н.Алтан хуяг сайдын толгойлсон Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам дорвитой мөнгө төсөвлөх хэрэгтэй байгааг танин мэдэхүйн хэдхэн жишээнд тулгуурлан гаргаж байна. Өмнө нь ч бид энэ талаар дуугарч байсан. “Далай” хэмээн бидний өргөмжилж, шүтэж, хайрлаж ирсэн Хөвсгөл нуур Монголдоо хамгийн гүн нь. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсдаг. Улсынхаа цэнгэг усны 70, дэлхийн 0.4 хувийг эзэлдэг Хөвсгөлд 96 гол, горхи цутгадаг бөгөөд эндээс эх авдаг Эгийн гол Сэлэнгэ мөрөнд цутган, цааш 1000 гаруй км зам туулан Байгаль нуур хүрнэ. Дэлхий дээрх хамгийн эртний арван хэдэн нуурын нэг, хоёр сая гаруй жилийн настай гэхээр Хөвсгөл зөвхөн Монголынх биш, дэлхийн хэмжээнд анхаарах ариун дагшин газар гарцаагүй мөн.
Хөвсгөл нуур Эгийн голоор дамжин Байгаль нуурт цутгаж, усных нь 60 орчим хувийг хангадаг. Байгаль нуур цааш салаалан урссаар Хойд мөсөн далайн ай савд цутгана. Тэгэхээр Монголоос эхтэй Хөвсгөл ертөнцийн нөгөө туйлд орших мөсөн далайтай хүйн холбоотой. Нүдэнд ил харагдахгүй модны үндэс лугаа бие биеэсээ хамааралтай энэ холбоо хүн төрөлхтөнд ч хамаатай. Учир нь жилээс жилд татарч, ширгэж алга болж буй гол, мөрөн, цэнгэг усгүйгээр дэлхий оршин тогтнож чадахгүй. Энэ бүх асуудал Хөвсгөл далайг яаралтай хамгаалах шалтгаан биш гэж үү. Бал эрхлэгчийн хэлсэнчлэн “Усны төлөөх тэмцэл бол амьдралын төлөөх тэмцэл юм”. Хөвсгөл нуур далайн түвшнээс 1200 орчим метрийн өндөрт оршдог, гадаргуу, талбай, усны нөөц, тэжээллэг чанараараа Байгаль нуураас харьцангуй бага, ус нь хагас мянган жилд нэг сэлгэдэг гэдгийг судлаачид тогтоосон.
Тэгэхээр Хөвсгөлийн эмзэг эко систем алдагдвал богино хугацаанд татарч алга болох өндөр эрсдэлтэй хэмээнэ. Тиймээс Монголын төр, засаг Далай ээжийг аврахад оросууд шиг хэдэн их наядаар нь хөрөнгө гаргаж чадахгүй юм гэхэд Хөвсгөлийг ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгүүлж, дэлхийн хамгаалалтад оруулахаар ажиллаж буй “Хөвсгөл-Хөх сувд” зэрэг олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагуудыг бодлогын хэмжээнд дэмжмээр юм. Байгаль эхээ хамгаалж, хайрлах иргэдийн үзэл бодол сүүлийн үед ихэд өөрчлөгдсөн. Одоо төр, засгийнхны ээлж.
Э.ХАНА
mongolnews.mn
URL: